И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Санжаасүрэнгийн Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Ярилцлагыг маш олон хүн үзэж, нийгмийн сүлжээндээ өөр өөрийн гэсэн өнцгөөр байр сууриа илэрхийлж байх шиг байна. Таны хувьд ямар өнцгөөр энэ хүний ярилцлагыг хүлээн авч байгаа вэ?

-Юун түрүүнд хэвлэл мэдээллээр хэн ч, хэзээ ч ярилцлага өгөх нь тухайн хүний эрх. Ярилцлагатай холбоотойгоор АН-ын хувьд ямар нэгэн тайлбар хийх шаардлага байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хувь хүнийхээ өнцгөөр энэхүү асуудалд байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, өнгөрсөн зургаа, долоон удаагийн сонгуулийн өмнө энэхүү хэргээс нэг хэсгийг нь тасдаад нийгэмд цацдаг. Үүнийгээ мэдээж сонгууль, улс төрийн зорилготойгоор ашиглаж ирсэн. Харин Ардчилсан нам болон миний хувьд энэхүү асуудлыг улс төрийн сэдэв биш байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг.

С.Зориг агсны мэндэлсэн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөх үедээ ч энэхүү байр сууриа тодорхой хэлсэн. Эрх мэдэлтнүүд, улстөрчид, ер нь хүн бүхэн энэ хүнийг хүндэлдэг, хайрладаг, үзэл санааг нь дэмждэг бол уг хэргийг хуулийн хүрээнд ил тод болгож, илрүүлэх ажлаа төгс хийгээч ээ. Одоо энэ асуудлыг улс төрийн сэдэв рүү оруулахаа зогсоохгүй юм уу гэдгээ тодорхой хэлсэн. Одоо ч хэлж байна.

-Тэгэхээр таныхаар бол энэ удаад ч гэсэн сонгуулийн зорилготойгоор ашиглаж байна гэсэн үг үү?

-Миний хувьд тэгж хардаж байгаа

Сонгууль дөхөж байгаа учраас нийгмийн анхаарлыг татсан томоохон нэг хэргийг барьж аваад тухайн хэргээ өөр нэг улстөрч, улс төрийн нам руу тохох үзэгдэл дахиад явагдаж байна. Цаашлаад уг хэргээр сонгуулийн өмнө нийгмийг талцуулж байна. Энэ хэргийг шүүсэн шүүгчдийг яллаж байгаа нь өнөөдөр хуультай улс орны хувьд байж боломгүй зүйл. Тэр дундаа шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбож нийгмээрээ ялладаг нь өөрөө асар буруу. Энэ даамжирснаараа шүүгчид итгэх итгэлгүй болгоно гэсэн үг. Шүүх засаглал нуран унана. Шүүх засаглал нуран унаснаараа Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрхийн асуудал байхгүй болно. Тиймээс энэ бол маш том хариуцлага, маш тодорхой анхаарах ёстой асуудлуудын нэг.

-Нийгэм бол энэхүү ярилцлагаас үүдэж хэд хэд хуваагдан маргалдаж байна. Ингэж нийгмийг талцуулах нь хэнд ашигтай юм бэ?

-Чамайг уурлуулж чадаж байгаа хүн чамайг удирдана гэдэг үг бий. Монголчуудыг яагаад ингээд талцуулаад байна вэ. Энэ олон асуудал, нийгмийн бухимдал, талцал чинь үндэсний эв нэгдлийг үгүй хийж дууслаа. Үндэсний эв нэгдэл сулраад байхад энэ сэдвээр хэн нэгэн нь ярихгүй юм уу. Ялангуяа гадаад нөхцөл байдал, уур амьсгал хурцадмал байгаа энэ цаг үед Монгол Улсын дотоод эв нэгдэл алсраад байгааг ярихгүй юм уу. Өнөөдөр дэлхий дайны ирмэгт тулчихсан байна. Хөрш орнууд маань нэг нь дайнтай, нөгөө нь эдийн засгийн хямралтай тогтворгүй байна. Ийм цаг үед улс орны оршин тогтнох, аливаа учирж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах хамгийн том дархлаа бол Үндэсний эв нэгдэл.

-Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө АН ажиллаж чадаж байгаа юу?

-Сонгуульд нэг нам ялахын төлөө улс үндэстнээ хуваасан, талцуулсан үйл ажиллагааг байн байн явуулсаар байвал эцэст нь нийгмээрээ асар хохиролд унах вий. Манай намын хувьд өнгөрсөн жилүүдэд эв нэгдэлгүй байсан. Түүнийгээ ард түмнээрээ дүгнүүлээд дүнгээ тавиулаад хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан нь үнэн. Харин одоо эв нэгдэл гэж юу болохыг мэдсэн. Эв нэгдэлд хамгийн мэдрэг ханддаг улс төрийн хүчин болсон. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнө нийгмийг бужигнаантай болгосноороо дараа нь засч залруулах боломж гарч ирэх үү гэдгээ бодох хэрэгтэй байна. Тиймээс сонгуультай жил буюу яг энэ үед эрх баригч намдаа нийгмийг талцуулсан, бужигнуулсан пи ар явуулахгүй байхыг уриалж байна.

-Улстөрчийнхөө хувьд уг нэвтрүүлгийг зорилготой явагдсан гэж хардаж байна уу?

-Мэдээж тэгж хардаж байна. Учир нь уг нэвтрүүлгийг Монголын олон телевиз нэг дор нийгэмд цацлаа. Нэг талдаа үүнд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй. Нөгөө талдаа Б.Булган гуай сүүлийн хэдэн жил ажилгүй гэртээ суусан гэдгээ ярилцлага өгөх үедээ хэлсэн. Тэгэхээр хэн, хаанаас санхүүжилт гаргаж энэ нэвтрүүлгийг нийгэмд цацав гэдэг нь эргэлзээтэй асуудал боллоо. Энэ бол зохион байгуулалттай ажил болсон гэдэг нь тодорхой. Гэхдээ миний хувьд тухайн хүний ярилцлага өгсөн эсэх нь буруу зөв байсныг шүүхгүй. Хамгийн гол нь нийгмийн анхаарлыг татсан сэдвийг сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар цацаж, иргэдийг үзэл бодлын хувьд талцуулах нь өөрөө зөв үү, буруу юу. Өөрсдөө ялахын тулд Монгол Улсыг хагалан, бутаргах нь хэнд хэрэгтэй юм бэ. Үндэсний эв нэгдлийг хагалах иймэрхүү зорилготой пи ар сонгууль хүртэл олон явагдах байх. Үүнээс болоод сонгуулийн дараа үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй ард түмний эсэргүүцэл дээр гадны ямар нэгэн эрх ашиг нөлөөлснөөр өнгөрсөнд болсон хар түүх дахин давтагдах вий дээ. Монголын ард түмэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг мартаагүй байлгүй дээ. Тэр үед гадаад орчин нөхцөл маш тайван байсан. Одоо харин гадаад нөхцөл байдал ямар хурцадмал байгаа билээ.

-Сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдал шиг зүйл үүсэх эрсдэлтэй гэж болгоомжилж байна гэж ойлгох уу?

-Нэгдүгээрт, болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр өнөөгийн нийгэмд ялгаварлах хандлага хаа сайгүй болчихсон байна. Хүнийг үзэл бодлоор нь, хөрөнгө мөнгөөр нь, сүүлдээ ажил мэргэжлээр нь хүртэл ялгаварладаг болчихсон байх юм. Хувийн өмч рүү маш их халдсан бодлогыг дээр дооргүй гаргадаг болж.

Бараг энэ нийгэмд хувийн өмчтэй байж болохгүй мэтээр хардаг боллоо. Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө ялгахаа больж. Гэтэл хувийн өмчийг хамгаалах, дэмжих, хүний эрхийг тунхагласан Үндсэн хуулийн зарчмыг нийгэмд мөрдүүлэн ажиллах ёстой төр өөрөө нийгмийг талцуулах пи арын гол захиалагч нь болж хувирлаа. Төр өөрийнхөө үйлдэлд сохорсон байна. Тиймээс хэн нэгэн нь Үндэсний эв нэгдлийн төлөө дуугарах цаг болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

МОНГОЛ [66.181.188.66] 2024-04-25 15:35:27

АН НАМД ЗОРИУЛЖ МААНЬ УНШИЦГААЯ, САЙХАН НАМ БАЙЖ ДЭЭ

Дэнзэн [103.212.119.29] 2024-04-24 22:02:21

Чингэлтэйгээс энэ нөхөр гарахгүй дээ

Зочин [103.57.94.224] 2024-04-24 21:46:53

ЗОРИГИЙН ХЭРЭГ ҮНЭНЭЭР ИЛЭРВЭЛ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ АЛДАГДНА ШҮҮ ТЭР ЯГ ҮНЭН

зочин [202.126.91.148] 2024-04-24 10:38:21

Түй май шүү ялзарсан хугайчуудаа

ЗОЧИН [202.126.91.148] 2024-04-24 10:37:13

АН ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ БАЙТУГАЙ НАМЫНХАА ЭВ НЭГДЛИЙГ ОЛЖ САХИЖ МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮДИЙН ЦУГЛААН БОЛСОН БЗАРЫН ШУНАЛТАЙ АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУДЫН ОРОГНОЛЫН САВ БОЛСОН

Иргэн [139.5.216.111] 2024-04-23 16:57:22

Нэг: МАН 8жил ядууруулсан !!!!!!!! өмнө ч ядуу дарангуйлд ч байсан Одоо ард Түмэн Хэрэлдээд байлгүй Сонголтоо нэг - Намаас Өөрчилчилцөө !!!!!!!! ядуу дарангуйл байх хүсэл алга даа!!!!! Сонголт зөв байх бидний үр хүүхдүүдээ бодож хий - бид бэлэг авч сонголт хийвэл - Яг Хойт Солонгос болно шүү !!!!!!!!!!!!

2 системыг сайн мэдэж, дундаас нь ашгаа олж байх хэрэгтэй. [66.181.160.63] 2024-04-24 10:51:33

Монгол баян хөрөнгөтөн орон ч биш, ядуу өлөн социалист улс ч биш завсрын доройдуу амьдралтай, том нутагт тарчихсан нүүдэлчин ард байнадоо. 2 хөрш улс одоогийн байгаагаараа байгаад байвал монголчууд ч гэсэн капитализм-социализмын завсраар мах ч биш бүлчирхай ч биш байна. Иймд бид хуучин социализмаа мартаж болохгүй, гэхдээ капитализмын үндсийг байнга судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдрахгүй шүү.

хүннү [202.55.188.88] 2024-04-23 14:05:36

АН хаяагаа манаж байна. Тэртэй тэргүй ялагдана. Гэхдээ танай намыг олонх болтол дэмжинэ. 2028 онд ялах юм байгаа биз дээ.

Зочин [202.126.90.181] 2024-04-23 13:46:00

Манай нам ялагдвал 7сарын1нд үймээн гаргана гэдгээ зарлаад байна уу

Зочин [202.126.89.193] 2024-04-23 12:42:01

ТИЙМҮҮ АН - ТА ӨӨРСДӨӨ ЭВ НЭГДЛИЙГ ҮГҮЙ ХИЙГЧИД БИЗДЭЭ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.