Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна

Д.Тулга / Орон нутаг

-ХЯТАДЫН “ROYOLE” КОМПАНИЙ “THE FLEXPAI” ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ТҮҮХЭН ДЭХ
ХАМГИЙН АНХНЫ НУГАРДАГ ГАР УТАС БОЛОВ-

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компани анх удаа нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг олон нийтэд үзүүлсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн билээ.

Дөрвөн жилийн турш ийм гар утас бүтээхээр ажилласны үр дүнд энэ сарын 7-ны өдөр Сан Францискод болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр “Infinity Flex Display” нэртэй туршилтын загварыг танилцуулжээ.

Уг загвар нь нугардаг дэлгэцтэй гар утас ямар байхыг үзүүлсэн концепц бөгөөд худалдаанд гарах бүтээгдэхүүн нь үүнээс өөр байх аж. Энэхүү утас нь нугарч эвхэгдсэн үедээ том, зузаан гар утас шиг харагддаг бол ном шиг дэлгэхэд 7.3 инчийн дэлгэцтэй таблет болж хувирдаг байна.

Уг өвөрмөц бүтээгдэхүүний нэр “Galaxy F” (Foldable гэсэн үгний товчлол бололтой) байх ба ирэх оны гуравдугаар сард албан ёсоор зах зээлд танилцуулагдана гэжээ. Энэ нь тус компаниас “Galaxy S” цувралын шинэ загварыг танилцуулснаас хойш нэг сар орчмын дараа гэсэн үг юм.

“Galaxy F” нь зах зээлийн тусгай хэсэгт зориулагдсан байх бөгөөд одоогийн байдлаар “Самсунг” үнийг нь эцэслэн тогтоогоогүй байгааг “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Ирэх оны хоёрдугаар сард Испаний Барселонд болох “Mobile World Congress” арга хэмжээний үеэр тус компани “Galaxy S” цувралын шинэ загвараа танилцуулна. Энэ удаа “Самсунг Galaxy S10” загвараа 5G сүлжээтэй гаргахаар бэлдэж байгаа аж.

Дараагийн сард нь зах зээлд гарах “Galaxy F” ухаалаг гар утас 5G сүлжээтэй ажилладаггүй байх нь.

Хүмүүсийн том дэлгэцийн хэрэгцээгээ жижиг бөгөөд уян хатан, нимгэн утсаар дамжуулан авах эрэлт цаашдаа улам эрчимжих төлөвтэй байгаа тул нугардаг утсыг зөвхөн “Samsung” гэлтгүй “Huawei”, “Xiaomi”, “Lenovo” зэрэг компаниуд үйлдвэрлэнэ гэдгээ зарлаад байгаа билээ.

“Samsung”, “Huawei” компаниудын дунд нугардаг гар утасны анхдагч болж, өөрсдийн брэндийн үнэ цэнийг өсгөх оролдлогууд хүчтэй өрнөж байв. Аль аль нь хүмүүст орчноосоо хамааран уян хатан байдлаар чөлөөтэй ажиллах боломж олгох бүтээгдэхүүн амлаж байсан нь нугардаг гар утас байв. Гэвч тэдний аль нь ч энэ төрлийн анхдагчид байж чадаагүй. Хятадын “Royole” компанийн арваннэгдүгээр сарын 1-нд олон нийтэд зарласан “The Flexpai” хүн төрөлхтний түүхэн дэх анхны нугардаг гар утас болов.

“Samsung Galaxy F” утас дэлгэгдэх үедээ 7 инчийн хэмжээтэй буюу таблеттэй ижил хэмжээтэй болох бол нугарах үедээ дэлгэц урд хэсэгтээ шилжиж, энгийн гар утасны хэмжээтэй болох юм. Өөрөөр хэлбэл гар утас, таблетийн аль алиных нь давуу талыг шингээсэн онцгой бүтээгдэхүүн болж буй. Уг гар утас нь Google-ийн Андройд үйлдлийн систем дээр ажиллах юм.

“Samsung Galaxy F” гар утасны анхны худалдаалдах үнэ 1700 доллар байх бол бидний сая дурдсан Хятадын “The Flexpai” гар утас 1300 доллараар борлуулагдах аж. Энэхүү инноваци нь удахгүй Хятадын бүх утасны үйлдвэрлэлд нэвтрэх төлөвтэй. Ихэнх үйлдвэрлэгчид өөрийн брэндийн нугардаг гар утасны хувилбартай болох төлөвтэй байгаа бөгөөд үүнийгээ зөвхөн утас гэлтгүй таблет, компьютер зэрэг дээр хэрэгжүүлж олон талаар ашиглах төлөвтэй байгаа ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.