Б.Пүрэвдорж: Малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон найман хүний нэг нь л ял авч байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Малын хулгайтай холбоотой олон асуудал байна. Үүнтэй холбоотой нарийн тоог сайн хэлэхгүй юм. Малын хулгайтай холбоотой нийт хохирол ямар байгаа юм, ямар статистик баримт байгаа юм гэдгийг ярихгүй байна. Тийм учраас тодорхой тоонуудыг хэлье гэж бодож байна. Малын хулгай л гэж яриад байгаа болохоос нарийн тоо ярихгүй байна. Өнгөрсөн 2019 онд 1809 малын хулгайн гэмт хэрэг гарсан. Үүнээс 379-г нь шүүхээр шийдвэрлэсэн. Ойролцоогоор 2800 орчим хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Үүний 1208 нь цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. 2800 хүнээс 592 хүн нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүмүүсээс 373 нь тэнсэн харгалзах ял, нийтэд тустай хөдөлмөр эрхэлж, торгуулж байна. Үлдсэн 219 хүн нь л хорих ялаар шийтгүүлсэн байгаа юм. Малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон найман хүний нэг нь л ял авч байна. Цаашинд малын хулгай өснө.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагааны үеэр хүмүүс ял наймаалцдаг, бүлэглэж үйлдээд нэгэндээ үүрүүлдэг асуудлын талаар Хууль зүйн байнгын хороонд иргэд, хохирогчдоос олон өргөдөл, гомдол ирсэн. УИХ-ын үндсэн чиг үүрэг бол хууль батлан гаргах. Баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх, Хууль, хяналтын байгууллага хэрэглэх үндсэн чиг үүрэгтэй. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит үнэнийг тогтоох үүрэгэй. Хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг солих, шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах ажлыг тал бүрээс нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох тал дээр хууль хяналтын байгууллагуудыг шахаж ажиллах шаардлагатай байна.
Сэтгэгдэл
зочин [192.82.71.117] 2020-01-10 07:11:37
хулгай биш татвар