ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ НЬ ТОМООХОН ЭРСДЭЛҮҮДИЙГ СААРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА...

Aдмин / Улстөр

Дэлхийн банкнаас 11-р сарын 28-ны өдөр мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг 5,8 хувиар өсөж ирэх онд 6,2 хувь болтол өсөх магадлалтай.Эдийн засгийн өсөлтөд цаг үеийн харьцангуй тогтвортой байдал болон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт голлох нөлөө үзүүлжээ.Гэвч нийгмийн ядуурал, ажилгүйдлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний хэмжээ бага, өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ ханш савлагаатай байгаа учраас эдийн засгийг төрөлжүүлж нэг бүтээгдэхүүн буюу нүүрс, нэг улсын худалдаа, боомт буюу Хятадаас хараат байдлаа засан сайжруулж бодлогын эрс шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд Оюу Толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байна. Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой.

Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүй байна. Уг тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар онцолжээ.

Программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харилцаа холбоо болон интернэтийн хүртээмжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал сул, өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд дутмаг зэрэг цахим дэд бүтцийн сорилтууд байсаар байна.

“Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв.

Инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм.

Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцолжээ.

Дунд хугацаанд төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлж улмаар эдийн засагт үүсэх аливаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээ авах бодлогын орон зайг бий болгох, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтууд, түүн дотор Шинэ Сэргэлтийн Бодлогын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтуудад шаардагдах хуримтлалыг бий болгох нь чухал ач холбогдолтой байна. Түүнчлэн цахим үйлчилгээг хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжихийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлэхэд мөн анхаарах шаардлагатайг тайланд дурджээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.