Ч.Ганхөлөг: Монгол инженерүүдийн оюуны бүтээлийг АНУ руу экспортлож эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

Бид шинэ технологи бүтээж байгаа монгол залуусыг дэмжин, цуврал сурвалжлагуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа “Ametros Solutions” ХХК-иас гаргаж буй автоматжуулалт, хамгаалалтын системийг нэгтгэж хийсэн нэгэн шинэ технологийг танилцуулахахаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөгтэй ярилцлаа.

-ТАНЫ ГЭР ӨӨРТЭЙ ЧИНЬ АМЬД МЭТ ЯРИНА-

-Та манай уншигчдад монгол залуусын бүтээж буй шинэ бүтээгдэхүүний талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Хүний гэр өөртэй нь амьд мэт ярина. Таны хүссэнээр, таны дуртай дуу яваад, хойноос нь “Таны босох цаг боллоо” гэж мэдэгдэнэ. Хэрэв би 07:40 цагт гэрээсээ гардаг бол 07:35 цагт гэрийн систем надад “Өнөөдөр ... хэм дулаан байна, бороо орох магадлал ... хувьтай байна” гэдгийг сануулна. Аль болох л таныг хэрэгтэй зүйлдээ үнэт цаг заваа зарцуулах, энэ хооронд таны өглөө бүр хийдэг ажлыг таны гэрийн ухаалаг систем хийж өгнө л гэсэн үг юм. Энэ бүхнийг хийхээр бид зорилгоо болгон ажиллаж байна.

-Зөвхөн нэг айлд суурилуулж байгаа төхөөрөмж ямар ямар зориулалттай, хэдэн хэсгээс бүрддэг вэ?

-Юуны өмнө “DOBU” буюу бусад төхөөрөмжүүдээ утасгүйгээр холбож зохицуулах удирдлагын төхөөрөмж суулгана. Үүний дараа хуучин гэрлийн унтраалгыг авч оронд “touch screen” дэлгэцтэй гэрлийн унтраалга хийж өгнө. Энэ унтраалгыг гар утас, таблетаараа унтрааж болдгоос гадна дээр нь дарах уламжлалт байдлаар унтраах боломжтой. Дараагаар нь агаарын чанарын мэдрэгч суурилуулна. Энэ нь хүүхдийн, унтлагын өрөө зэрэг агаарын чанарыг мэдэж байх ёстой гэсэн газартаа байрлуулаад, тухайн өрөөнийхөө температур, чийгшил, тоосжилт, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг эзэнд нь харуулж байна. Үүний дараа галын утаа, хулгай мэдрэгч буюу гэмт халдлагыг мэдрэгч суурилуулна. Энэ нь өрөөний голд байрлуулсан төхөөрөмж цонх хагарах, цонхоор эсвэл хаалгаар ямар нэгэн гэмт этгээд орж ирэх үед гэрийн эзэнд тухайн агшны гэрэл зургийг илгээнэ. Энэ нь хөдөлгөөн мэдрэгч камертайгаа уялдаатайг харуулж байгаа юм. Хөдөлгөөн мэдрэх үед камер бичлэг хийж “Dobu” удирдлагад хадгалагдана. Энэ нь нэг талаараа эзнийхээ утасны датаг хэмнэж, нөгөө талаараа тухайн агшныг баримтжуулж авч байгаа юм. Ингэхдээ секундэд 10 зураг авна.

-Шинэ санаагаа хэрхэн гаргаж байв?

-“DOBU” бол гэрийн автоматжуулалт, хамгаалалтын систем. Бид Монгол улсаас гадны улс орнуудад тоног төхөөрөмж экспортлох зорилготой, мэдээж үүний цаана санхүүгийн зорилго бий. Ингэхийн тулд гадагшаа гарах зах зээл бодитой байх ёстой тул маш их судалгаа хийсэн. Гэрийн автоматжуулалт, хамгаалалтын систем гэх зах зээл нь яг л гар утас, компьютер үүсч хөгжиж гарч ирж, үсрэнгүй хөгжиж байсан шиг үе дээрээ ирээд байна. Зургаан сар гаруй хийсэн судалгааны үр дүнд гэрийн автоматжуулалт, хамгаалалтын системийн зах зээл 2013 онд 6.7 тэрбум ам.доллар байсан. Гэхдээ энэ нь зөвхөн АНУ-ын дотоод зах зээл юм. Энэ зах зээл 2020 он гэхэд 18 тэрбум буюу түүнээс дээш хэмжээгээр яригдана. Нэгэнт ийм том зах зээл дөнгөж шинээр бүрэлдэж байхад бид анхнаас нь ороод, өрсөлдөөн дунд нь багтчих юм бол ядаж 0.1 хувийг буюу жилдээ 5-6 сая долларын ашигтай ажиллах боломж харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, технологийн хувьд надад хичээл зааж байсан багш нар маань Солонгос улс руу доктор хамгаалахаар яваад, тэнд байх хугацаандаа “Самсунг” брендийн өндөр технологи дээр ажиллаж байгаад ирлээ. Монголд буцаж ирэхдээ тэд толгойнд байгаа мэдлэгээ ашиглан бүтээгдэхүүн болгоё гэсэн санаа дэвшүүлэн бид хоёр талаас нэгдэн, хамтран ажиллаж байна. Одоогоор бэлэн бүтээгдэхүүн гарчихсан, хэрэглээнд нэвтрээд явж байна.

-Төхөөрөмжийн системийн ажлууд дээр дан монгол инженерүүд ажиллаж байгаа юу?

-Тийм ээ. Систем зохион бүтээнэ гэдэг нь өөрөө цогц бүтээл юм. Юуны өмнө дизайны баг, дараагаар нь үүнд тохирсон “hardware”-ийн ерөнхий шийдлийг гаргадаг баг ажиллана. Үүний дараа ерөнхий шийдэл буюу зарчмын схемийг электроникийн ногоон хавтангийн дизайн болгож, бүтээх баг ажиллана. Тэд зурж дууссаны дараа бидний элементүүд захиалагдаад, бүх юм үйлдвэрлэгдээд ирсний дараа угсрах баг ажиллаж, дараа нь техникийн программчлал хийх багийнхан ажиллах юм. Тэд ногоон хавтан дээр ажиллаж байгаа элемэнтүүд буюу үүнийг “wifi”-аар ингэж цацна, энэ үүгээр тийш дамжуулагдана гэх мэт программ дээр ажиллана. Дараа нь хэрэглэгчийн интерфэйс буюу гар утасны аппликэйшн, компьютерт ашиглах веб, контрол панел буюу удирдлагын төхөөрөмж зэрэг хэрэглэгчийн харьцдаг программуудыг хийдэг баг ажиллана. Мэдээж хүн гэртэйгээ харьцаж байгаа тул тодорхой сервер ажиллаж байгаа. Сервер дээр байгаа бүх кодыг нааш цааш нь болгож, нарийн ширийнийг тооцоолдог баг бий. Мэдээж энэ бүхний дараа бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх менежментийн баг ажиллана. Энэ бүх ажлыг хийж байгаа хүмүүс бүгд монгол хүмүүс.

-ИЙМ ТӨРЛИЙН ТЕХНОЛОГИОР ОЮУНЫ ӨМЧИЙН ГЭРЧИЛГЭЭ АВСАН БҮТЭЭЛ
ДЭЛХИЙ ДЭЭР МАНАЙХ Л БИЙ-

-Та бүхэн өөрийн бүтээж буй технологид гадны улс орны дэвшилтэт технологиудаас туршлага судалж, шингээж өгсөн байх?

-Монгол хүмүүс Монголдоо тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлээд, гадагшаа экспортлож байгаа нь манай улсын хувьд түүхэндээ анхны тохиолдол болж байна. 1978 онд Монголоос радио электроникийн багажууд хийгээд экспортлож байсан түүх байдаг юм билээ. Гэхдээ цөөн хэдэн социалист орнууд бие биенээ дэмжих зорилгоор, захиалгаар хийж байсан юм болов уу гэж би ойлгосон. Мэдээж анхны юм гэдэг маш хэцүү, төвөгтэй зүйл маш их бий ч тэр болгоныг энд яриад яах вэ. Бид саад бэрхшээлийг давж байж амжилтад хүрнэ. Гадны улсаас авсан санааны хувьд автоматжуулалт, хамгаалалтын систем гэдэг зүйл энэ дэлхий дээр цоо шинэ зүйл биш. Бид байгаа консепт дээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ консепт дээр бид өөрсдийнхөө онцлог, давуу талыг аль болох шингээж байгаа. Тухайлбал, манай төхөөрөмж хөдөлгөөн болон чимээг зэрэг мэдэрдэг. Ийм төрлийн технологиор оюуны өмчийн гэрчилгээ авсан бүтээл дэлхий дээр манайх л гэж ойлгож байна. Учир нь дөнгөж саяхан дэлхий дээр хэрэглэгчийн тоног төхөөрөмж хийж байгаа бүхий л том компаниуд оролцсон “CES” олон улсын үзэсгэлэнд оролцоод ирсэн. Тэнд яг манайх шиг ID-тэй бүтээгдэхүүн огт байгаагүй. Үүнээс харахад ийм бүтээл байхгүй, байвал маш цөөхөн бий. Утаа дулаан хоёрыг тус тусад нь мэдэрч байгаа бол бид мөн нэгтгэж чадсан. Үндсэндээ дохиолол хамгаалалтын системийн хамгийн том дутагдал бол асуудал гарахад хамгийн түрүүнд гэрийн эзэнд мэдээллэх ёстой байтал өөр бусад компани руу мэдээллэдэг. Бид хамгийн түрүүнд гэрийн эзэнд, дараа нь бусад цагдаа сэргийлэх, гал команд гэх мэт газрууд руу мэдэгддэг байх үндсэн зарчим руу нь ойртуулж байгаа.

-Төхөөрөмжийн түүхий эдийг хаанаас авч байгаа вэ?

-Энэ бол зөвхөн биднээр зогсохгүй, Монголд төхөөрөмж үйлдвэрлэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн том асуудал байдаг. Үнэнийг хэлэхэд өчүүхэн жижиг боолтыг хүртэл манайхан өөрсдөө хийж чаддаггүй, чадаагүй гэхээсээ илүүтэй хийхгүй байна. “Apple”-ийн гар утас л гэхэд БНХАУ-д үйлдвэрлэгдэж, “Assembled in USA” гээд дэлхийгээр нэг зарагдаж байгаа. Бид яг л энэ зарчмын дагуу оюуны бүтээл нь бидний өмч, БНХАУ-д бүтээгдэхүүнийхээ гадна талын кэйс, жижиг элементүүд, зарим тохиолдолд электрон хавтангуудаа хийлгэж байна. Яг дотор нь ажиллаж байгаа элементүүдийг цуглуулахдаа Солонгос, АНУ, Тайвань, БНХАУ гэсэн дөрвөн эх сурвалжаас авч байна. Манай CPU гэхэд “Самсунг”-ийнх байх жишээтэй.

-АНУ-Д ТУРШИЛТЫН БОРЛУУЛАЛТ ХИЙЖ ЭХЛЭЭД БАЙНА-

-Дотооддоо түүхий эдээ үйлдвэрлэж эхлээгүй мөртлөө шинэ оюуны бүтээл гаргаж байгаа компаниудыг “Хятадуудаар хийлгэчихээд өөрсдөө хийлээ гэж худал хэллээ” гэж шүүмжлэх хүмүүс их олон юм?

-Яг тийм. Монголчууд дотоодын нөхцөл боломжийг мэдэрч сурах хэрэгтэй. Мөн дөнгөж эхэлж байгаа ажлыг шууд “Apple”, “Samsung” зэрэг компаниудтай харьцуулдаг. Бидэнд хөрөнгө мөнгөний бололцоо байвал бид эдгээр компаниудтай чанарын хувьд эн тэнцүү бүтээгдэхүүн гаргаж чадна. Хэдэн залуус хүсэл мөрөөдөл, сонирхлоороо нийлээд гадагшаа урсаж байгаа мөнгийг дотооддоо үлдээх, гадны валютыг Монголдоо авч ирэхээр бүгдээр шинээр, өөрсдийнхөө бор зүрхээр хөдөлж байгааг мэдэхгүй, ойлгохгүй шүүмжилдэг. Хэдхэн жилийн дараа гэхэд манай бүтээгдэхүүнүүд бүр өндөр түвшинд очих болно.

-Борлуулалтаа хаана хаана хийж байгаа вэ? Экспортод гаргаад эхэлчихсэн үү?

-Экспортод гаргахаар АНУ-д эхний алхамуудаа хийж эхлээд байна. Гэхдээ туршилтын борлуулалт гэсэн үг л дээ. Яг одоо АНУ-д хоёр хауст суурилуулсан байгаа. Үүний нэг нь үл хөдлөх хөрөнгийн компаниар дамжиж зарагдсан, бид бичлэгийг нь хийж авсан. Нөгөө нь эзэн нь өөрөө байсан тул гэртээ бичлэг хийлгэхээс татгалзсан. Бид энэхүү баримтуудаа өөрийн цахим хуудастаа байршуулсан байгаа. Монголдоо нилээд хэдэн газрууд тухайлбал, “MAX” хүнсний сүлжээ дэлгүүрүүд, орон сууцны хотхонууд, зарим хууль хүчний байгууллагын сервер, хувь айлуудад ч мөн суулгаад эхэлсэн.

-Яагаад заавал АНУ-ыг сонгож эхний борлуулалтаа хийхээр болов оо?

-Тэнд дэлхийн зах зээлийн томоохон төв бий. Бид тэндэхийн хүмүүсийн халааснаас бага ч болтугай хөрөнгийг Монгол улс руу чирэх гэсэн энгийн зорилготой. Өмнө нь 2013 онд “Монгол залуус утасгүй цэнэглэгч бүтээлээ” гэсэн мэдээг та бүхэн санаж байгаа болов уу. Энэ бол бидний анхны төсөл юм. Тэр цагаас л хойш АНУ руу нэг ч гэсэн бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нь орохоор хичээгээд л байна. Шантрахгүй ажилласаар байгаа учир амжилтад хүрэх нь гарцаагүй байх.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд ч мөн баярлалаа. “DOBU”-г бид бүх зүйлийг нь АНУ-ын стандартад дөхүүлж хийж байна. Цаашид холын хараатай ажиллаж, шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй хийхээр оролдож байгаа. Тухайлбал, “self learning” буюу систем өөрөө суралцдаг технологийг хийхийн тулд маш өндөр тооцоололтой математик аппарат шаардлагатай. Үүнийг манай багийн инженерүүд болон МУИС-ийн Математикийн сургуулийн багш нартай хамтран хийж байх жишээтэй.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.