Я.Батсуурь: “Энержи ресурс” компани хүнд байдалд орсон үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрийн дэмжлэг тусламж гуйх ёстой

Д.Тулга / Эдийн засаг

batsuuri

“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьтай ярилцлаа.

-Таван толгойн асууд­лаар улстөрчид талцаж, таныг хүртэл хэсэг хуга­цаанд баривчилж хорилоо.Яг юу болсон талаар эхлээд ярих уу?

-“Эрдэнэс Таван толгой” ХК 2011 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж 2012 оноос Зүүн Цанхийн уурхайгаас нүүрсээ Хятад руу экспортолж эхэлсэн. Энэ үед Австралийн “Макмахон лимитед” компаниар Зүүн Цанхийн олборлолтыг гүйцэт­гүү­лэхээр таван жилийн хуга­цаатай гэрээ байгуулсан. Мөн тэр үеэс Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч Зүүн Цанхийн нүүрсээр эргүүлэн төлөх, төлж дууссаны дараа дахин таван жилийн хугацаанд тэр үнээрээ Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг нийлүүлэх гэрээ ч бас хэрэгжиж эхэлсэн. Ингэж л “Эрдэнэс Таван Толгой” компани Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Харамсалтай нь “Чалко” компаниас урьдчилгаа мөнгө авч гэрээ байгуулахдаа зах зээлийн ханшаас доогуур үнээр нүүрсээ нийлүүлэх үүргийг манай тал хүлээсэн. Нөгөөтэйгүүр олборлолтын үйл ажиллагааг “Макмахон” компаниар зах зээлийн ханшаас харьцангуй өндөр үнээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнүүдийг байгуулах үед Австралид үер болж улмаар нүүрсний үнэ огцом өсч тонн тутам 200-300 ам.долларт хүрч байсан. Ийм үед энэ хоёр гэрээ аль аль талдаа ашигтай байсан байх. Гэтэл2012 оны сүүлчээс эхлээд нүүрсний үнэ зах зээл дээр эрс унаж эхэлсэн. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой” компанидээрх хоёр гэрээг биелүүлэх, мөрдөх боломж хомсдсон. Яагаад гэвэл гэрээг анх байгуулсан хэлбэрээр нь мөрдөөд явбал тус компани олборлож экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас 10-20 ам.доллар алдах эрсдэл хүлээх гээд байсан юм. Тийм учраас тэр гэрээнүүдийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан юм.

-Гэрээ өнөөдрийг болтол өөрчлөгдөөгүй. Хүндрэлээс гарах ямар боломж байсан юм?

-Нэгэнт байгуулсан гэрээг өөртөө ашигтай болгож орвонгоор нь өөрчлөх асуудал бол тун хэцүү л дээ. Тийм учраас бид Баруун Цанхийн уурхайг 2013 онд шинээр нээж нүүрсээ хямд зардлаар олборлож зах зээлийн өндөр үнээр борлуулах ажлыг эхлүүлсэн. Үндэсний “Хишиг арвин индустриал”, МНО, Мера гэсэн гурван компанийн хамтарсан “Монгол уурхайчин” түншлэл Баруун Цанхийн олборлолтыг Авст­ралийн Макмахон компаниас харьцангуй хямд зардлаар сайн явуулж байгаа. Монгол­чууд ч Таван толгойн төслийг өөрсдөө хэрэгжүүлж чадна гэдгийг амьдрал дээр нотолж байгаа. Баруун Цанхийн экспортоос бид харьцангуй өндөр ашиг олдог. Харин Зүүн Цанхийн олборлолт экспортоос бидих хэмжээний алдагдал хүлээдэг учраас Баруун Цанхиас олсон ашгаараа Зүүн Цанхийн алдагдлыг нөхөж ирсэн. Тиймээс бид Зүүн Цанхийн олборлолтыг өнгөрсөн оноос эхлэн түр зогсоосон юм. Гэрээний нөхцөлөө сайжруулах, гэрээг харилцан ашигтай болгохын тулд “Чалко” болон “Макмахон” компаниудтай сүүлийн хоёржил гаруйн хугацаанд тун идэвхтэй халуун, ширүүн яриа хэлэлцээг хийж байна. Энэ талаар тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хараахан эцэслэн тохиролцож чадаагүй байгаа. Одоо ч яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа. Энэ хоёр гэрээг сайжруулчихвал “Эрдэнэс Таван Толгой” ХК урт хугацаанд өнөөдрийнхөөс илүү өндөр ашигтай ажиллах бүрэн боломжтой. Тийм боломж уг нь ойрхон болсон.

-Ямар агуулгатай гэрээ хийх гэж байсан юм бэ?

-Зүүн Цанхийн уурхайн олборлолтыг “Макмахон”,” “Чалко” компаниуд хамтарч гүйцэтгэснээр “Чалко” компани манайхаас худалдан авдаг нүүрснийхээ үнийг нэмэх, “Макмахон” компани олборлолтын зардлаа бууруулахаар урьдчилан тохиролцсон юм. Ингэснээр “Эрдэнэс Таван Толгой” ХКЗүүн Цанхийн уурхайгаасаа тогтмол ашиг олох боломжтой болно. Хэрэв энэ хэлцэл бүтсэн бол бид “Чалко”-гийн өрийг нэмж зардал гаргалгүйгээр төлж барагдуулах байсан юм. Харамсалтай нь тэр яриа хэлэлцээг “Чалко”-гийн зүгээс эцсийн шатанд зогсоосон. Тэд “Эрдэнэс Таван Толгой” “цаасны” компани болж бүх уурхай, үйл ажиллагаагаа “Шинхуа энержи”, “Энержи ресурс”-т шилжүүлэх гэж байгаа учирасуудлыг ингэж шийдэх боломжгүй боллоо л гэсэн.

-Ер нь “Чалко”-гийн өр хэд үлдчихээд байгаа юм бол?

-130 гаруй сая ам.долларын өр үлдсэн. Өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын 268 дугаар тогтоол гарч стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээ эхэлснээр “Чалко”-гийн өрийг төлөх асуудлыг зогсоосон. Тийм учраас өнөөдөр хүү нь нэлээд нэмэгдэж байгаа. Жилийн 10.4 хувийн торгуулийн хүү тооцогдож байгаа учир өрийн хэмжээ хүүтэйгээ нийлээд 140 сая ам.долларт хүрч байгаа байх.

batsuuri-Танайх байгуулагд­санаасаа хойш гуравхан жилийн дотор экспортоо эрс нэмэгдүүлж,өнгөрсөн онд манай улсын хамгийн томнүүрс экспортлогч компани болсон гэх. Богино хугацаанд ингэж томорсны учир нь юу юм бол...

-2012 онд бид анх 2.5 сая тонн нүүрс экспортолсон. 2013 онд нүүрсний зах зээлийн үнэ унасан учраас экспортоо багасгаж 2.1 сая тонн болгосон байдаг. Сүүлийн жилүүдэд бид компанийнхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд юуны өмнө менежмент, компанийн засаглалаа сайжруулсан. Илүү дутуу зардлуудыг ихээр хэмнэж орон тоогоо цомхотгосон. Зардал бууруулах талаар бидний хийсэн хамгийн гол ажил гэвэл нүүрсээ Цагаан хадаар дамжуулалгүйгээр уурхай дээрээ шууд гаалийн бүрдүүлэлт хийж хил давуулан Ганц мод руу нийлүүлдэг болсон юм. Үүний үр дүнд нийт зардлаа 30 орчим хувиар хэмнэж чадсан. Хэмнэсэн зардлынхаа хэмжээгээр зах зээлд өрсөлдөхийн тулд нийлүүлэх үнээ бууруулсан. Зах зээл унасан учир үнээ буулгахаас өөр арга байгаагүй. Эдгээрийн үр дүнд өнгөрсөн2014 онд 5.8 сая тонн нүүрс экспортолсон. “Эрдэнэс Таван толгой” компани ингэж л хамгийн их нүүрс экспортолсон компаниар шалгарсан. Улсын хэмжээнд “Эрдэнэт” үйлдвэрийндараа орох хоёр дахь том татвар төлөгч болж чадсан юм шүү. Нүүрсний зах зээлийн үнэ гурав дахин унаж, дэлхийн олон нүүрсний уурхай хаагдаж, үйлдвэрлэл экспортоо бууруулж байхад бид экспортоо бараг гурав дахин нэмэгдүүлсэн явдал бол манай компанийнхны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын үр дүн. Ингэж зардлаа эрс бууруулж, менежмент, засаглалаа сайжруулж, экспорт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр Монголын хамгийн том экспортлогч болж бусад нүүрсний компаниудыг зах зээлээс шахаж эхэлсэн нь үнэн.Тухайлбал, өнгөрсөн онд “Энержи ресурс”, “Таван Толгой” компаниудын экспорт эрс буурч, тэдний борлуулалтын зах зээлийг нь манайх эзэлсэн шүү дээ.

-“Энержи ресурс”-ын нөхцөл байдал тийм хүнд болчихсон хэрэг үү?

-“Энержи ресурс” бол манай улсын нүүрсний том компани. Угаах үйлдвэр, цахилгаан станц,засмал зам, сургууль, ажилчдын хотхон зэрэгмаш их бүтээн байгуулалт хийсэн.Үүнтэй нь “Эрдэнэс Таван толгой” компанийг харьцуулж, бүтээн байгуулалт хийсэнгүй хэмээншүүмжилдэг. Гэхдээ “Энержи ресурс” компани энэ их бүтээн байгуулалтыгхийхийн тулд бараг Чингэс бондтой тэнцэх хэмжээний зээл авсан. Дэлхийн зах зээл дээр нүүрснийүнэ өндөр байх оргил үед тэд их хэмжээний зээл авсан. Гэтэл өнөөдөр хямрал нүүрлэж нүүрсний үнэгурав дахин унаснааравсан зээлээ эргүүлэн төлөх боломж“Энержи ресурс” компанид хязгаарлагдмал болсон. Нөгөө талаас нүүрс борлуулах зах зээлийг нь “Эрдэнэс Таван толгой” ХКэзлээд гараад ирсэн. Муугийн жишээ болж элдвээр хэлүүлээд байсан“Эрдэнэс Таван толгой” компани эсрэгээрээ ашигтай ажиллаад эхэлсэн. Үнэндээ бид “Энержи ресурс”-ийг дуурайж нүүрсний үнэтэнгэрт хадаж байх үед их хэмжээнийзээл авсан бол өнөөдөрбас тэднийхтэй адил хүнд байдалд орох байсан. Манай хоёр компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаас харвал "Эрдэнэс Таван толгой “ХК ашигтай, Энержи ресурс компани алдагдалтай ажилласан байгаа.Манай компани борлуулж буй нүүрснийхээ тонн тутмаас 5.4 ам.долларын ашиг олдог бол “Энержи Ресурс” есөн ам.долларын алдагдал хүлээдэг.Өнгөрсөн онд “Энержи ресурс” компанийн экспортлох нүүрсний хэмжээ хоёр дахин буурсан байхад “Эрдэнэс Таван толгой” компанийнх гурав дахин өссөн байх жишээтэй.

-Таны үед Таван толгойн ордод стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ,хэлэлцээг хийх ажлын хэсэг Засгийн газраас байгуулсан. Тэр ажлын хэсгийн ажил ямар явцтай байсан юм бэ?

-Таван толгойн төслийг эрчимтэй, далайцтай явуулахын тулд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийж байсан хэлэлцээрийг бид үргэлжлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнөэнэ талаархи анхны яриа хэлэлцээ хийгдсэн. Тэр үедЧ.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан. Анхны тендерт зургаан компани шалгарсан байсан. Тэднээс бид богино жагсаалтад“Шинхуа энержи”, “Пибоди энержи” гэсэн хоёр компанийг сонгож аваад урт хугацаанд хамтран ажиллах талаар хоёр дахь шатны яриа хэлэлцээг бараг таван сарын турш явуулсан. Ажлын хэсгийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж миний бие яриа хэлэлцээг хийж байсан. Яриа хэлэлцээ үр дүнтэй байсан.

“Эрдэнэс Таван толгой” компани энэ хоёр компанитай хамтарч байгуулах төслийн компанийнхаа 51 хувийг эзэмшихээр тохирсон бөгөөд “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжилт гаргахгүй,харин “Шинхуа энержи”, “Пибоди энержи” компаниуд 49 хувийг эзэмшиж санхүүжилт болон менежментийгхариуцан жилд30 сая тонн нүүрсэкспортлох, төмөр зам, угаах үйлдвэр барих зэрэг үндсэн асуудал, зарчмаа тохиролцсонсанамж бичигт гарын үсэг зурахаарбэлэн болоод байсан юм. Си Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үеэр үндсэн гэрээ­нүүдээ байгуулаад 2014 ондообагтаан хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцаж байсан.

Гэтэл санамж бичигт гарын үсэг зурахаас хэдхэн хоногийн өмнө Ч.Сайханбилэг сайд “Аюулгүйн зөвлөлөөс өөр шийдвэр гарсан учраас энэ яриа хэлэлцээгээ зогсоо, санамж бичигт гарын үсэг зурахгүй. Танайх “цаасны” компани болно. Танай эзэмших 51 хувийг“Энержи ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явахаар боллоо” гэсэн. За ингээд л үүнээс хойш бүх яриа хэлэлцээ “Шинхуа энержи”, “Энержи ресурс”-ын оролцоотойгоор шинэ хэлбэрээр явагдаж эхэлсэн дээ. Мэдээж энэ талаарх сурталчилгааны ажил маш эрчтэй явсныг олон нийт мэдэж байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компанийг муу ажилласан, дампуурсан, их өр зээлтэй, ашиггүй ажилладаг, төр муу менежер гэдгийг харууллаа, гүйцэтгэх захирал нь ажлаа хийж чадаагүй гэх мэтээр хар PR олон сарын турш үргэлжилсэн. Дараа нь “Энержи Ресурс”, MCS компаниудыг магтах сурталчилгаа бас олон сар явсан. Намайг муулж болно. Харин энэ их ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэж байгаа манай компанийн олон зуун ажилчдыг ингэж гүтгэж муулж арай ч болохгүй. Тиймээс би хамт олныхоо хөдөлмөр бүтээлийг бодит үнэнээр нь олон нийтэд хүргэе гэж бодож байна.

-Ер нь өнөөдөр УИХ-д өргөн барьсан гэрээний төслийн энэ хувилбарыг та дэмжихгүйбайсан учраас шоронд орсон юм биш үү. Таван толгойн төслийг төр удирдаж чадахгүй байгааг харуулахын тулд Г.Дэнзэнг ч гэсэн баривчилсан ч юм шиг...

-Би арай тэгж бодохгүй байна.

-“Энержи ресурс” компани Таван толгойн ордын Ухаа худагийн хэсгийг хэл амтай авсан. Ухаа худагийн хэсэг бол 460 орчим сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ нөөц дуусах битгий хэл дундаа ч ороогүй байх. Тэгвэл энэ компани Таван толгойн ордыг бүхэлд нь авахыг санаархаад байгаа юм байна гэж ойлголоо. Яагаад тэр вэ?

-Тэд Ухаа худагаа чамлаж илүү ихийг авъя гэж шунаагүй байх. “Эрдэнэс Таван толгой” компани дампуурах гэж байна, бид л авахгүй бол болохгүй нь гээд төр түмний төлөө санаа зовоод байгаа нь ч худлаа. Харин тэд Таван толгойн ордыг бүхэлд нь авахыг санаархах болсон нь дараахь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, миний сая ярьснаар “Эрдэнэс Таван толгой”, “Шинхуа энержи”, “Пибоди энержи” гурав хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн бол Монгол Улсаас Хятадад нийлүүлэх экспортыг энэ консерциум дангаараа хийж бусад компанидорон зай үлдэхгүй байх байсан болов уу. Ялангуяа Таван толгойн ордоос “Энержи ресурс” экспорт хийх боломж хаагдах байсан. Яагаад гэвэл бид төмөр замаа өөрсдөө тавьчихна. Хятадын зах зээлд шаардлагатай хэмжээний нүүрсийг жилд 30-40 саяар нь олборлоод нийлүүлчихнэ. Энэ нь бусад компанид хүндээр тусах байсан. Хоёрдугаарт,бид үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж өнгөрсөн ондманай улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг, энэ оны эхний улиралд 50 хувийг тус тус дангаар нийлүүлэх болсноор Таван толгойн орд дээр үйл ажиллагаа явуулж буйбусад компанийг хүнд байдалд оруулсан. Тэднийг зах зээлээс шахсан.Гуравдугаарт,”Эрдэнэс Таван толгой” компанийн Цанхийн хэсгээсодоо олборлож буй нүүрс нь “Энержи ресурс” компанийн Ухаа худагаас олборлож буй нүүрснээс харьцангуй чанар сайтай. Ухаа худагийн нүүрсний биет нь босоо тогтоцтой учир хөрс хуулалт ихтэй, олборлолтын зардал өндөр. Цанхийн хэсгийнх нь хэвтээ тогтоцтой учир олборлолтын зардал бага байдаг. Нөгөөтэйгүүр Таван толгойн ордындээд давхаргын нүүрс нь харьцангуй сайн чанартай.“Эрдэнэс Таван толгой” компани өнгөн хэсэг буюу дээд давхаргын нүүрсээ одооолборлож байгаа учраас нүүрс нь чанарын хувьд илүү байгаа. Ийм л гурван үндсэн шалтгааны улмаас тухайн үеийн яриа хэлэлцээрийг зогсоож “Эрдэнэс Таван толгой”-г “цаасны” компани болгож, “ Энержи ресурс”-ыгманай эзэмших байсан 51 хувь дээр оруулах асуудал боссон байх гэж боддог. Товч хэлэхэдбид сайн ажиллаж, манай компани хөл дээрээ босчнүүрсний зах зээлээс бусдыг ингэж шахаагүй бол,“Шинхуа энержи”, “Пибоди”-гийн хөрөнгө оруулалтыг татах талаар үр ашигтай яриа хэлэлцээ явуулаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан л даа.

-Таван толгойн ордыг ашиглах талаар одоо УИХ-д өргөн баригдаад байгаа гэрээ хэлэлцээр маш их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч УИХ-аар дэмжигдэхгүй байх магадлалтай болоод байна...

-Уг нь Таван толгойн хөрөнгө оруулагчийг шийдэх гэж ингэж яарах хэрэггүй гэж би хувьдаа боддог. Зах зээл хямралтай,нүүрсний үнэ ойрын жилүүдэд өндийх янзгүй байгаа энэ үед бид хамгийн хямд муу нөхцөлөөр л гэрээ хийнэ. Одоо явагдаж байгаа гэрээний нөхцөлүүд бол 2012 оны сонгуулийн өмнө хийж байсан яриа хэлэлцээрээс хэд дахин муу байгаа. Ер нь хямралын үед ядарсан, аргаа барсан хүн л юмаа хямдхан зардаг биз дээ. Мөнгөтэй нэг нь хямдарсан үед нь худалдаж авах гээд анаад сууж байгаа. Таван толгойн хувьд нэг тийм л юм болох гээд байна. Яг одоо их хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт хийвэл “Энержи ресурс” шиг зээлээ буцаан төлж чадахгүй хүндрэх магадлалтай. Тийм учраас зах зээлийн байдал сайжиртал тодорхой хугацаанд хүлээж, асуудлыг нухацтай ярилцаж, судалж шийдэх нь ч оновчтой байж магадгүй. Тэртэй тэргүй “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа гуравхан жилийн дотор эрчимжиж, манай улсын нүүрсний хамгийн том экспортлогч,хоёр дахь шилдэг татвар төлөгч болоод байгаа учир энэ чигээр нь хэдэн жил явуулахад буруу зүйл байхгүй. Хэрэв “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаанд эргэлзэж байвал ХААН банкнаас тус компанид зээл олгохдоо хийсэн шалгалтын дүнdue diligence, зарим олон улсын болон төрийн аудитаас хийсэн аудитын дүгнэлтүүдийг үзээрэй.Одоо яригдаж байгаа хувилбараар “Эрдэнэс Таван толгой” ХК цаасны компани болбол иргэдийн эзэмшлийн 1072хувьцаа мөн цаас болно. Ингэснээр “Эрдэнэс Таван толгой” компани үйл ажиллагаа явуулахгүй учир IPO хийж олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа өндөр үнэ хүргэж арилжиж чадахгүй болж, иргэдийн хувьцаа үнэгүйднэ.Хэдийгээр тусгай зөвшөөрөл нь төрд үлдэж байгаа боловч 60 жилийн дараа нөөц нь дуусаад лиценз нь ч бас хоосон цаас болно. Ер нь товчхондоо энэ бол Монголын төр болон иргэдэд хамгийн ашиггүй хувилбар.

-Өөр ямар хувилбар байж болох юм?

-Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг зах зээл сайжрахыг хүлээхгүй заавал одоо шийднэ гэвэл иймхувилбаруудыг судлах хэрэгтэй. Нэгдүгээрт, миний түрүүнд ярьсан “Эрдэнэс Таван толгой” компани төслийн компанийнхаа51 хувийг эзэмшиж,49 хувь дээр“Энержи ресурс”, “Шиньхуа энержи” хоёр хамтраад оролцох боломжтой. Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” компаниуд тус тусдаа олборлолт хийж,борлуулалт болон дэд бүтцийн асуудлаа “Шиньхуа энержи”-тэй хамтарсан компани байгуулах замаар шийдээд явах бас нэг зам бий. Энэ маягаар хамтран ажиллах арга замыг манай хоёр компани өмнө нь ярилцаж судалж бай­сан. УИХ-д өргөн барьсан одоогийн хувилбар явахгүй бол энэ хоёр аргыг судлах хэрэгтэй.

-Эдийн засаг хүндэрчихсэн үед Таван толгой л аминд орно гэх юм.Гэтэл гацчихаад байна гэдэг шүүмжлэл бас байна...

-Өнөөдөр Таван толгой дөрвөн тэрбум ам.долларын зээл аваад үйлдвэр барьж босгоно гэхэд нүүрсний зах зээл нь уналттай байна.Зах зээлийн энэ нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилнэ гэсэн судлаачдын таамаглал бий. Ийм байхаднүүрсээборлуулжашиг олоод том зээлээ буцааж төлнө гэдэг бараг лболомжгүй дээ. Яагаад гэвэл нүүрсний борлуулалтаас олдог ашгийн хэмжээ маш бага болсон. Ихэнх уурхай алдагдалтай ажиллаж олон уурхай зогсч хаалгаа барьж байна. Тиймээс их хэмжээний зээлавч хөрөнгө оруулалтхийх цаг нь өнөөдөр биш байх. Харин ч ийм хямралтай үед “Эрдэнэс Таван толгой” нүүрснийхэээкспортыг жилд гурав дахин нэмэгдүүлж,гуч гаруй жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн дараа орох шилдэг татвар төлөгчөөр шалгараад байгаа нь амжилт юм. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХК түүхий нүүрсээ Энержи ресурс компанийн угаасан нүүрснээс илүү үнээр борлуулж байгаа учир зах зээл сайжиртал түүхий нүүрсээ экспортлох нь дээр байх.

-Төрийг муу менежер, хамаг ажлыг гацаадаг гэж үзээд л Таван толгойг хувийн хэвшилд өгөх хандлага давамгайлаад байгаа юм биш үү?

-2009 оны хямралын дараа олон улсын хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд Орос, Хятад, Бразил, Энэтхэг зэрэг БРИК-ийн орнуудын төрийн компаниуд барууны орнуудын хувийн хэвшлийн компаниудаас илүү ашигтай ажилласан байдаг. Сүүлийн үед манайулсынтөрийн өмчит компаниуд ч сайнажиллаж байна шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийг хар л даа. Монголын хамгийн том татвар төлөгч хэвээрээ л байна. Ийм жишээ олныг хэлж болно. Ер нь төр ямар менежер байх нь тэндажиллаж байгаа хүмүүсээс нь л шалтгаална. Манай хамт олон энэ компанийг дампуурлаас гаргаж, хөл дээр нь босгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн. Менежментийн маш чадварлаг,өндөр боловсролтой,дадлага туршлагатай баг бүрдүүлж ажилласны үр дүнд бид ийм амжилтад хүрсэн. Компанийн засаглал, менежментийг сайжруулах талаар бид их зүйл хийсэн. Уурхайн олборлолтыг үндэсний компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлэх болсноор бид элдэв хэл амтай шатахуун, дугуй сэлбэг, хоол хүнс, ажлын хувцасны зэрэгтендер зарлахаа больсон. Нүүрсээ уурхайн аман дээрээс зарж борлуулах болсноор тээврийн үйл ажиллагаа явуулахаа больсон. Цаашид тус компани ийм маягаар үйл ажиллагаагаа туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлээд үр ашгаа өөрөө хүртээд явах бүрэнболомжтой.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төс­лөөс “Шинхуа энержи” гарах гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдах юм. Үнэн болов уу?

-Үгүй байх. “Шинхуа энержи” компани Таван толгойн төсөлд оролцох туйлын сонирхолтой. Тус компанийн удирдлага нь“Бид Таван толгойд оролцох гэж арван жил бэлтгэсэн. Танай Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдвэл сайн байна. Шийдэгдэхгүй бол тэр л биз. Бид тэвчээртэй хүлээнэ” гэж надад удаа дараа ярьж байсан. Манай улсын хилээс Хятадын зүүн эрэг далайд гартал төмөр зам тавьж бэлтгэсэн компани шүү дээ. Шинхуагийн энэ төмөр зам бол Таван толгойн нүүрсэнд зориулагдсан. Тийм учраас “Шинхуа энержи” Таван толгойн төслийг орхиод гарна гэдэг ойлголт байхгүй болов уу.

-Эрдэнэс Таван толгойг “цаасны” компани болгож, “Энержи ресурс”-д ордыг өгөхийн ард талд манай дарга нар тодруулбал 20 гэр бүлийн эрх ашиг яваа гэх юм. Үнэхээр тийм зүйл бий юу?

- Тэр талаар мэдэх юм алга.Үгүй байлгүй дээ. Гэхдээ Монголд томоохонбүтээн байгуулалт босгосон, “Энержи ресурс”-ийг ийм хүнд үед нь ингээддампууруулчихаж болохгүй гэж би боддог. Тэдний ард хэний ч, хэдэн ч гэр бүлийн эрх ашиг бай энэ компанийг дампууруулах нь улс орны эрх ашигт мэдээж нийцэхгүй, ийм хүнд үед нь тэдэнд төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Гэхдээ ингэж дэмжижболохгүй. Түрүүчийн шинэчлэлийн Засгийн газар тэднийг хүндрэлээсгаргахын тулд барьсан авто замыг нь 100 гаруй сая ам.доллараар худалдаж авсан шүү дээ. Уг нь тэд одоо хүнд байдалд орсноо хүлээн зөвшөөрч, үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрийн дэмжлэг туслалцаа гуйх ёстой л доо. Гэтэл тэднийх өөрсдөө маш сайн ажиллаж байгаа мэтээр худлаа ярьж “Эрдэнэс Таван толгой” л дампуурах гээд байгаа мэт буруу ухуулгыг хэтэрхий үрэлгэн хийж байна. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК бол цаашид өөрөө өөрийгөө бие даагаад аваад явчих, үйлдвэрлэл олборлолтоо жил тутам нэмэгдүүлж, өр зээлээ төлж барагдуулах санхүүгийн боломжтой болсон гэдэгт би итгэлтэй байна.

-Таван толгойн ордын 20 хувийг иргэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмших хуультай. Ийм байхад ордоо60 жилийн хугацаатай “Шиньхуа энержи”, “Энержи ресурс” компаниудад бэлэглэх нь гэдэг шүүмжлэл яваад байна...

-“Эрдэнэс Таван толгой” компани бол “Багануур”, “Шивээ-Овоо” компаниудтай адилхан төр болон иргэд хувьцааг нь хамтарч эзэмшдэг хувьцаат компани. Төр бол зөвхөн өөрийн эзэмшлийн хувийг л зарж борлуулах, бусдад шилжүүлэх эрхийг эдлэх болохооос иргэдийн болон аж ахуйн нэгжийн эзэмшлийн хувийг зарж, бусдад шилжүүлэх эрх төрд одоогоор байхгүй. Үндсэн хуулийн дагуу төрийн болон хувийн бүх өмч тэгш эрхтэй учир иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааг төр нөхөн олговрыг нь олгох замаар худалдан авсны үндсэн дээр л энэ эрхийг эдэлнэ. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдээс саналыг нь авалгүйгээр энэ асуудлыг шийдвэл наанадаж компанийн тухай хууль, цаанадаж Үндсэн хуулиа зөрчих болно.

М.Ундрам

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.