Наадмаар мэргэжлийн хяналтын 400 гаруй байцаагч ажиллана

Д.Тулга / Хууль

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт тавьж, зөвлөмж, зөвлөгөө өгөн, гарсан зөрчлийг тухай бүр нь таслан зогсоож байсны үр дүнд олныг хамарсан хоолны хордлого, халдвар гараагүй байна. Харин энэ жил нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид шингэрүүлсэн шатдаг хий ашиглах учир аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллана хэмээлээ.

Энэ жил нийслэлд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 850 орчим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахын зэрэгцээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт явуулын лаборатори ажиллах юм байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллахаар болжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар захирамж гарган мал, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн худалдах цэгийг Ногоон зоорь, Эмээлтэд байлгахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа үйлчилгээ эрхэлсэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг 132 зөрчил илэрснийг энэ жил давтахгүй байхыг анхаарууллаа.

Бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, Наадмын комисс, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнууд морь унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг зөвлөв. Наадмын дараа олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг анхааруулж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.