Шимизү Такэнори: Япон улс Монголоос ховор металл, жонш импортлох өндөр сонирхолтой

Aдмин / Нүүр

Монгол, Япон хоёр улсын харилцааг залгамжлан явах, мэдээллийг түгээн таниулах чадвартай залуусыг Японд урьж тус улсын нийгэм, эдийн засаг, соёл спорт, шинжлэх ухаан, гадаад харилцааны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Jenesys” төсөл 2007 оноос хойш хэрэгжиж иржээ. “Jenesys2023”-ын оролцогчид энэ сарын 4-11-нд Япон улсыг зориод ирлээ. Энэ удаагийн хөтөлбөрт Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн лекц багтсан нь онцлог байв. Ноён Шимизү өөрийн төрөлх оита мужийн Коконоэ хотод төвхнөжээ. Тэндээ Монгол Улстай холбоотой түүх, соёл, өөрийн ажиллаж байсан үеийн бүхий л биет дурсгалуудаар гэр галарей байгуулснаа монгол хүүхэд, залууст сонирхуулж амттай тайлбаруудыг хийж байлаа. Мөн тэрээр ойн гүн дэх өөрийн эзэмшлийн уламжлалт байшингаа сэргээн засварлаж, япон монгол хүүхэд залуусыг хамт байрлуулж танилцуулж нөхөрлүүлэх, Монгол Улсын талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгаж байлаа.

Энэ уулзалтын үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та ингэхэд анх Монголд хэзээ хөл тавьж байв даа?

-Би дөрвөн удаа Монголд очиж байсан. Ингэхдээ их сонин цаг үеүд байдаг. Хамгийн анх очиход социализмын үе байсан. Та бүхэн социализмын үед төрөөгүй учраас мэдэхгүй. Хоёр дахь удаа очиход ардчиллын хөдөлгөөн эхэлсэн үе таарсан. Талбай дээр 50 мянга гаруй залуус цуглаж Засгийн газрыг эсэргүүцэж байсан цаг үе.

Гурав дахь удаа очиход эдийн засгийн хямралын хүнд үе байлаа. Хамгийн сүүлд 2011 онд Элчин сайдаар томилогдон очих үед Монгол Улс хөгжиж, х үмүүсийн амьдрал сайжирсан нь илт харагдаж байв. Япон, Монгол хоёр улсын харилцаа ч өндөр түвшинд хүрсэн ийм цаг үед очиж байлаа.

-Таны төрөлх нутаг Оита муж манай улстай нэлээд эртнээс харилцаа тогтоосон гэв үү. Чухам ямар байдлаар харилцаж байна вэ?

-Монгол, Оита мужийн харилцаа бүр социализмын үеэс эхтэй. Оита бол халуун рашаанаараа дэлхийд алдартай. Газрын гүний халуун усыг ашиглан усан цахилгаан станц байгуулсан нутаг. Тиймээс энэ хүрээнд Баянхонгор аймагтай хамтын ажиллагаатай байдаг.

-Таныг Монголын төлөө их зүйл бүтээсэн хүмүүсийн нэг гэж монголчууд үнэлдэг. Монгол хэлээр бидэнтэй харилцаж, Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсээр галерей байгуулчихсан байхыг харах сайхан байна?

-Би залуудаа орчуулагч хийж байсан үеийг бодоход одоо монгол хэлийг мартжээ /инээв/. Намайг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд ерөнхий сайд Абэ гурван удаа Монголд айлчилсан байдаг. Өмнө нь ийм тохиолдол байгаагүй. Абэ сайд үнэхээр Монголд элэгтэй хүн байсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнө алагдсан. Одоо миний санаа зовж байгаа нэг зүйл бол залуу үеийн япончууд Монголын талаар мэдлэг улам буурч байна. Японд Монголыг сонирхож байгаа хүмүүс гэвэл бидний үеийн 60, 70, 80 хүрсэн хүмүүс. Гэтэл Монголын дундаж насжилт 28, Японы дундаж нас 48. Бидэн шиг хөгширсөн хүмүүс л байна. Тиймээс Японы залуус Монголын талаар мэдлэгтэй болохгүй л бол бидний дараагийн үе мэдэхгүй болж эхлэх нь. Тэгвэл хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг засмаар байна. Япон залуус Монгол гэхээр бараг мэдэхгүй байна. Харин Монголд очоод ирсэн хойноо дахин дахин очихыг хүсдэг тийм сайхан нутаг. Тиймээс би аль болох олон япон залууст Монголыг танилцуулах хүсэлтэй байдаг. Энэ хүрээнд инстаграм хаяг нээж, Монголын талаар танилцуулдаг болсон.

-Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоогоод хагас зуун жил өнгөрчихлөө. Эрт үеэс зээл тусламжаас эхлээд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын аль сайн бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг шүү?

-Би Элчин сайдаар анх очихдоо боловсролын салбарт их анхаарч байлаа. Монголчууд сайн боловсрол авч олж авч чадвал ямар ч асуудлыг даван туулж чадна. Үүнд туслах нь миний үүрэг гэж бодож ажиллаж байсан. Түүх өгүүлэх бүтээн байгуулалтууд ч бий. Үүний нэг бол Замын-Үүд дэх ачаа ачих терминал. Би Японоос Монголд яваад оччихсон байдаг. Ачаа маань ирдэггүй хоёр сар болсон. Учрыг нь лавлатал Эрээнд гацчихсан байсан. Тиймээс Замын-Үүд дээр ачаа ачих бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн.

Нарны замын төсөл хэрэгжүүлэх үед ямар нэр өгөхөө мэддэггүй. Нэгэнт Монгол Улс хөгжсөөр байх болно. Япон улсын тусламж дэмжлэгийн талаар ирээдүй хойчийн залуус мартах цаг ирнэ. Ийм учир хэзээд дурсаж байх зүйл бол нэршил гэж үзээд энэ төслийг нэрлэх уралдаан зарласан. Арваад нэрс ирснээс “Нарны зам” гэх нэршил шалгарч байлаа.

Сүүлд гурван том төсөл хэрэгжсэн. Эхнийх нь Чингис хаан олон улсын нисэх буудал, хоёр дахь нь 1000 инженер бэлтгэх төсөл. Гурав дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг. Би Монголд олон сайхан найзуудтай. Үүний нэг нь уртын дуучин Норовбанзад, морин хуурч Батчулуун нар байлаа. Тэд буруу о ношлогдож Японд эмчлүүлэхээр аваачсан ч оройтсон байлаа.

-Цаг үеийн асуудлаар нэг зүйл тодруулъя. Орос-Украины дайн Монголд ямар нөлөө үзүүлнэ гэж та хардаг вэ?

-Украины дайны нөлөө шууд гарахгүй. Гэхдээ энэ дайныг Орос хийж байгаа учраас нөлөө зайлшгүй Монголд бий болно. Нааштай нөлөө биш байх. Яагаад гэвэл бид Оросыг шүүмжилдэг. Хариу арга хэмжээ авч байгаа. Сөрөг нөлөө байсаар байна.

Хуучин цаг үед Хятад, Орос хоёр харилцаа таагүй явж ирсэн. Харин өнөөдөр энэ хоёр улсын харилцаа нэлээд өндөр түвшинд хүрч байна. Монголын хүнд цаг үед Орос дэмждэг байсан. Одоо тэд Хятадын үгэнд орно.

-Япон Монголоос байгалийн баялаг экспортлох сонирхолтой гэж та сая хэлсэн. Чухам ямар чиглэлээр хамтрах сонирхол байна вэ?

-2016 онд хоёр улс эдийн засгийн түншлэл байгуулсан. Гэвч нэг их сайн урагшлахгүй байна. Япон Монголоос байгалийн нөөц авах өндөр сонирхолтой. Ховор металл, жонш экспортлох хүсэлтэй байдаг. Харамсалтай нь тээврийн асуудал байнга гардаг. Ингэхээр Хятадыг дайраад явуулахаас өөр аргагүй.

Зөвхөн Япон гэлтгүй Солонгос, Энэтхэг ч Монголын байгалийн нөөцийг төдийгүй Монголын хөдөө аж ахуйн бүээгдэхүүн авах сонирхол өндөр. Тэр салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс бий. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад янз бүрийн дарамт үзүүлсээр ирсэн. Үүнд хөрөнгө оруулагчид айж болгоомжилж ханддаг. Энэ уур амьсгалыг өөрчилж Монголын талаас идэвхтэй, хөрөнгө оруулагчийг х а мгаалах талаар танилцуулга хийх хэрэгтэй болов уу.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Монгору [103.57.94.64] 2024-03-16 10:53:39

Манайд метро бариад өгөөч Японоо төлбөрийг нь жоншоор өгье ..

Зочин [202.9.40.154] 2024-03-16 08:11:31

Монголд ажилласан гадаадын элчин сайдуудаас хамгийн үр дүнтэй, сайн ажилласан хүн бол Япон улсын элчин сайд Шимизү Такэнори юм. Маш их зүйл хийж хэрэгжүүлсэн, монгол хэлээр сайхан ярина, найрсаг зантай жинхэнэ дипломатч хүн гэж энэ эрхэмийг л хэлнэ, бөярлалаа танд

Зочин [203.98.76.69] 2024-03-15 15:59:32

Би энэ эрхэм хүнтэй 1 хоёр удаа уулзаж байсан. Монголоор маш сайхан ярьна. Монголын төлөө ямар нэг юм хийчэх юмсан гэсэн бодолтой.

Зочин [139.5.218.49] 2024-03-15 12:00:13

Япончуудтай хамтрах нь зөвөө. Тэд авигадахгүй, хуурахгүй ард түмэн шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.