Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэндээ амжилт хүсье!

Д.Тулга / Спорт

Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Парис-2024 олимпын наадмын боксын 50 кг-ийн жинд өрсөлдөх О.Есүгэний тухай онцолж байна.

“Ханжоу”-ийн наадмын хүрэл медальтан

Энэ цаг үед Монголын боксын ертөнцийн эмэгтэй тулаанчдыг өнгөлж яваа тамирчин бол О.Есүгэн билээ. Тэрээр Парис-2024 наадамд оролцох эрхээ өнгөрсөн оны есдүгээр сард өвөртөлсөн байна. Манай тамирчин энэхүү эрхийг “Ханжоу”-ийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр баталгаажуулсан аж. О.Есүгэн тус наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна О.Есүгэн 2021 онд Чех Улсад болсон олон улсын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний дараа тэрээр “Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий. Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөр тутамдаа хоёр цаг бэлтгэл хийдэг

О.Есүгэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд. Дунд сургуулийн сурагч байхаасаа боксын спортоор хичээллэсэн байна. Түүнийг энэхүү спортод дурлуулсан хүн бол Жавхлант сумын хэсгийн төлөөгч О.Болдбаатар ажээ. Тэрээр 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтээ хоёр жил бэлтгэл хийсэн байна. О.Есүгэн анх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй буйгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь “Охин хүүхдэд тохирохгүй спорт” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч түүний тууштай зан гэр бүлийнхнийг нь зөөлрүүлж чаджээ. Тэрээр тэмцээнгүй үедээ ч заавал өдрийн хоёр цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг гэнэ. Хэдийгээр шантрах үе байдаг ч өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг гэж байв. О.Есүгэн боксын спортын тухай “Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө” гэсэн юм. Түүний хамгийн ойрын зорилго нь олимпын наадамд амжилт гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ажээ.

Ч.ГАНТУЛГА


Сэтгэгдэл

Жаамаа [103.57.93.106] 2024-04-26 13:35:33

Зорилго Итгэл тэй зодоонч охинд амжилт олимпийн медальтан болохыг ерөөе

Huyagaagiin naiz [176.3.16.121] 2024-04-26 01:31:43

Amjilt husie duud. Olimpiin medal oirhon baigaa shuu.Huchni dasgal sain hiigeerei

Зочин [122.201.31.199] 2024-04-25 22:03:30

Энэ мэдээ эхлээд монго байгаад дараа нь өөр хэл рүү орчуулагдаад буцаад монгол хэл рүү болчихвуу

Зочин [202.179.24.68] 2024-04-25 16:44:21

Ийм л зорилго , итгэл хоёр ОК


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.