ОУВС: БНХАУ-ын ДНБ-ий энэ оны өсөлтийн төлөв өмнөх сарынхаас дээшлэв

Aдмин / Гадаад мэдээ

Олон Улсын Валютын Сангаас БНХАУ-ын 2023 оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтийг 5 хувь гэсэн урьдчилсан төлөв гаргаад байсан бол хамгийн сүүлийн үеийн байдлаар 5,4 хувь гэж тодорхойлж, хүлээлтээс давах төлөвтэй байна гэж зарласан байна. Энэ нь цар тахлын дараах жилүүдээс нэлээд өндөр хувийн үзүүлэлт юм. Энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв байдал нэмэгдэхэд Хятадын зүгээс эдийн засгаа дэмжихийн тулд засгийн газрын бондын хэмжээг 1 их наяд юань гэж тогтоож өгсөн нь нөлөөлсөн гэж шинжээчид харж байгаа юм байна.

Олон Улсын Валютын Сангийн гүйцэтгэх захирал Гита Гопинат Бээжинд ярилцлага өгөхдөө Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт засгийн газрын шинэ бодлоготой нягт уялдаатай гэж үзэж байгаа юм байна. Харин ирэх оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтийг арай бага байх болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Олон Улсын Валютын сангаас сар бүр гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын 10-р сарын тайланд Хятадын эдийн засгийн 2024 оны өсөлтийг 4,2 хувь гэж тооцоолж байсан бол энэ сарын байдлаар 4,6 болж өссөн байна. Хятадын эдийн засагт одоо ч үл хөдлөх хөрөнгийн салбарын царцанги байдал нөлөөлсөн хэвээр байгаа. Мөн гадны эрэлт бага байгаа тул бодлого тодорхойлогчид энэ тал дээр сайтар анхаарч ажиллах ёстойг сануулж байлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбар бол маш том зах зээл. Нэг удаагийн бодлогоор тийм амархан эргэн сэргээх боломжгүй. Урт хугацаандаа тууштай бодлого баримталж байж энэ зах зээлийг сэргээж чадна гэж Олон улсын Валютын сангаас үзэж байна. Жишээлбэл, энэ салбарт өгөөж өгөхөө больсон бүтээн байгуулагчдыг зах зээлээс шахаж гаргах, үл хөдлөхийн үнийг тогтооход учирдаг саад бэрхшээлүүдийг арилгах, баригдаж дуусаагүй барилгуудыг гүйцээхийн тулд засгийн газраас санхүүжилтээ нэмэх зэрэг арга замууд байж болно гэж дурдлаа.

Хятадын эдийн засгийн төлөв байдал энэ онд хүлээлтээс өндөр байгаа ч үл хөдлөх салбарын царцалт, засгийн газрын дотоод өрийн хэмжээг бууруулахгүй бол урт хугацаандаа уналтад орох эрсдэл өндөртэйг эдийн засагчид тайлбарлаж байна. Хятадын засгийн газрын дотоод өр цар тахлаас өмнө 2019 онд эдийн засгийн нийт гаралтын 62 хувьтай тэнцэж байсан бол 2022 онд 76 хувь буюу 92 их наяд юань болж өссөн. Тэгвэл засгийн газрын дотоод өрийн хэмжээг багасгахын тулд өнгөрсөн 7-р сард ХКН-аас тусгайлан бодлого хэрэгжүүлнэ гэж зарлаж байсан. Олон улсын валютын сангийнхны хэлж байгаагаар одоогоор Хятадын эдийн засагт тулгарч байгаа гол шалгуур нь эдийн засгийн зардлыг багасгаж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд учирч болох эрсдэлийг бууруулах болоод байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.