Протокол: Ирэх онд тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ нэвтэрнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш 15.00 цагаас 69.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийв. Мөн ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томилж, тогтоолыг баталлаа. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын чуулганы протоколыг хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдсан. Улсын төсвийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэл, аймгууд төсвөө батлах учиртай. Тийм учраас Түгжрэлийг бууруулах хуулийг төсөв батлагдахаас өмнө батална. Өнөөдөр багтаж, анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тийм учраас шуурхай, анхаарч ажиллахыг хүсье. Асуулт хариултаа аль болох товчилмоор байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

- Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох асуудлыг хуульд тусгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн хуулиар зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл гурван сая төгрөгөөр торгох юм байна. Өнөөдөр шар дугаартай 200-хан такси байна. Энэ бол хотын үйлчилгээнд хангалтгүй. Тиймээс цахим платформоор бүртгэл хийгээд UВ cab гэхэд 40 мянган жолооч бүртгэгдсэн байна. Такси хэрэглэгч нь 900 мянга орчим болжээ. Үндсэндээ Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн компани зохицуулж байна. Энэ хуулиар бол тэр хүмүүсийг торгох болчихлоо. Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийн зүйл заалт хоёрдмол агуулгагүй байна гэж заасан. Тэгэхээр энэ заалт яаж хэрэгжиж, зохицуулагдах юм.

Хотын дарга Х.Нямбаатар:

- UВ cab-ийн үйлчилгээ бол такси үйлчилгээ биш. Энэ нь олон улсад арай өөр хэлбэрээр хөгжиж байна. Такси үйлчилгээ нь Зам тээврийн сайдын Зорчигч тээврийн дүрмээр зохицуулагдах учиртай. С.Бямбацогт сайдтай энэ асуудлаар ярилцсан. Хууль батлагдсаны дараа олон дүрэм журам батлагдана. Энэ явцад UВ cab-ийнхны энэ үйлчилгээг Зорчигч тээврийн дүрмэнд тусгаж өгөхөөр ажлын хэсэг дээр ярилцаад байна. Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хуулийн дагуу хотын нүүр царай болсон, дүрэм журамд нийцсэн таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчидтэй нийслэл хамтран ажиллана. Ирэх оны аравдугаар сарын 1-нээс тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ нэвтэрнэ. Одоогийн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид маань тодорхой сургалтад сууж, дүрэм журмаа биелүүлэн, тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхлэх шилжилтийг мөн хийж болно.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монголын хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэлийн чухал асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүд маань нийслэлийн төсөв хэлэлцэж буй энэ цаг үед сонгогчиддоо өгсөн амлалтуудаа Хотын даргад сануулж байгаа байх. Энэ хууль ямар ч гэсэн батлагдах юм байна. Харин 2020 онд та бүхэн УИХ-д нэр дэвшихдээ ямар амлалт өгч байлаа. Сануулахад, Нийслэлийн замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар гарцын нэвтрэх чадварыг сайжруулна. Дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийнэ гэжээ. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан автозам, төмөр замын нүхэн болон гүүрэн найман гарцыг хийж, шаардлагатай байршлуудад давхар замыг барина гэжээ. Энэ бүхэн яаж хэрэгжсэн бэ. Мөн нийслэл хотыг 2030 онд хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд чинь метроны төсөл гэж байхгүй байна. Удахгүй сонгууль болно. 200 гаруй хоног үлдлээ. Энэ хугацаанд амласан амлалтуудаа биелүүлж чадах юм уу. Зөвхөн хууль баталж, хууль санаачилсан дүр эсгээд өнгөрөх юм уу. Мөн татвар нэмэхгүй гэж амалсан нь ч нийслэл дээр автомашины татвар нэмэх асуудлыг ярьж байгаа гэж ойлгосон. Энэ ямар учиртай юм бэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Саяхан Барилга хот байгуулалтын сайдтай хамтарсан хурал хийж, 2040 дээр гадны экспертүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 5.4 тэрбум төгрөгийг НИТХ баталсан. Тендер нь удахгүй зарлагдах гэж байна. Гадны зөвлөхүүд шалгараад зөвлөгөө өгвөл 2040 төлөвлөгөөгөө удахгүй УИХ, Засгийн газарт өргөн барина. Хаврын чуулганаар баталчихвал их сайн байна. Зам өргөсгөх, холбоос замуудыг нэмж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлуудаас гадна 2024 онд 20 гаруй хувиар нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Ард аюушын өргөн чөлөөг Толгойтын гудамжтай. Нэгдүгээр хорооллыг Яармагтай холбох зэрэг томоохон магистрал замуудаас гадна энэ онд Цайзын уулзварыг Шар хадтай холбох, Нарантуулын уулзварыг Улиастайн хурдны зам хүртэл холбох ажлыг ирэх жил хийнэ. Яг үнэндээ найман нүхэн гарц хийж чадсангүй. Ирэх зургадугаар сараас өмнө гурван нүхэн гарц хийх ажил угсрагдаж байна. Сургуулиудыг бүгдийг нь автобустай болгосон. Одоо нийслэлийн нийтийн тээврийн газар зардалтай нь бүрэн шийдвэрлэхээр болж байна. Автомашины татвар нэмэх асуудал ИТХ дээр огт яригдаагүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Улаанбаатар хот дэлхийн хамгийн адгийн 10 хотын нэг болсон л доо. Маргааш өглөө бид унтаад сэрэх юм уу бүү мэд. Үхлийн хөндийд л амьдарч байна. Үүнийг дэлхий нийтээрээ л гайхаж байгаа. Ийм хүнд нөхцөлд Х.Нямбаатар хотын даргаар очсон. Би Хотын даргаас юм асуумааргүй байна. Чадлаараа л ажиллаж байгаа байх. Харин өнгөрсөн найман жилд та нар маань юу хийчихэв ээ. Энд нэг хариулаад өгчих. Инфляцаар ард түмнээ нэг сорно. Одоо нэмээд татвараар дарамтална. Энэ хууль батлагдаад юу өөрчлөгдөх юм. Нөгөө автобусууд чинь хаана байна аа. Одоо ямар өнгийн автобус орж ирэх юм. За Х.Нямбаатар сайд хариулаад хэрэггүй. Би хариултыг нь мэдэж байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг хийж дуусгасан. Таван үйлдвэрлэгч оролцсоноос евро стандартын автобус үйлдвэрлэдэг Хятадын компани шалгарсан. Удахгүй олон нийтэд мэдээлэл хийнэ. 60 гаруй мянган ам.доллараар худалдан авах санал шалгарсан гэдэг урьдчилсан мэдээлэлтэй байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Би АН-аас нийслэлд сонгогдсон цорын ганц гишүүн. Тэгэхээр нийслэлтэй холбоотой бүх асуудалд анхаарч байна. Х.Нямбаатар даргаас нэг зүйлийг аминчлан гуймаар байна. Баянгол дүүрэг Засаг даргагүй найман сар болчихлоо. МАН тэнд олонх байгаа. Сураг сонсоход, Баянголын МАН хоёр хуваагдаад Засаг даргаа огцруулчихсан. Дүүргийн Засаг дарга хийхэд найман сар битгий хэл найм хоног эмнэлэгт хэвтэхэд ч ажил цалгардаад хэцүү байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль нийслэлтэй холбоотой хоёрхон асуудлыг шийдэж байна. Цаашид асуудал бүр дээр хууль оруулж ирэх юм уу. Хотхонууд дээр сургууль барих асуудлыг шийдэж өгөөч.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Баянгол дүүргийн Засаг дарга томилогдсон. Ажлаа аваад яг нэг сар болж байна. “Алтай” хотхон дээр улсын сургууль барих асуудлыг шийдэж чадсан. Цаашид төвлөрөл ихтэй томоохон хотхонууд дээр сургууль барих асуудлыг шийдвэрлэж ажиллана.

Ийнхүү дугаар шилжих мөчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй 72 асуудлаар санал хураалт явуулж, хуулийн анхны хэлэлцүүлгийг өндөрлүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.107] 2023-12-01 10:17:18

Buuh ezentei butsah hayagtai UB cab iig tegeed dampuuruulah uu? alNaad taxinuud chini 2 jiliin daraa bvgd baihgui bolno ter ued ni dahiad ehleh uu? Huviin hevshlee deeremddeeg ene namiin uildel mon doo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.