Ч.Уранхолбоо: Би хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хэмжээний аяныг зарлаж байгаа
“Гала” хамтлагийн дуучин Ану нэрээрээ олон түмэнд алдаршсан “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн Чулуунбаатарын Уранхолбоотой уулзаж ярилцлаа.
-Охидын “Гала” хамтлаг нэгэн үе хүүхэд залуусын шүтээн болж байсан. Сүүлийн үед Уранхолбоог юу хийж байна гэж сонирхох хүмүүс их байгаа даа?
-“Гала” хамтлаг маань 2005 онд хоёр гишүүнтэй байгуулагдаж байсан. Хамтлагаа 16 настайдаа байгуулж байлаа. Одоо бол би таван охины ээж, айл гэрийн эзэгтэй болчихсон, уран бүтээлч гэхэд хаашаа юм, биш гэхэд хаашаа юм тийм л хүн байна.
-Гарын таван хуруу шиг охидтой боллоо гэсэн. Хэд хэдтэй хүүхдүүд байна?
-Хоёроос зургаан насны таван охинтой болсон. Хоёр бага маань ихэр. Би багаасаа хүүхдэд хайртай “Олон хүүхэдтэй болно” гэж боддог байлаа. Урлагийн хүний амьдралыг таахын аргагүй учраас хэдэн хүүхэдтэй болохоо мэддэггүй байсан. Ерөнхийлөгчөөс “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулж зогсохдоо эх хүний үгээр хэлэхийн аргагүй тэр жаргалыг мэдэрч байлаа. “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагыг байгуулаад “Би ер нь хүүхэдтэй ажиллах хүн юм байна” гэдгээ илүү их гүнзгий мэдэрсэн. Би өөрөө астралоги их сонирхдог, зурхайн шинжлэх ухаанд их итгэл үнэмшилтэй ханддаг. Миний амьдралын зурхайд “Хүүхдүүд болон эмэгтэйчүүдтэй ажиллах дур сонирхолтой.Тэр ажлаа хийвэл амьдралын их аз жаргал эдэлнэ” гэсэн байдаг. Энэ нь амьдрал дээр их нийлэмжтэй байдаг шүү. Би эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулаад блог хөтөлдөг. Блог маань бараг нэг сая үзэгчидтэй. Хэдийгээр би таван хүүхэдтэй, гэр орны ажил ихтэй байдаг ч блогийнхоо дугаарыг бэлдэх болгондоо их аз жаргалтай байдаг. Эмэгтэйчүүддээ нэг ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгчих юм сан гэж боддог. Завгүй ээж байгаа ч цагийн менежмент хийгээд амьдралдаа зөв алхам хийгээд явбал бүх зүйл амждаг гэдгийг өөрөөрөө харуулахыг хүсэж, зав зайндаа тохируулж хийх тэр мөчдөө би үнэхээр их аз жаргалтай байдаг. Сүүлийн үед уран бүтээлийнхээ ажилд орчихсон явна.
-Ёстой цаг наргүй л ажиллаж амьдарч яваа юм байна даа?
-Ахуй амьдрал маань жигдрээд, хүүхдүүд маань ч сайхан торниж байна.
-Өөрийн чинь хөтөлдөг нүүр хуудсыг харахад завгүй ээжүүдэд зориулсан их хэрэгтэй мэдээллүүд байдаг юм билээ. Энэ бүхнээ хийхэд бас их цаг хугацаа зарцуулдаг байх даа?
-Ээж нарт аль болох хэрэгтэй зүйл хүргэх сэн гэж боддог. Одоо гадуур ханиад томуу их байна, Хятадад коронавирус гээч аюултай үл мэдэгдэх өвчин дэгдлээ. Үүнээс сэргийлэх үүднээс хүүхдийн эмчтэй ярилцлага зөвлөгөөг хүргэх жишээний. Өнгөрсөн оны тавдугаар сард манай гэр бүлийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анх удаа “Гэр бүлийн элч”-ээр тодруулсан. Бид “Гэр бүлийн элч” болчихоод зүгээр нэг билэг тэмдэг төдий байхыг хүсээгүй. Би ер нь аливаа зүйлд билэг тэмдэг байхыг хүсдэггүй. Тэр утгаараа ч тэр гэр бүлүүдэд зориулаад сар бүр үнэ төлбөргүй гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Хүссэн хүн бүр оролцох боломжийг бүрдүүлж өгсөн. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сэтгэл зүйч, мэргэжлийн эмч нарыг иргэдтэй уулзуулна. Урлагаар дамжуулан хүний сэтгэлзүй, хүүхдийн сэтгэлзүйг эмчилдэг сэтгэлзүйч нар хүртэл гарсан шүү дээ. Энэ бүх шинэ соргог, нийгэмд гэрэл гэгээ авчирч болох бүхнийг урьж оролцуулаад эвент өдөрлөгүүдийг хийдэг.
-Сайхан зүйл сэдэж хэрэгжүүлж байгаа юм байна даа?
-Нийгмийг өөрчлөх хэсэг нь гэр бүл учраас бид гэр бүлийг чадавхжуулах ёстой. Ямар нэгэн байдлаар, оюуны хувьд хэрэгтэй зүйлсийг үнэ төлбөргүй өгвөл тодлорхой хэмжээний эерэг өөрчлөлт нийгэмд гарна гэж би боддог. Монголчуудыг харж байхад эрүүл мэндийн тухайд урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэдэг зүйлийг хүний оюун тархинд суулгаж өгч амжаагүй байна. Өвдсний дараа л ухаан орсон мэт хүнд антибиоток хэрэглэж, хүчтэй эм тариагаар бөмбөгддөг. Үүний хор уршиг нь юу вэ гэхээр хүүхэд өвчин тусахад эмчилгээ авах дархлаа мууддаг. Би өөрөө эмч биш ч гэсэн урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хүмүүст ойлгуулчих юм сан гэж зүтгэж явна. Сурагч ахуй насандаа эмч болохыг мөрөөдөж явлаа. Химийн дугуйлан олимпиадуудад их амжилттай оролцож явсан. Одоо ингээд олон хүүхэдтэй болоод ирэхээр анагаах ухааныг яах аргагүй судалдаг болчихдог юм байна. Гэртээ хүүхдүүдийнхээ эмч нь, тогооч нь болно. Хүүхдүүдийнхээ сэтгэлзүйч, менежер нь болно. Хайрлана, халамжилна, хүмүүжүүлнэ гээд эмэгтэй хүн ээж болсны дараа маш олон салбарт хүч үздэг юм уу даа. Тэр бүх сурсан мэдсэн зүйлсээ завгүй ээж нартайгаа хуваалцахыг үргэлж хүсдэг. “Нэг лаанаас мянган лаа асаасан ч нөгөө лааны илч буурахгүй” гэж нэг гоё үг байдаг даа. Би тийм нэг илч гэрлийг бусадтайүргэлж хуваалцахыг хүсдэг. Хуваалцах сэтгэл маань хариу нэхээгүй байхыг хүсдэг. Тэгж хуваалцдагтаа маш их аз жаргалтай байдаг даа.
-“Гала”-гийн Болороо найз чинь юу хийж явдаг бол?
-Болороо маань одоо Монголдоо байгаа. Хувийн амьдрал нь маш сайхан тэгш явж байгаа. Хоёр хүүхдийн ээж болсон. Бид хоёр сүүлийн үед мессенжерээр л холбоотой ийм хүмүүс болсон. Уран бүтээлийн хувьд дахин хамтарч ажиллах боломжгүй гэдгийг хоёулаа ярилцаж шийдсэн. “Гала” хамтлаг маань “Хөвгүүн”, түүхэн өгүүлэмжтэй “Мөрөөдлийн цомог” гээд хоёр цомог гаргасан. Бид хоёрын төлөвлөгөөгөөр Азид гарах бодолтой байсан. Хэл ус, бүхий л талаар өөрсдийгөө бэлдэж байсан ч эмэгтэй хүмүүсийн жижигхэн үл ойлголцлоос болж том хэмжээний хаалт үүссэн. Бүсгүйчүүд үргэлж нэгийгээ хайрлаж хүндлэн, уучлах зүрх сэтгэлтэй байж, нэгийгээ байгаагаар нь хүлээж авах маш чухал юм байна. Манай Монголд “Охидын хамтлаг тогтворгүй байдаг” гэсэн үнэлэмж байдаг. Энэ нь нэг нэгийгээ байгаагаар нь хүлээж авч, нэгийгээ өрсөлдөгч гэж харахгүйгээр “миний нэг хэсэг ч юм уу, миний хамтрагч” гэдэг талаар хүлээж авах нь маш чухал юм шиг харагддаг, одоо эргээд бодоход.
-Гэр бүлийн хүн тань юу хийдэг хүн байна?
-Манай нөхөр Батболдын Түвшинбаяр гэж хүн бий. Олон улсын харилцааны мэргэжилтэн. Дипломатч мэргэжилтэй. Архангай аймгаас угсаатай. Хадам аав, ээж хоёр маань насаараа улсын байгууллагад ажилласан хүмүүс байдаг. Миний хувьд их сайхан хадмын хаяа түшсэн дээ. Эмэгтэй хүнд хань ижил, хадмууд маш чухал байдгийг би өөрийнхөө амьдралаар мэдээд явж байна. Олон хүүхэдтэй болох нь, дөрвөн жилийн дотор таван хүүхэдтэй болж ойр ойрхон төрөхөд маань ойр дотнын энэ хүмүүсийн маань хайр халамж, түшиг дэмжлэг маш хэрэгтэй байсан. Би ганцаараа төрөөд, би дан ганцаараа амьдраад байгаа юм биш, гэр бүл маань бүхлээрээ бие биеэ ойлгож түвшинд ойлгосноор амьдрал маань аз жаргалтайгаар үргэлжилж байна даа.
-Нийгэм амар амгалан, сайн сайхан болж байгаа гэгдэж буй ч хууль цагдаагийн байгууллагын мэдээллээс харахад хүүхэд, эмэгтэйчүүдэд жаахан ээлгүй, жаахнаар ч барахгүй их хүйтэн ханддаг, хүнд гэмт хэргүүд үйлдэгдсээр байгаа нь сэтгэл эмзэглүүлэх юм. Гэр бүлийн элч гэр бүлийн хувьд энэ талаар та нар юу санаж бодож явна?
-Гэмт хэрэг маш их гарч байгаа. Ялангуяа хүүхдийн хүчирхийлэл нийгэмд чимээгүй тархах тахал хэмжээнд хүрсэн гэж би үзэж байгаа. Би олон охин нойтон хүүхэдтэй болоод ч тэр үү, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болъё, хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хэмжээний аяныг өрнүүлж, 21 аймаг, баг, сумдаар явж хүүхдүүдтэй уулзан хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлтийг оруулах ёстой вэ гэсэн санал асуулга хийнэ гэж эрмэлзэж байна. Үүний хүрээнд шинэ он гаруут нэгдүгээр сарын 3-нд Хэнтий аймагт эхний уулзалтаа хийсэн.
-Хэнтий аймгийг тохиолдлоор сонгов уу?
-Хэнтий аймагт сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл их гардаг. Өнгөрөгч арванхоёрдугаар сард гуравхан настай хүүг хойд эцэг нь элгийг нь задартал өшиглөж, амь насыг нь бүрэлгэсэн. Урьд тэр хүн дүүг нь гэмтээгээд шоронд орж, зургаан сар болоод суллагдсан байсан. Хүүхдийн хүчирхийлэл бол хүүхдийн амьдралыг тэр чигээр нь байхгүй болгож байдаг аймшигт үйлдэл. Хүүхэд хэмээх гэгээн ертөнцийн дотоод мөн чанарыг хүртэл нухчин дарж байгаа ийм аймшигтай зүйл шүү дээ. Ийм хүнд гэмт хэрэгт зургаахан сарын ял өгснөөс гарч ирээд дахин нэг эрдэнэт хүний амийг хөнөөчихөж байна. Тэгэхээр тогтолцооны хувьд, хууль эрх зүйн хувьд хуулийн зүйл заалтууд үнэхээр учир дутагдалтай байгаа учраас ийм гэмт хэрэг гарч байгаа. Гадны улс оронд хүүхдэд гар хүрэх байтугай хүүхдийг эвгүй харах ч гэмт хэрэг гэж үзээд хүүхдүүд өөрсдөө гомдол гаргах боломж нээлттэй байдаг. Бид тэр түвшинд очдоггүй юм аа гэхэд хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртлөө л бол ялын дээд хэмжээг өгмөөр байгаа юм. Тэгж байж л бид нийгмийг аварна. Хойд эцэг нь, төрсөн эцгүүд хүүхдийг ил далд олон хэлбэрээр хүчирхийлж байгаа нь үнэхээр өр өвдөж, зүрх шимшрэм аймшигтай. Энэ аяныг маань ээж нар үгээрээ, сэтгэлээрээ дэмжиж байгаа боловч би маш их ганцаардсан.
-Хүлээж авах шинжгүй байна уу?
-Хүүхдийн төлөө хамтрах, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүмүүс асар ховор юм байна. Ээж нар санаа зовж байна л даа. Төрийн болон төрийн бус байгууллагууд энэ асуудлыг тэгтлээ нэг их тоохгүй байна. Ээжүүдийн санаа зовнилоос өөр хийгдэж байгаа юм алга. Тиймээс хууль эрх зүйн албатай, өөрийн гэсэн багийг бүрдүүлэх нь зүйтэй юм байна. Хүүхэд хамгааллын төв байгуулах төсөл бичсэн. Эрсдэлтэй хүүхдүүдийг энэ төвдөө байрлуулж хамгаалахыг хүсэж байна. Хүүхдүүдийг мэдлэг чадвартай болгох хүмүүнлэгийн багтай болъё гэж бодож байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нийгмээс гадуур хаяж болохгүй. Сургаж боловсруулах шаардлагатай. Ийм цогц төвийг байгуулах гээд төслөө бичсэн. Үүнийг улстөржүүлэхгүйгээр яаж цэвэр ариун нандинаар нь авч үлдэх вэ, төсөл маань хэзээ хэрэгжиж эхлэх вэ гээд олон асуудал надад тулгарч байна л даа. Би энэ бүхнийг чадна гэж байгаа. Тавын таван хүүхдийн ээж Уранхолбоо гэдэг хүнтэй олон олон ээжүүд хамтарч, хуульд өөрчлөлт оруулах байх гэж найдаж байгаа. Хожмын өдөр бидний үр хүүхдүүд “Ээжүүд маань ийм сайхан нийгмийг, сайхан амьдралын хөрс суурийг бүрдүүлж өгсөөн” гэж байвал тэр л бидний жаргал шүү дээ. Тийм сайн цагийг би биш юм аа гэхэд хэн нэгэн бий болгох учраас хамтдаа нэг нэгнээ дэмжээд эхлүүлэх ёстой. 2020 он тэр сайхан зүйлийн эхлэл болж байна. Бид амжилтад заавал хүрнэ.
-Хүүхэд хамгааллын төвийг хаана байгуулъя гэж төлөвлөө вэ?
-Улаанбаатар хотод байгуулна. 21 аймаг, сум, багтайгаа хамтарч, хүүхдүүдийг татаж авдаг төвийг байгуулъя гэж төлөвлөж байгаа. Цаашдаа аймгуудад ч гэсэн салбарыг нь байгуулбал гээд бодсон санасан зүйл их бий.
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
Засгийн газар Лхагва гаригт ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар