БӨХИЙН ГАЛ: “Ховд”, “Хонгор нутаг” дэвжээнийхэн төрийн наадамдаа зодоглоход бэлэн болжээ

Б.БУРМАА / Спорт

Монгол хүн уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулж, тавьсан сум нь салхи сөрөн исгэрэх энэ өдрүүдийг бүтэн жил хүлээдэг.

image

Нар хур тэгширсэн дэлгэр зун айлсаж, наадам эхлэх өдөр хаяанд ирлээ. Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр болоосой хэмээн хүсч, морьдын хурд, бөхчүүдийн бяр тэнхээ хэр байгааг монголчууд сонирхон сонждог.

image

MEDEE.MN сайтын сурвалжлах баг Сүүж-Уул амралтад бэлтгэлээ базааж буй “Ховд” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөхчүүдийн галыг зорьсон юм. Дэнж нь алаг цэцэгсээр дүүрч, дэвссэн мэт ногоон зүлэгт хөндий биднийг угтсан. ЦЕГ-ын харьяа байгаль гойд сайхантай Сүүж-Уул амралтад “Хүч” спорт хорооныхноос гадна Өвөрхангай, Ховд, Баянхонгор, Хэнтий, Завхан аймгийн бөхчүүд болон “Аварга” клубын нийт 200 гаруй бөх бэлтгэл сургуулилтдаа гарч, бэлтгэл нь ч ерөнхийдөө хангагдаж, наадамдаа зодоглоход бэлэн болжээ.

image

Энэ жилийн наадмаар хэний хүү улсын төрийн баярын наадамд амжилт гаргаж, цолоо ахиулах бол хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж байна.

-БӨХЧҮҮД ГЭР БҮЛИЙНХНЭЭСЭЭ “ЦЭНЭГ” АВЧ, БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА-

Энэ жилийн хувьд бороо шороо багатай, бэлтгэл хийхэд нэн тохиромжтой өдрүүд үргэлжилж байгааг тэд хэлж байв. Бөх хүний бэлтгэл цаг хугацаатай нарийн дэгтэй байдаг. Биднийг 13.00 цагийн үед очиход бөхчүүд өдрийн хоолоо идээд амрах цаг нь эхлэх гэж байв. Бид Ховд дэвжээний бөхчүүдээ ахалж буй улсын харцага Н.Батзаяатай уулзахаар байрыг нь зорилоо.

Эмэгтэй хүнийг морины уяа, бөхийн галаар очиход таагүй ханддаг байсан цаг саяхан ч одоо өөр болжээ. Улсын харцага Н.Батзаяа болон аймаг сумын цолтой гурван бөх биднийг хүндэтгэн хүлээж авсан юм. Бөхчүүд үдээс хойш дөрвөн цагт бэлтгэлдээ гардаг юм байна. Тиймээс бэлтгэл эхлэхийг хүлээнгээ бөхчүүдтэй бөхийн ертөнцийн сонин хачин ярилцаж, тэр хавиар бөхчүүдийн амралтын байдлыг хэсэг сонирхов. Тэд наадмын бэлтгэлд гарахдаа гэр бүлтэйгээ хамтдаа амрангаа бэлтгэлээ хийдэг болжээ. Хүүхдүүд нь шуугилдаж тоглоод , эхнэрүүд нь хоол ундыг нь бэлдээд ажил амьдрал буцалсан сайхан мэдрэмж төрлөө.

Ховд нутгийн бөхчүүдийн бэлтгэл эхэллээ. Бөхчүүдийн бэлтгэл дэвээ шаваагаар эхэлж, хурдтай гүйх бэлтгэлээ тун ч чадмаг хийж байгаа харагдав. Хүч тамир нь бүрдсэн бөхчүүдийг гүйж байгааг хараад нэгэн бодол толгойд эргэлдэв. Давахгүй гэсэн даваагаа авчихаад сэтгэл нь баясаж гүйдэг бөхчүүдээ бид олон харсан. Энэ гүйлт яг л тэр мэдрэмжийг надад өглөө.

image

Тэд гурван цаг орчим тасралтгүй бэлтгэл хийдэг бөгөөд дунд нь аль болох амрах чөлөө өгөхгүйгээр хоорондоо барилдаж, хөлсөө гаргадаг аж. Түүнчлэн залуу бөхчүүддээ мэх зааж, хэрхэн яаж барилдах, угсраа мэх хэрхэн хийх талаар нь заавар зөвлөгөө өгч байх юм. Ёстой л нэг “Гарьд магнай” киноны хэсэг мэт санагдаж билээ.

image

Бөхчүүд дундаас Улсын заан Б.Пүрэвсайхан анхаарал татсан учрыг лав та гадарлаж байгаа байх. Биднийг сурвалжилга бэлтгэхээр очсон өдөр түүнийг барилдуулах эсэх нь тодорхой бус байсан учир бэлтгэлээ базаасан хэвээр л байлаа. Ай даа мөн ч тэнхээтэй байх юм. Зодоглосон бөх бүрээ давж байгааг харах сайхан ч барилдуулахгүй бол гэсэн бодол сэтгэл үймрүүлж харуусан сууснаа нуун юун.

image

2019.07.04-нд Улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нар энэ жилийн наадмаар барилдуулахгүй гэсэн шийдвэр гарлаа. Дараа жилийн наадам даанч хол байна гэж бид ярьдаг ч харвасан сум мэт өнгөрөх өдрүүд үргэлжилсээр. Нэг л өдөр та нар монгол наадмын дэвжээндээ дэвэн дэвсээр гарч ирж, их амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Н.БАТЗАЯА: БЭЛТГЭЛЭЭ ЗӨВ ЗОХИСТОЙ ТААРУУЛБАЛ ХЭН Ч ДЭЭШЭЭ БАРИЛДАЖ БОЛНО

Улсын харцага Н.Батзаяатай бэлтгэлийн дундуур ярилцлаа.

image

-Наадмын бэлтгэл сайхан уу?

-Бидний бэлтгэл шувтрах шатандаа явж байна. Аймгийн цолтнууд маань эхнээсээ буусан. Өнөөдөр аймаг, сумын цолтой бөхчүүд бэлтгэлээсээ буугаад дуусна. Улсын цолтой бөхчүүд үлдэнэ дээ. Наадмын өмнөх өдөр л буудаг даа улсын цолтон. Бэлтгэл 90 орчим хувьтай явж байна. Сүүлийн таван өдөр үлдсэн бөхчүүд хөлс гаргах маягтай хөнгөн бэлтгэлтэй л байдаг.

-Улсын наадмаар нутаг усныхаа нэрийг гаргах, цол авах л зорилгоор аймаг аймгаараа бэлтгэлд гардаг. Танай галын хувьд цол авах магадлал өндөр бөхчүүд олон биз?

-Манай бөхчүүд энэ жилийн хувьд бүгд дажгүй сайхан байна. Улсад 15,16 бөх барилдана. Мэдээж бүгд л дор бүрнээ хичээж барилдаж, нутаг орныхоо нэрийг гаргая гэж бодож байгаа байх. Хэн нэгнийг нь сайн барилдах болов уу гэж бодох зүйл алга.

-Аймгийн арслан цолтой хэдэн бөх байгаа вэ?

-Найман бөх байна. Улсын цолтой 7,8 бөх байна. Аймаг бүрийн наадам нээлттэй болвол манай бөхчүүд өөр өөр аймаг руу явах байх. Налайхын наадам эхэлж байх шиг байна. Тийшээ ороод цаашаа аймгуудын наадмаар тойроод явцгаах байх . Ер нь жил жилийн наадам өөр өөр болдог. Тэр түрүүлэх болов уу гэсэн таамаг алга. Ямар ч хүн хэдийн даваанд гарч барилдахыг таамаглах аргагүй болчихсон. Улсын цолтой бөхчүүд заавал түрүүлнэ, сайн барилдана гэсэн ойлголт байхгүй. Залуу бөхчүүд ч гэсэн бэлтгэлээ зөв зохистой тааруулсан, өөрийн гэсэн эрмэлзэлтэй байвал дээшээ барилдаж болно шүү дээ.

Б.БАТГЭРЭЛ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ ДЭЭШЭЭ ГАРААД, БАЙГАЛИЙН ХҮҮХДҮҮД НЬ ХОЦРООД БАЙНА

image

Улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүтэй Хонгор нутгийн 56 бөх “Сүүж-Уул” амралтад аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Б.Батгэрэл нарын удирдлагад наадмын бэлтгэлээ чамбайруулж байна.

Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний багш Б.Батгэрэл ярихдаа “Манай бөхчүүд Сүүж-Уул амралтад хоёр дахь жилдээ гарч байна. Зургадугаар сарын 19-нд бэлтгэлдээ гарч ирээд одоо бараг 20-иод хонож байна. 60-аад бөх гарч ирснээс зарим нь орон нутгийн наадамд оролцохоор бэлтгэлээс буусан. Улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд үлдээд бэлтгэл хийж байна. Бэлтгэл жигдэрч байгаа ч бас болоогүй. Одоо тав, зургаан хоног бүлдлээ. Энэ жилийн хувьд баяр наадмаараа улсын цолтон төрчих байх гэж найдаад сууна. Тав зургаан аймгийн арслан цолтон улсын цол руу зүтгэж байгаа. Энэ наадмаар допинг хэрэглэсэн бөхчүүд барилдуулах шийдвэр МҮБХ-ноос гаргачихаад дахиад цуцалж байх юм. Буруу шүү дээ. Тийм дураараа юм гэж юу байхав. Муу хүүхдүүд нь допинг хэрэглэж дээш гараад байхаар байгалийнх нь хүүхдүүд хоцорч байна шүү дээ.” хэмээн ярив.

-Б.ЭРДЭНЭХҮҮД НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТАЛААР МЭДЭГДЭЭГҮЙ ГЭВ-

Аймгийн арслан Б.Эрдэнэхүү мөн бэлтгэл жигдэрсэн сайхан харагдана. Тэрбээр өнгөрсөн жил тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодож, улсын начин цолны үзүүрээс атгаад алдсан нэгэн. Гэтэл саяхан Н.Ганбаатар гарьдаас допинг илэрсэн учир Б.Эрдэнэхүүд улсын начин цол нөхөж олгохоор болсон билээ. Улмаар цолыг нь бүр олгочихсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Харин аймгийн арслан Б.Эрдэнэхүү энэ талаар огт сонсоогүй, өөрт нь ямар нэг байдлаар мэдэгдээгүй, начин цол аваагүй хэмээж байв. Багш нь ч мөн энэ талаар хэвлэлээр гарсан мэдээллээс өөр тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэллээ. Хэрвээ Ерөнхийлөгч тийм шийдвэр гаргасан бол наадмаас өмнө цолыг нь олгох байх гэж найдаж байна гэсэн юм. Б.Эрдэнэхүүтэй хамт цол чимэг авахаар боллоо хэмээн мэдээлж байсан Ч.Хөхчирэнгэрт шадар сайд Ө.Энхтүвшин цол чимгийн нь өгсөн аж.

Монгол төрийн наадамд түмэн олноо баясгадаг бөхчүүдтэй дөрвөн цаг гаруй хамт хөөрөлдөн, бэлтгэлийг нь сонирхон, монгол бөхийн гайхамшиг, сайхныг ярилцаж өнгөрөөлөө. Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадах л үлдлээ.

Гэрэл зургийг: Д.Тулга "СҮҮЖ УУЛ" амралт 2019.07.02


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.99] 2019-07-05 22:55:55

Шудрага барилдахгуй хоорондоо монго тогрог авалцаж найраа хийж хуурахгуй яг сумо шиг гадны бохчуудийг оролцуулан барилдаж байвал сонирхолтой Тэгэхгуй бол ард тумнээ хуурч монгоор нэг нь ялаад ногоо нь монгоор унаад байвал энэ бох биш зугээр л шоу болоод байна даа

Зочин [202.179.31.66] 2019-07-05 10:42:37

За бас тэгж балайрч хадуурч болохгүй. Язгуур монгол язгуур бус аймаг гэсэн ойлголт угсаатан зүйд ч байхгүй түүхэн ойлголт.ч байхгүй. Түүхэн үедээ ч одоо ч нийтлэг эрх ашгийн нэгдэл. Түүх сөхвөл ховд гэлтгүй өнөө цагийн увс дөрвөдүүд 250 орчим жилийн өмнө нүүж ирсэн монгол бус аймгууд. Генетикийн код нь ч буриад халх зэрэг монголын бусад аймгуудийн хүмүүстэй давхцдаггүй. Хахь өөр, гэхдээ энэ нь гадуурхагдах шалтгаан огт биш. Эв нэгдэлтэй байх ёстой. Харин зарим нэг ухвар мөчид увс хүмүүсийн хувьд онцгойрох тэнэгтэх шалтаг болдог нь харамсалтай. Бөх гэгдэх баянмөнх мөн гишүүн чойжилсүрэн нар дэлхийн увс хүнийг хөгжүүлнэ гэх мэтээр яриад ухуулаад явдагийг холбогдох байгууллагууд анхаарч шалгамаар.

зочин [66.181.166.196] 2019-07-05 07:49:34

Зайлуул эдний бэлтгэл хийх гэж юу байх вэ дээ, өдөр тэнэг юм шиг жаал ноцолдоод, орой нь хагартлаа идэж, архи, айраг болоод л дуусч байгаа биз, ямар ч системтэй бэлтгэл энэ тэр байхгүй, худлаа шоудаж өөрсдийгөө баясгаж л байгаа улс ш дээ

Зочин [202.179.31.66] 2019-07-05 05:37:28

Хангайд түрүүлэх биеийн хүч бол байнаа сэтгэл нь нэг л орж өгөөгүй харагдаад бнлээ. Ядахад эртүүд дээр индэр дээр гаргаад суулгачих юм. Мягмар гуайтай зэрэгцээд, аль аль нь болоогүй л.бндаа. би ховдынх биш. Гэхдээ нутаг ус хүн зон нь үнэхээр сайхан монголооороо юм бнлээ.

irgen [202.21.117.210] 2019-07-05 08:26:16

Tiim shuu. Bi bol harin Xovdiinh nutgiig mini magtsand bayrlalaa. Baruun mongolchuudiig yazguur mongol aimag gedeg shuu de yakh argagui jinhen mongoliin yazguur ov soyliin uuts arhiv shuu dee

Иргэн [103.229.122.116] 2019-07-05 05:09:16

Ёс зүйгүй, аав, ээж, сургуулиас олж авсан хүммүжил байхгүй, ухамсар дорой монгол бөхчүүдийг юуны гэгээрүүлэх шаардлага байна.

Зочин [112.72.11.109] 2019-07-05 04:33:53

Ү

Zoshin [66.181.161.101] 2019-07-05 03:45:08

En bohshuud negniigei booj hisdag boloo bohiin nogoon devjee iim ym yrj baidag..purev saihniig garhal hergtei..

ene sport mon uu usand sain orood l saihan turtal beltgel hiimeer yum [66.181.180.13] 2019-07-05 03:42:13

untaad ideed l uugaad l baagaad sheegeed ,har tamhi,arhi heregleed l huuhen erguuleed l hereldeed l gahai shig targalaad l gedesee unjuulaad airag mornii mah omhii hols unertuuleed l tom n jijigiigee naashaa iree geed l avch shideed l boon yum bolj turuuleed l hoer honogiin dotor hagas tur bum togrogiin shagnal bai avaad l ene sport mon uu

Зочин [103.212.118.217] 2019-07-05 10:49:45

ЗАСС ӨМХИЙ АМАА ХАМХИ ЧИ ҮЗЭХГҮЙ БАЙВАЛ БОЛОО БИШҮҮ ӨВЧТӨН МИНЬ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.