ИНЖЕНЕР Х.ГАНБОЛД: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БОЛ ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС

Aдмин / Нүүр

Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганболдтой ярилцлаа.


-Замын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болсон. Гарц шийдэл юу байж болох талаар мэргэжлийн хүнээс шууд асуумаар байна?

-Түгжрэл бодит асуудал болсон гэж зөв хэллээ. Гэхдээ өнөөдөр бий болчихоогүй, сүүлийн 20 30 жил бидний гаргасан шийдвэр ийм байдалд хүргэчихсэн. Мэргэжлийн хүний зүгээс харахад 20, 30 жилийн хугацаанд үүссэн түгжрэлийг арилгахын тулд урт удаан хугацааны зөв бодлого, төлөвлөлттэй менежмент, дээр нь ганцхан замын салбарыг ярьж болохгүй. Түгжрэлд хүргэж байгаа маш олон факт шалтгаанууд байна. Энэ бүх талаас нь харж урт удаан хугацаанд зөв менежмент авч хэрэгжүүлэх ёстой. Одоогийн хотын удирдлагууд түгжрэлийн үр дүнтэй тэмцээд байна. Мэдээж хот төлөвлөлт нэг номерын асуудал. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийг алдсан. Дэвшилттэй нь сүүлийн үед бүгд энэ талаар ойлгож ярьдаг боллоо. Дээр нь нийтийн тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрэм, хөрөнгө санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдэж байж Улаанбаатар хотын авто замаар зогсохгүй хүн амьдрахад тав тухтай орчин бүрдэх эсэхийг шийдэх гаргалгаа юм.

-Метро, LRT гээд ярьдаг. Биелэхгүй юм. Биелж болох, хамгийн ойрын хугацаанд үр дүнтэй хийж болох ажил байна уу?

-Эрх баригчид маань нэг бол метро, нэг бол дүүжин тээвэр, эсвэл тусгай замын автобус, LRT гээд жил хүрэхгүйн хугацаанд бодлогоо өөрчлөөд байна.

Гэхдээ нэг сайн тал нь нийтийн тээврийг сайжруулах ёстой гэдгийг ойлголоо. Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр хотын авто замын түгжрэлийг шийдэх ямар ч боломжгүй. Гэлээ гээд нийтийн тээврээ сайжруулаад авто замаа хаяна гэсэн үг биш. Тэгэхээр бүгдийг зэрэг хөгжүүлэх ёстой. Ямар нэгэн байдлаар шийдвэрээ гаргаад аль болох хурдан хугацаанд нийтийн тээврийн масс тээвэрлэлтийн системийг хийх ёстой. Одоо манайд массын нийтийн тээвэр гэж алга. Автобусаар л шийдэж байна.

Миний харж байгаагаар манай улсад нэг номерт тусгай замын автобус хэрэгтэй гэж хэлнэ. Энэ бол нөгөө хэдийгээ бодвол анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага. Тээвэрлэх хүчин чадал метротой дөхөж очдог. Өөрөөр хэлбэл, метро барих тусгай замын автобус барих төсөл хэрэгжүүлэхэд нэвтрүүлэх өнгөрүүлэх чадвар бараг адилхан, харин өртөг нь метрогоосоо бага.

-Тусгай замын автобус гэдгээ тодруулаач?

-Замынхаа зориулалтын эгнээ гаргаж өгнө. Түүгээр нь зөвхөн автобус явдаг. Дэлхийн ихэнх улсууд замын дотор талд хийдэг. Автобусны буудлуудаа голд нь байршуулах замаар хийдэг. Ингээд зөвхөн угсаа урт автобусууд явна. Автобусны буудлууд нь битүү байх жишээтэй. Гэхдээ энэ манайд шинэ зүйл биш л дээ. 10-аад жилийн өмнө Азийн хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод хоёр тэнхлэгийн төсөл эхэлсэн. Бүр төсөл хэрэгжүүлэх нэгжээ байгуулж, зураг төслөө хийсэн. Яг төсөл хэрэгжүүлэх шатанд зогссон. Тухайн үед энэ ажил хийгдсэн бол өнөөдөр том дэвшил гарчихсан байх ёстой. Дараа нь метро ярилаа, одоо LRT ярьж байна. Дундуур нь дүүжин тээвэр гэж баахан юм ярилаа. Манайх шиг хөрөнгө мөнгө буурай улсад тусгай замын автобус маш зөв шийдэл.

-Гэхдээ бас л тодорхой цаг хугацаа, хөрөнгө шаардагдах нь. Ядаж энэ намар, өвөлдөө замын түгжрэлээ бууруулж болох хувилбар сонсох гээд л?

-Богино хугацаанд үндсэн хоёр ажил хийх хэрэгтэй. Нэгд, хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгах. Авто замын хөдөлгөөний дүрэм журмын мөрдөлтийг чангатгах ёстой. Дүрэм зөрчдөг, хориглосон газарт зогсдог, хотын төв хэсгийн бүсэд өглөө машинаа хаячихаад орой ажлаа тарах хүртэл байрлуулдгийг цэгцэлнэ гэсэн үг. Зогсоолуудаа төлбөртэй болгож, зогсоолын цагдаа гаргах хэрэгтэй. Машин ачдаг шиг биш. Машин ачаад байгаа чинь үр дүн багатай, ачиж байгаа нь өөрөө хөдөлгөөн нэмж байгаа явдал. Хамгийн өртөг зардал багатай нь зогсоолын цагдаа. Газар дээр нь торгууль бичдэг, асуухгүйгээр бичдэг. Зогсох ёсгүй газарт зогссон, дүрэм зөрчиж байгаа жолооч бүрд шууд газар дээр нь торгууль бичнэ. Торгууль нь өндөр дүнтэй, хүнд цохилт өгөхүйц, дахиж дүрэм зөрчиж болохгүй гэдгийг ойлгуулна. Харин тэр торгуулийн мөнгө нь буцаад замын түгжрэлийг бууруулахад зарцуулагдах ёстой.

-Зогсоолоо шийдээгүй байж торгож, машин ачих нь хэр зохистой вэ?

-Угаасаа дэлхийд бүх зогсоол хүрэлцээтэй газар нэг ч байхгүй. Зогсоолыг хүрэлцээтэй болгох боломж ч байхгүй. Хүн байгаа зогсоолыг хууль дүрмийн хэмжээнд ашиглах ёстой. Үнэхээр очих газар нь зогсоолгүй бол машинаа аль болох зогсож болох газарт байрлуулж, эсвэл нийтийн тээврээр явах ёстой. Харин нийтийн тээвэр нь сайн үйлчилгээтэй байх хэрэгтэй. Хэрэгцээтэй газар бүрд зогсоол гаргаж өгөөд, түүний дараа хууль дүрэм зөрчихөө больё гэдэг боломжгүй зүйл.

-Нийтийн тээврийг яаж хөгжүүлнэ гэж?

-Нийтийн тээврийг нэгд, эдийн засаг нь зөв бүтэцтэй болгох хэрэгтэй юм. Нийтийн тээврийн систем өөрөө ашигтай ажиллах ёстой. Зорчигч нь өөрөө мөнгө төлдөг, зардлаа гаргадаг байх хэрэгтэй. Нийтийн тээврийн орлого жил ирэх тусам буурч байгаа. Автобус компаниуд өмнөх жилүүдэд 50-60 тэрбум олдог байсан бол өнгөрсөн жил 30 гаруй тэрбумын орлого олсон. Зорчилтын тоо багасаагүй хэрнээ орлого нь буурсан. Учир нь үндсэн систем маань буруу болохоор улсын татаасаар яваад байгаа юм. Өмнө нь жилд 80 тэрбумын татаасыг улсаас автобус компаниудад өгдөг байлаа. Одоо явсаар байгаад 200 тэрбум болчихлоо. Систем буруу болохоор улсаас гарч байгаа энэ их мөнгө элсэнд ус асгаж байгаатай адил алга болчихоод байгаа юм.

Нийтийн тээврийн компаниуд татаас аваад сурчихсан учраас үйл ажиллагаагаа сайжруулах сонирхол байхгүй, зорчигчоос бүрэн мөнгөө авах хүсэл ч байдаггүй. 2022 оны тоон мэдээллээс харахад манай нийт зорчилтын 60 орчим хувь нь үнэгүй явдаг. Улсаас татаас өгчихдөг болохоор автобус компаниуд зорчигчоос мөнгөө бүрэн авах сонирхолгүй. Тэгэхээр энэ зорчилтыг зөв болгох ёстой, улсаас татаас өгөхийг болиулах ёстой.

-Тасалбарын үнэ нэмэх шаардлагатай гэдэг?

-Тасалбар нэмэх шаардлагагүй. Улсын татаасыг автобус компаниудад биш нийтийн тээврээр үнэгүй явах шаардлагатай нийгмийн бүлгүүдэд картанд хийж өгөх боломжтой. Бусад нь толгой дараалан мөнгөө төлөхөд компаниуд өөрсдөө анхаараад явчихна. Ингээд нийтийн тээврийн эдийн засгийн системийг зөв явуулбал ашигтай ажиллуулж болно. Тэгвэл компаниуд өрсөлддөг болно, үйлчилгээндээ, зорчигчдод анхаарч эхэлнэ. Гэтэл одоо бол тэгэх шаардлага алга. Улсаас мөнгийг нь өгчихнө, автобус аваад өгчихнө. Одоо бүр 400 тэрбум төгрөгөөр 1800 автобус авна гээд ихэнхийг нь авчихлаа. Нийтийн тээврийн системийг нь өөрчлөөд өгвөл хүссэн хүсээгүй үйлчилгээ сайжирна.

-Та авто замын инженер хүн. Манай хотын авто замын стандарт, сүлжээ хэр сайн бэ?

-Манай авто замын стандарт олон улстай харьцуулахад сайн шүү. Гол нь аливаа нэг системийн хэрэглэгч нь зардлаа төлдөг байх ёстой. Авто замын системийг хэрэглэж байгаа хэрэглэгч нь ч мөнгөө төлөх ёстой гэсэн үг. Одоо Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрт жилд нэг машинаас 20-40 мянган төгрөг авдаг. Улаанбаатарт явж байгаа нэг машин өдөрт 87 төгрөг төлдөг гэсэн үг. Хотын нийт авто замын сүлжээ 1000 гаруй км. Дэлхий дээр ийм хямдхан төлбөртэй ямар ч улс байхгүй. Жишээ нь, Бээжин хотод жижиг оврын машин ойролцоогоор автомашины дугаар зүүсний татвар, авто зам ашигласны төлбөрт 1500 юань, манайхаар жилдээ 700 мянган төгрөг төлдөг. Тэр мөнгө нь авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулахад зарцуулагддаг.

Яахав, манайд нэг машины авто замын төлбөрийг 300 мянга болгоё гэхэд нийслэлийн авто зам ашигласны хураамжид 200 гаруй тэрбум төгрөг цуглуулах боломжтой. Үүгээрээ замаа өргөжүүлэх, түгжрэлээ багасгах эх үүсвэр болгоход боломжийн зардал. Энэ мөнгийг авах нь шударга. Түгжрэлийн төлбөр ингэж гарах ёстой.

-Сайхан шийдлүүд ингээд яригддаг. Зарим шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад л зогсчихдог. Бодитой шийдлүүд хэрэгжихгүй байна шүү дээ?

-Манайд гарч байгаа саналууд дандаа мөнгө зарцуулах шийдвэрүүд байдаг. 400 тэрбумаар автобус авлаа, жилд 200 тэрбумыг нийтийн тээвэрт татаас олгож байна. Харин буцах урсгал нь байхгүй. Ингэж явсаар төсөв дийлэхгүй. LRT барина гээд байгаа. Гэхдээ манай нийтийн тээврийн систем одоогийнх шигээ байвал мянган гоё метро, LRT бариад эдийн засгийн хувьд урагшаа явахгүй. Өөрийгөө авч явж чадахгүй, нэг цэгт очоод дахиад л дампуурна, дахиад л улс татаас өгдөг цемент болно. Өөрөө ажиллаж мөнгөө олдог байх ёстой гэдгийг л бид ухаарч ажиллах ёстой.

Нөгөө талаар хот төлөвлөлт гэж том асуудал бий. Төвлөрлийг сааруулах ёстой. Үүнийг нийтээрээ ойлгож байгаа. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжиж байгаа. 17 байршилд хийж байна. Хуучин Нэхмэлийн шар, Төмөр замын шар гээд барилгуудыг буулгаад шинэ барилга барьж байна. Үүний менежментийг хот маш буруу зохион байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч компанид тендер зарлаад өгчихнө. Хуучин 20-30 айлын байруудыг буулгаад доод тал нь 16 давхар барилга барьчихаж байгаа. Хуучин 20 айл байдаг газар дээр 200 айл амьдарч байна. Төвлөрөл саарав уу. Хуучин нэхмэлийн шар гэдэгт 300 айл байсан, одоо 3000 айл байна. Энэ бол бодлогын маш том алдаа. Араас нь 40, 50 мянгатууд ашиглалтын шаардлага хангахаа болино. Удахгүй угсармал байшингууд ашиглалтаас гарна. Дандаа ингэж хийх юм уу. Уг нь 20 айл байхад нь улс нөхөн төлбөрийг нь өгөөд худалдаад авчих байсан. Байшинг нь нураагаад ногоон байгууламж болгочих. Төвлөрөл саарна. Ингэж чөлөөлөөд байвал хотын төв 10 жилийн дараа гэхэд хоосорно.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.215] 2023-08-30 07:57:40

АНУ д яг наад зогсоолын цагдаа байдаг буруу газар зогссон бол жолооч нь дотроо байсан ч торгуулиа тавьдаг. Сорри гээд хөдлөх гэтэл камер луу заагаад торгуулийн талонаа өгч байна лээ. 25$ р торгуулсан .Селл зарласан үед нэг гуталын мөнгө Аа бас торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол үржигдээд явчихдаг. Хүний хөдөлгөөн сийрэг газруудаас хүн авдаг чиглэлийн жижиг оврын унаа байвал зүгээр санагддаг.

Зочин [66.181.189.56] 2023-08-29 21:24:00

Яг үнэн шийдэл хэлж байнадаа инженер хүн гэж ийм л байдагдаа

Зочин [66.181.182.199] 2023-08-29 20:14:03

Амьдралаас тасарчихсан юм яриад байх юм. Тураал л байх даа. Зам дээр гараад 2 тийшээ хараад үзэхэд л ойлгомжгүй бүтэхгүй зүйл нь харагдана

Гоё харагддаг ч Монголд тохирохгүй санаа. [66.181.160.103] 2023-08-29 15:56:04

Замын голоор автобус явуулахлээр замын голоос замын захруу гардаг газар ДООГУУРХ ГАРЦ, эсхүл зам дээгүүрх ГҮҮР барих хэрэгтэй болно. Үүнийг автобусны буудал БҮР ДЭЭР хийдэг. Ийм байсныг Индонезийн Жакарта нийслэлд нь харсан. Улаанбаатар үүний төсөв зардлыг дааж санхүүжүүлж ЧАДАХ УУ? Нөгөөтэйгүүр цас мөстэй өвөл болдог хотуудад ийм замын голоор явдаг автобус ер ХАРААГҮЙ, их хальтиргаатай болдог учир элдэв шаттай гарц байгуулах нь зохимжгүй байдаг бололтой.

irgen [202.126.90.77] 2023-08-29 13:06:14

torguuli bicheed bval zurchil mash ih arilnaa. zogsooliin buyu zurchliin tsagdaa ih heregtei

Зочин [203.98.76.249] 2023-08-29 11:08:51

хотоос иргэнээ хөдөө очиж амьдарх нөхцөийг бий болгоод нутаг усандаа эзэн болж амьдруул даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.