Корона вирусын аюул хаалга тогшиж эхэллээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэнд спортын яаман дээр болсон салбарын мэргэжлийн байгууллагуудуудын зөвлөгөөнөөр корона вирусын халдвар Монголд орж ирэх нөхцөл бий эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарчээ. Өөрөөр хэлбэл, уг вирусын халдвар манайд орж ирэх магадлал өндөр, аль хэдийнэ хаалга тогшиж эхэлсэн гэсэн үг юм.

-КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРТАЙ ЭСЭХИЙГ ХИЛ ДЭЭР ШАЛГАН ОРУУЛЖ БАЙНА-

Анх Саудын Араб, Египетэд багваахайд хазуулсан тэмээнээс халдвар гарсан тухай гадны хэвлэлүүд мэдээллэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 1250 хүн өвчилж 449 хүн нас барсан, БНСУ-д 95 хүн өвчилж 9 хүн нас бараад байна. Үүнээс нэг хоногийн өмнө өвчний тохиолдол БНСУ-д 64, нас барсан хүний тоо тавд хүрсэн мэдээлэл бий.

Өчигдрийн байдлаар, манай урд хөрш БНХАУ-д тус вирусын шинж тэмдэг илэрсэн дөрвөн хүн байгаагийн нэг нь нийслэл Бээжин хотод амьдардаг, энэ өвчний халдвар авсан болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хөл хорио тогтоогоод байна.

Одоогоор ямар ч эмчилгээ байхгүй корона вирусын халдвар Монголд орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь тус өвчний эрт үе буюу шинж тэмдэг илрээгүй байхдаа Монголын хилээр нэвтэрсэн иргэн байгааг үгүйсгэх аргагүй юм. Харин корона вирусын халдвар хилээр дамжин орж ирэх эрсдэлийг тооцоолон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст Албан даалгавар хүргүүлжээ.

Хилээр орж ирж байгаа иргэдээр эрүүл мэндийн тодорхойлолт, асуумж бөглүүлэн тандах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх, халдварын голомт дээр байсан эсэх, мөн халдвартай хүнтэй ойр байсан эсэх зэргийг нягтлан, биеийн халууныг нь хянах камер дээр халуун хэмжигч төхөөрөмж байрлуулан шалгаж оруулж байна. Зорчигчид дунд өвчний сэжигтэй тохиолдол гарвал тусгайлан бэлдсэн өрөөнд эмчийн үзлэгт хамруулан, халуурч буй шалтгааныг тогтоох юм.


-БОЛЗОШГҮЙ АЮУЛД МОНГОЛ БЭЛЭН ҮҮ-

Одоогоор Монголд энэ өвчний халдвар илрээгүй. Халдвар илэрлээ гэхэд Монголд энэ төрлийн өвчтөнийг хүлээн авах эмнэлэг ХӨСҮТ байна. Эмнэлгийн зүгээс онц халдвараас тусгаарлах 50 ортой дөрвөн өрөөг чөлөөлж бэлдсэн, эмч мэргэжилтнүүд өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байдалтай болзошгүй аюулын бэлэн байдалд байгаа аж.

ХӨСҮТ-өөс мэдээлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад явуулсан зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулсан. Хилийн тээвэр болон худалдааг хязгаарлаагүй. Хилээр нэвтрэгсдийг халдвартай эсэхийг мэдэхэд маш төвөгтэй, бараг боломжгүй болоод байна. Учир нь энэ өвчний далд үе гэж бий. Мөн халдвар авсан өвчтөнүүдэд өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй гэлээ.

Дэлхий нийт энэ халдварыг эмчлэх ямар нэгэн эм болоод эмчилгээ, сэргийлэх вакцин одоогоор олж нээгээгүй учир манайд ч өвчтөнийг тусгаарлахаас өөр ямар ч арга зам байхгүй. Цаашилбал, уг вирус тархаж байгаа гол шалтгаан өвчтөнийг эмчилж байгаа эмчээр дамжин бусад өвчтөнүүдэд халдварлаж байгаа тул хэрвээ манайд энэ вирус орж ирвэл бид юу ч хийж чадахгүй гэсэн үг.


-ХУВИЙН АРИУН ЦЭВЭР САХИЖ, ТЭМЭЭНИЙ МАХ, ТҮҮХИЙ СҮҮГ ХЭРЭГЛЭЭНЭЭСЭЭ ТҮР ХАСААРАЙ-

Корона вирусын халдвар авсан бол амь эрсдэх магадлал 40 хувь буюу халдвар авсан 10 хүн тутмын гурав нь нас барж байна. Халдвар ихэвчлэн хоёрдогч болон гуравдагч хүнээр дамжин тархаж байгаа тул БНСУ-д зарим сургууль, цэцэрлэгийг амрааж, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг уриалан, гарсан ч амны хаалт хэрэглэхийг сануулж буй юм.

Өвчин гарсантай холбоотойгоор БНСУ-д ажиллаж, сурч, амьдардаг манай улсын иргэд эх орноо зорих магадлал их тул урьдчилан сэргийлэх ажилд иргэд ч хувьдаа анхаарах хэрэгтэй. Үүнд: хувийн ариун цэврээ сайтар сахих, халдвар гарч буй улс орон руу хувийн болон албаны ажлаар зорчихгүй байх, гараа сайтар угааж хэвших, амны хаалт зүүж, ундны усаа буцалгаж хэрэглэх, хоол хүнсний зүйлийг бүрэн боловсруулж идэх, үхсэн тэмээ болон бусад мал амьтанд ойртохгүй, ханиаж найтаахдаа нус цэрээ ил хаяхгүй, биедээ ариутгалын бодис авч явах, тэмээний мах, түүхий сүүг хэрэглээнээсээ түр хугацаанд хасах, олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байх зэргийг анхааруулж байна. Мөн чихрийн шижин, бөөрний дутагдал, уушигны архаг өвчин, харшил, дархлаа зэрэг дарангуйлагдах өвчин эмгэгийг эмчлүүлэх, эрүүлжих хэрэгтэй.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.