ОХУ-д суралцдаг монгол оюутнууд хоёр боомтоор л хил нэвтэрнэ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Гадаадад ялангуяа европын орнуудад суралцаж байгаа монгол оюутнуудын байдал хүндэрч байгааг Гадаад харилцааны сайд мэдэгдлээ. Ихэнх орнуудад хөл хорио тогтоож, их сургуулийн дотуур байранд амьдарч байсан гадаад оюутнуудыг гаргах болжээ. Тэднийг нутаг буц гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байна. Тэд эх орондоо очих хүсэлт байнга ирүүлж байгааг ГХ-ны сайд Д.Цогтбаатар онцолж байна. Дэлхий нийтэд цар тахал гэж нэрлэгдээд байгаа шинэ коронавирусын тархалт европд идэвхжсэн нь үүний гол шалтгаан юм. Цар тахлын улмаас олон сургууль үүд хаалгаа барьж, хичээллэхгүй болсон сургуулиуд монгол оюутнуудыг нутагтаа буц хэмэээн дотуур байрнаас гаргаж эхэлснийг ГХ-ы сайд хэлж байна. Ийм нөхцөлд эх орондоо ирэх хүсэлтээ оюутнууд гаргаж байгаа ажээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх: Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй

Өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж хэлсэн. Мөн Манай улсын өндөр настан, бага насны хүүхэдтэй, жирэмсэн эхчүүд харийн улсад түгжигдчихсэн байна. Энэ иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Монгол Улсын Үндсэн Хуульд монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр, засаг гадаадын улс орнуудаас иргэдээ авчирч байна. Бид коронавирусын халдвар орж ирэхийг урьдчилан тооцоолж, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашдаа нэг ч монгол хүний амь бүү эрсдээсэй гэдэг үүднээс илүү хичээж ажиллах ёстой” гэж мэдэгдсэн.

Монгол оюутнууд хоёр боомтоор л хил нэвтэрнэ

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 2000 оюутан байгаагаас 800 нь Москва хотод сурдаг байна. Түүнчлэн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын сайд В.Фальковын 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна. Мөн Москва хотын сургуулиуд хаагдаж хичээллэхгүй байгаа тул Улаан- Үүдийг зорих монгол оюутнууд их байгаа ажээ.

ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхээр болсныг УОК-оос анхааруулж байна. Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.

Харин нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай холбогдон дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж, бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой юм байна.