Вьетнамчуудаас зах зээлээ “булаах” монгол засварчид бэлтгэж байна

Д.Тулга / Орон нутаг

Монгол-Солонгосын политехник коллежид анх удаа автомашины кузов засварын анги нээгдээд нэг жил болох гэж байна. Тус сургуульд ийм мэргэжлийн анги нээх сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөц хангалттайгаас гадна хамгийн гол нь хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай автомашины кузов засварчны эрэлт их байдаг. Тийм учраас төгсөөд гарсан хүмүүст ажил олдохгүйн зовлон байхгүй нь шинэ мэргэжлийн анги нээх санаачлага богино хугацаанд бодитой ажил болох боломжийг бүрдүүлжээ.

Түүнээс гадна энэ салбарт монголчууд биш гаднаас ирж буй ажиллах хүчин ажиллаж, бизнесийн ашиг орлого Монголд биш гадныханд наалдаж буй урсгалыг зогсооход бодитой хувь нэмэр үзүүлнэ гэж үзсэн юм билээ. Энэхүү санааг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан ажил хэрэг болгосон гэдгийг тус сургуулийнхан хэлж байлаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсоны 440 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод бий. Мөн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирж буй гэсэн тоо байдаг нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автомашины тоо хэмжээг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээл бий болгож, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлсээр байна.

“Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон ч “Монгол авто кузов засвар” үндэсний брэнд бий болгохын төлөө сэтгэл гарган ажиллаж буй. Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой юм.

С.ӨЛЗИЙСАЙХАН: ВЬЕТНАМЧУУДЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛИХ ЦАГ БОЛСОН

Биднийг сургууль дээр очиход кузов засварын мэргэжлийн ангийн оюутнууд засварын газруудад дадлагад гарчихсан, автын засварчны ангид суралцдаг хүүхдүүд кузов засварын анхан шатны мэдлэг олж авах хичээлдээ сууж, дадлага ажил хийцгээж байлаа. С.Өлзийсайхан багшийн ярьж буйгаар эдгээр хүүхдүүд мэргэжлийн ангийн оюутнууд биш ч гэсэн анхан шатны мэдлэгтэй болж байгаа учраас аав ээжийнхээ эвдэрч гэмтсэн машины эд зүйлсийг авчраад өөрсдөө будаг, замаск хийж дадлагажиж буй аж. Хэрвээ хүсвэл кузов засварчны нэг жилийн мэргэшсэн ангид суралцах боломжтой юм билээ. Бид кузов засварын мэргэшсэн ангийн багш С.Өлзийсайхантай ярилцлаа.

-Кузов засварын чиглэлээр Монголд анхны мэргэжилтэн бэлтгэх багшаар ажиллаж байгаа юм байна. Вьетнам засварчидтай эн зэрэгцэх монгол засварчин бэлтгэж байна гэж ойлгож болох уу?

-Зах зээлийн эдийн засгийн хүнд хэцүү байдалтай өнөө үед валютын урсгалыг гадагшаа чиглүүлж, вьетнам засварын газруудыг, тэнд ажилладаг вьетнамчуудыг бид тэжээж, өөрсдөө ажилгүй, амьдралгүй явж байна гэж хэлэхэд буруудах зүйлгүй болов уу. Хоёр машин мөргөлдөж, шүргэлдлээ гэхэд даатгалын компаниуд мөнгийг нь гаргаж өгдөг. Манай жолооч нар өнөө мөнгөөрөө дандаа вьетнам засварчдаар машинаа янзлуулж байна. Даатгалын компаниас гаргасан өчнөөн олон зуун сая төгрөгийг ерөөсөө 100 хувь вьетнамчуудад алдаж байна гэсэн үг. Ажлын байр байхгүй гэсэн залуучууд манай улсад өчнөөн төчнөөнөөрөө байна. Гэтэл вьетнамчуудыг орлож, эх орныхоо зах зээлийг өөрсдийн чадвар, нөөц бололцоогоо дайчилж эзэлж авах боломж монгол залууст байсаар байна. Жилд хэдэн мянган машин зам тээврийн хөдөлгөөнд оролцохоор нэмэгдэж байгаа билээ. Үүнийг дагаад кузов засвар гэсэн маш том зах зээл, боломж манайд байсаар байна. Гэвч бид төдийлөн ашиглаж чадахгүй өдийг хүрлээ. Бидний гол зорилго бол вьетнамчуудын чадвартай энэ тэнцэх чадвартай монгол залуусыг бэлтгэж, өөрсдийн эх оронд байгаа зах зээлээ гадныхнаас чөлөөлөх явдал.

ВЬЕТНАМЧУУД 3-4 ЖИЛ СУРЧ, ТӨГС МЭРГЭЖИЛТЭН БОЛДОГ-

-Вьетнамчууд биднээс яг юугаараа давуу юм бэ. Тэд ер нь кузов засварыг хаана сурсан юм бол?

-Судалж үзсэн л дээ. Тухайн орны мэргэжлийн боловсролын салбарт нь кузов засвар чиглэлийн мэргэшсэн сургууль, ангиуд байдаг юм шиг байна лээ. Манайхыг бодвол арай онцлог нь 3-4 жил сурч байж төгс мэргэжилтэн болдог. Ингэхдээ чиглэл чиглэлээрээ. Өөрөөр хэлбэл нэг ажилчин дөрвөн жил зөвхөн төмрөө л нүднэ. Замаскчин ьн замаскаа л хийнэ. Будагчин нь будгаа л хийнэ. Тиймээс бид оюутнуудаа сонирхлыг нь дагуулаад яг ямар чиглэлийг нь барьж ажиллах вэ гэдэг саналыг нь асуугаад төрөлжүүлээд л явж байна. 20 оюутан байлаа гэхэд төмөр, замаск, будаг тус бүрт тав таваар нь сургаж, тэр чиглэл рүү нь илүү чадваржуулах бололцоо байгаа. Төмөр, замаск, будгийн ажлыг хэрхэн хийх талаар зах зухаас нь заалгангуутаа ажил дээр гараад бүгдийг нь зэрэг хийнэ гэхээр дутагдалтай тал мэдээж олон. Веьтнамчууд нэг юмандаа тууштай, нэг нь төмрөө хийгээд дараагийн хүн нь замаскаа, сүүлд нь будагчинд очсоноор ажил нь дуусдаг. Манайхан шиг хоёр хүн нийлээд бүх зүйлээ хийчихдэггүй. Энэ чиглэлээр л ажиллавал манай засварчид тун удахгүй вьетнам засварчдын түвшинд хүрэх боломжтой гэж ойлгож болно.

-Одоо гадуур кузов засварын газар ажиллуулдаг Монголчууд ч цөөгүй байдаг. Энэ хүмүүс мэргэжлийнх биш гэсэн үг үү?

-Энэ хүмүүс мэргэжлийн бус, хар таамгаар, практикаар сурсан гэж хэлж болно. Анх Шунхлай компани хуучнаар Авто засварын заводад ажиллаж байсан гарын ур дүйтэй нимгэн төмөрчдийг авчраад нимгэн төмөр, замаскын ажлаа хийлгэдэг байлаа. Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн хүмүүсийг будагчингаар авч ажиллуулсан гэх мэт. Буриадууд орж ирж, зах зухаас нь хичээл зааж байсан зүйл бий. Түүнээс яг мэргэжлийн түвшинд сурсан зүйл төдийлөн байхгүй. Одоо бол манай ангид өмнө нь замаск хийж байгаад кузов засварын бусад технологийг суралцах зорилготой ирсэн хүмүүс байна. Энэ л бидний сургалтын давуу тал, ач холбогдол юм даа.

-Танай анхны элсэгчид хэдээс хэдэн насны, хэчнээн оюутан байна вэ?

-22-45 насны 20 гаруй оюутантай. Өмнө нь кузов засварын ажил хийж байсан, эсвэл бүр өөр мэргэжилтэй хүмүүс ч сонгож сонирхоод орж ирсэн нь бий. Кузов засварын ажил гэдэг бол ганц боолт тайлах хэмжээний аргачлалтай ажил биш. Маш нарийн ажиллагаатай. Хүний машины гадна өнгө үзэмжийг хариуцаж ажиллана гэдэг бол тэр хэмжээгээр чадварлаг ажилчин байх ёстой.

-ЗАРИМ МОНГОЛ ЗАСВАРЧИН ВЬЕТНАМЧУУДААС ИЛҮҮ ЗАСДАГ БОЛСОН-

-Монгол болон вьетнам засварчдын засвар хийсэн байдалд хэр их ялгаа харагддаг юм бэ?

-Нэг их ялгаа байдаггүй юм. Манай монголын зарим том авто засварын газрууд вьетнамчуудаас илүү засч чаддаг болсон. Яагаад илүү байна вэ гэвэл бид технологийн дарааллаараа засаад байгаа юм. Вьетнамчууд биднийг мэдэхгүйг далимдуулаад технологийн дарааллыг маш ихээр алдагдуулдаг. Маш буруу зүйл. Өөрөөр хэлбэл нэг хаалга хонхойсон байлаа гэхэд тэр хэсгийг нь гадна талаас нь зүсч аваад тэрнийгээд давтаж тэгшлэнгүүтээ буцаагаад гагнаад хаячихдаг. Ингээд наанаас нь замаскдаад, будаад, гаднаас харахад юу ч мэдэгдэхгүй болгоно. Номондоо бол тэр хаалганд ямарч зүсэлт, гагнаас хийх ёсгүй. Энэ бол аюулгүй байдлын талаасаа ч байж болохгүй зүйл. Янз бүрийн аваар осол боллоо гэхэд гагнаас нь салаад хүний хавирга сүвээ рүү сүлбэвэл яана. Сүүлийн үед юм хөгжөөд хаалгыг эвдэж зүсэхгүйгээр хонхорхойг нь гаргадаг янз бүрийн багаж хэрэгсэл их гарсан. Вьетнам засварчид их сонин. Биднийг яваад ороход л хийж байсан ажлаа зогсоогоод өрөө өрөөндөө гүйгээд орчихно. Тэдэнд биднээс ялгараад байх гойд нууцлаг зүйл байхгүй л дээ.

-Тэгээд яагаад Вьетнамчуудыг шүтэн бишрээд байдаг юм бэ?

-Ний нуугүй хэлэхэд манайхан жаахан залхуу л даа. Бид өөрсдөө хичээгээд хөдөлмөрлөөд ажиллаж чадах л юм бол Вьетнамуудаас дутах юм байхгүй. Цаг баримталж, хэлсэндээ хүрэх тал дээр бас асуудалтай. Бүх зүйлийг тооцох ёстой. Хүний машиныг засах гээд цаг хугацаа толоод авч үлдсэн бол яг л тэр хугацаандаа засч янзлаад дуусгах ёстой. Гэтэл тэгдэггүйгээс итгэлцэлийн асуудал үүсээд байгаа юм. Бид ч энэ тал дээр анхаарч, оюутнууддаа харилцааны хичээл, цаг нар баримтлах, хэлсэндээ хүрдэг байх талаарх хичээлийг заадаг. Хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой гэдгийг ч байнга сануулдаг. Сайхан зөв хандлага, төвөлшилтэй болчихвол бүх зүйл сайхан болох байх. Манайхан юм сурахдаа хурдан. Вьетнамчууд шиг 3-4 жил биш 3-4 сарын хугацаанд нь маш сайн суралцах боломжтой.

-Энэ олон вьетнам засварчид Монголд орж ирж ажиллаад байгаа асуудлыг яаж цэгцлэх ёстой гэж та боддог вэ?

-Цэгцлэх гээд л төр засгаас нь арга хэмжээ авч эхэлж байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Кузов засварчны мэргэжлийн ангийг анх удаа нээж байна гэдэг нь энэ том зорилгын эхлэл болов уу гэж боддог. Манай улсад үнэхээр олон янзын гадаад ажилчид орж ирж, машин заслаа. Анх Буриадууд, дараа нь манайхан өөрсдөө нэг хэсэг зассан. Дараа нь зах зээлээ дахин Солонгосчуудад алдсан. Хятадууд орж ирсэн. Хамгийн сүүлд вьетнамчууд орж ирчихээд байгаа нь энэ.

-Вьетнам засварчидийн үнэ тариф яагаад ийм өндөр байна вэ?

-Монгол, Вьетнам засварчдын засварын үнэ ханш тэнгэр газар шиг зөрүүтэй. Ер нь үндсэн үнийн нэг тариф заагаад өгчихөж яагаад болохгүй гэж би боддог юм. Жишээ нь ланд 200, приус 20 хоёрын кирлаг янзлахад засварын ажил нь яг л адил хэмжээнд хийгдэж байгаа юм. Гэтэл жип үнэтэй гэдэг утгаар нь ландны жолоочоос 200 мянгыг, приус 20-ийн жолоочоос 80 мянгыг авч байх жишээтэй. Энэ муу зуршлыг ерөөсөө л бид өөрсдөө бий болгосон байгаа юм. Үнэлгээний газрууд ч энэ асуудалд буруутай байх. Бүр том авто засварын газруудад хааяадаа үнийн тариф гаргасан байдаг. Уг нь энэ нь зүгээр.

-Танай оюутнууд дадлагад гарчихсан байгаа юу?

-Тэгсэн. Гэрээт засварын газруудад дадлага хийж байна. Тавдугаар сарын дундуур дадлагаа дуусаад зургаан сард төгсөнө. Манай нэг оюутан сургууль дээрээ надтай хамт дадлагаа хийгээд байж байна.

-ОЮУТНУУД ДАДЛАГАД ГАРЧЭЭ-

Багшийн хажууд дадлага хийж буй оюутан залуу машины урд копуд засч янзалж байлаа. Тэрбээр копудны хонхойсон хэсгийг нааш татаж тэгшлэх дадлага хийж байгаа бололтой. Тэрбээр “Хонхойсон хэсгийг наашаа татаж гаргаж, тэгшлэхийн тулд ингэж цоолох арга хэрэглэдэг Хэрвээ хонхорхойг нь наашаа татаж гаргахгүйгээр дээрээс нь замаск тавибал ховхорч унах магадлал маш өндөр. Кузов засвар хийх хамгийн эхний шат бол нимгэн төмрөө сайн бэлдэх хэрэгтэй байдаг юм билээ.С.Өлзий сайхан багш маань мэргэжлийн кузов засварчин. Өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан олон жилийн туршлагатай. Бидний хичээлийн 30 хувь нь онол, 70 хувь нь практик дадлага. Олон улсын стандартын дагуу, мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж байгаа гэдгээрээ давуу талтай” хэмээлээ.

Ингээд бид бусад дадлагажигч ямар байдалтай ажиллаж байгаа талаар сурвалжилахаар Баянбүрдэд байрлах Монгол Хьюндай автомотив засварын газрыг зорилоо. Тэнд энэ сургуулийн нэг оюутан ажилд орохоор туршилтын хугацаандаа явж байгаа бол хоёр оюутан дадлага ажлаа хийж байгаа гэдгийг тус засварын газрын менежер Д.Ариунболд хэллээ. Тэрбээр “Монгол Солонгосын коллежийн оюутнууд манайд уртын дадлага гэж зургаан сарын хугацаанд хийнэ. Энэ хугацаанд ер нь тухайн хүн хэр ажилсаг, тэвчээртэй, юм хүлээж авч, суралцах чадвар, ойлгоц ямар байгаа нь мэдрэгддэг. Бид ажил оноож өгнө. Оноосон ажлыг хэр сайн гүйцэтгэж чадаж байгаагаас нь шалтгаалаад бид тухайн оюутныг цаашид авч ажиллуулах боломжтой эсэх талаар ярилцдаг. Монгол Солонгосын коллежийн хувьд сургалтын матерриаллаг бааз үнэхээр сайн юм билээ.” хэмээгээд өөрсдийн болон дадлагажигч оюутнуудын хийж буй ажилтай танилцуулсан юм.

Б.ЦЭЛМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.