Халуун тогоо, зууханд түлэгдэхээс сэргийлж, ЭРЧИМ ХҮЧ 80 ХУВЬ ХЭМНЭХ ухаалаг төхөөрөмж бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

Монгол залуус хийж бүтээсээр, шинийг эрэлхийлсээр байгаагийн илрэл болгон бид энэ удаа монгол гэрийн цогц системийг шийдсэн “Crown tower” компанид зочиллоо. Эднийх монгол гэрт ашиглахад тохиромжтой халаалт болон цахилгаан зуух /плитка/-ыг нэг дор шийдсэн байна. Ингэснээр:

-Хүүхэд халуун тогоо болон гэрийн зуухнаас шалтгаалан түлэгдэж эрүүл мэндээр хохирох

-Гэртээ нүүрс болон мод /бусад/ түлж, орчны агаарыг бохирдуулах

-Гэрийг зөвхөн гал түлсний дараах хугацаанд халаах

-Цахилгааны өндөр төлбөр төлөх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа гэв.

Энэ төхөөрөмжийг Монгол гэрт зуухны оронд байршуулах бөгөөд хана нь гурван тийш, гадагшаа 100 хэм хүртэл халж гэрийг стандарт хэмжээ буюу 23 хэмд барина. Хана нь хэдийгээр гадагшаа халж байгаа боловч хүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй, хүрсэн хүнийг түлэхгүй, зөвхөн цочроо өгөх төдий л мэдрэгдэнэ. Энэ нь хананы дотор талыг керамик халаалтаар шийдэж өгсөнтэй холбоотой.

Дээр нь цахилгаан зуух суурилуулж, эргэн тойронд нь хашлага хийж өгснөөр тогоотой хоолонд хүүхдийн гар хүрэх боломжгүй байхаар тооцож, доод талд нь хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд зүслээ хадгалах, шарах шүүгээ /духовка/ байршуулах зэргээр ашиглаж болно. Учир нь уг хавтан дотогш халалт өгөхгүй, зөвхөн гадагшаа 100 хэм халдаг гэв.

“Crown tower” компанийн ерөнхий инженер Мөнхбаяр:

-АЛСААС ГАР УТАСНААСАА УДИРДАХ БҮРЭН БОЛОЛЦООТОЙ
УХААЛАГ СИСТЕМ ЮМ-

-Шинэ шийдлүүдийг ашиглахын тулд иргэд юуны өмнө ямар зардал гарах бол гэж асуудаг. Танай цогц шийдлийг ашиглахад сард хэдэн төгрөгийн зардал гарах вэ?

-Манайхтай ижил төрлийн технологиуд монгол гэрийг халаахын тулд 5квт зарцуулдаг бол манай бүтээгдэхүүн 1.5 квт зарцуулж байна. Өвлийн нөхцөлд шөнийн тарифаа хасаад халаах юм бол сардаа 40-50 мянган төгрөгийн зардал гарч байгаа юм. Мөн хэрэглэгээний тог нь 80 орчим мянган төгрөг болж байна. Гэтэл таван ханатай монгол гэр өвлийн нөхцөлд зөвхөн мод нүүрсээ түлэхэд 150 орчим мянган төгрөгийн зардал сардаа гардаг. Энэ бол зөвхөн халаалтандаа гарч байгаа зардал, үүнээс гадна хэрэглээнийхээ тогны мөнгийг төлнө. Ингэхээр манай технологи 100 мянган төгрөг дотор хэрэглээ, халаалтаа багтаах боломжтой. Мэдээж тэр айл гэрээ сайн дулаалаад, дулаан алдагдлаа багасгаж чадвал 60-80 мянган төгрөгөнд ч багтааж болно.

-Ийм технологийг худалдан авахын тулд бас өндөр өртөг төлөх үү?

-Манай өрсөлдөж буй бүтээгдэхүүн, монгол гэрийг халаах технологиуд хоёр сая гаруй төгрөгийн өртөгтэй байна. Харин манайх ард түмэндээ хүрэхэд 980 мянган төгрөгөөр хүрч байна. Ингэхдээ энэ бүтээгдэхүүн маш олон давуу талыг санал болгодог. Тухайлбал, агаар шатаахгүй, агаарын бохирдол үүсгэхгүй, нүүрсний хаягдал гарахгүй. Нэмэлт зардлаар хүсвэл GSM болон “wifi”-аар алсаас гар утаснаасаа удирдах бүрэн бололцоотой ухаалаг систем юм. Сүүлийн үед хүүхдүүд зууханд их түлэгдэж байна шүү дээ. Харин энэ технологи хүүхдийг огт түлэхгүй мөртлөө халалтын хурд маш хурдан. Залгаад л 20 минутын дараа гэхэд их биен дээрээ 95 хэмийн дулаан ялгаруулдаг. Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас хүсвэл нэмэлтээр 300 ваттын шал руу халаах төхөөрөмж нэмж суурилуулаад, 980 мянган төгрөгөндөө шингээх боломжтой.

-Энэ технологийн шийдлийг та бүхэн өөрсдөө гаргасан уу?

-Тиймээ. Манай “Crown tower” нэртэй компанийн инженерүүд сүүлийн гурван жилийн турш ажиллаж байж, хоёр жил туршиж байж хамгийн эхний загвараа гаргаж байсан. Үүнийг ажилчдынхаа гэрт суурилуулж туршаад үнэхээр бодит юм байна, үр дүнтэй байна юм гэж үзээд үйлдвэрлэж эхэлсэн. Бүтээгдэхүүн болоод технологийн шийдэл “Crown tower” компанийн өмч гэсэн үг.

-Долоогоос найман сарын турш үүнийг тасралтгүй цахилгаанд залгаад байна гэхээр их эрсдэлтэй юм шиг санагдаж байна. Байнга залгаатай байхад шатах, хэт халах асуудал гарахгүй юу?

-Ухаалаг шийдлээр гэрийн дулааныг хэдэн хэмд барьж байх вэ гэдэг өгөгдлөө өгчихөж байгаа юм. Тухайлбал, гэрийн стандарт нь 23 хэм байдаг. Энэ бүтээгдэхүүн өөрөө өрөөг мэдрээд унтарч асдаг болохоос 24 цагийн турш асаалттай байна гэсэн үг биш юм. Тийм ч учраас энэ технологи хөлдөх аюул байхгүй, өвлийн 60 хэмийн хүйтэнд ч дулаанаа мэдрээд унтарч асч байх тул эрсдэлгүй. Цахилгааны баталгаат хугацаа гурван жил байдаг ч эрсдэлгүй гэж хэлж болно. Гадны нөлөөгөөр эвдлээгүй тохиолдолд бид 50 жилийн баталгаатай гэж үзэж байгаа.

-ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7,8,13 ДУГААР ХОРООНЫ НЭГ НЭГ МОНГОЛ
ГЭРТ ТУРШИЛТЫН ЖУРМААР ҮНЭГҮЙ ТАВЬЖ ӨГСӨН-

-Эд ангиудаа хаанаас авч байгаа вэ?

-Гол халаах эд анги болох нүүрстөрөгчийн хавтангаа Хятадын Шанхайгаас захиалж авдаг. Учир нь Монголд үүнийг үйлдвэрлэх үйлдвэр байхгүй шүү дээ. Тиймээс түүхий эдээ захиалж авч ирээд эндээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Хэрэв арваас дээш тооны захиалга өгөх юм бол хэмжээг нь өндөр нам, дэлгэдэг хаадаг төрөл бүрээр хийж өгөх боломжтой. Энэ нь дотоодын бүтээгдэхүүний давуу тал юм болов уу. Халааж байгаа монгол хээтэй зурагны ард энэ нүүрстөрөгчийн хавтан байгаа тул хүний биед ямар ч хоргүй. Бид дотооддоо угсралт хийж, үйлдвэрлэл явуулж байгаа гол зорилго нь ажлын байр бий болгож, хороодод байгаа ажилгүй залууст сургалт явуулж, зааснаар залуус өөрсдөө үйлчилгээг хариуцан явах боломжтой болж байгаа юм.

-Цахилгааны зуухны доор байгаа хоосон хэсгийг ямар зориулалтаар шийдсэн юм бэ?

-Энд бид ирээдүйд шарах шүүгээ гэх мэтийг суулгаж өгөөд илүү олон талт шийдэл гаргах зорилготой байгаа. Мөн удахгүй дулаан энерги хуримтлуулдаг болгох зорилготойгоор доод талд нь албаар зай үлдээж шийдсэн юм. Энэ мэтээр бид нэмэлт шийдлүүдийг хийж өгөх гэсэн ч эхний ээлжинд хэрэглэгчиддээ хамгийн хямдаар хүргэхээр зорьж байгаа учир түр азнасан. Харин дараа нь массаар үйлдвэрлэгдээд эхлэхээр нэмэлт шийдлүүдээ өгөөд үнээ хөдөлгөхгүй байх зэргийг тооцолон бодож байна.

-Одоо танайд хэдэн хүн ямар хүчин чадалтайгаар ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар манай компани дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхэд өдөртөө 10 гаруйг үйлдвэрлэн гаргадаг. Үйлдвэрийн объект маань маш том учраас массаар захиалга орж ирэх юм бол өдөрт 40 хүн ажиллаж 100 ширхэгийг гаргах боломжтой.

-Үйлдвэрлэлд оруулахын өмнө болон хойно ямар туршилтууд хийсэн бэ?

-Эхний ээлжинд бид нийслэлийн дэд бүтцийн газраас зохион явуулж байгаа ногоон технологийн хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7,8,13 дугаар хороон дээр нэг нэг монгол гэрт туршилтын журмаар үнэгүй тавьж өгч, айлуудаа халааж байна. Тэд мэдээж гал түлэхээ болиод, дулаахан, цэвэрхэн орчинд, эрчим хүчний өндөр хэмнэлттэй технологи хэрэглэж байгаа учраас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Хотын А бүсийн яндангуудыг буулгах шийдвэр гарсан тул Монгол залуус дор бүрнээ шинэ технологиудыг санаачлан, үйлдвэрлэл болгон ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 50 мянган монгол гэр байгаа гэсэн тооцоо бий. Монгол гэр дулаан алдагдал өндөртэй учраас хамгийн их утаа гаргадаг. Болох болохгүй юм ч их түлж байна. Хэрэв бид монгол гэрээс утаа гарахгүй байх энэ шийдлийг ашиглаад эхэлбэл, нийслэлийн агаарын бохирдлын дөрөвний нэгийг нь шийдэх боломжтой.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.