Ж.Энхбат: Цусны нөөц багасах эрсдэлтэй байна
Шинэ короновируст халдвар (COVID 19)-ын цар тахал гарсантай холбогдуулан цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой байлгах зорилгоор “Сүхбаатар” цус цуглуулах төв бямба гараг бүр 09:00-14:00 хүртэл ажиллахаар болсон. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 50 донор тус төвд цусаа бэлэглэжээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Коронавирусын халдварын улмаас хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд иргэд цусаа хэр өгч байна вэ?
-Цус сэлбэлт судлалын үндэсний төв коронавирусын халдварын цар тахал гарснаас хойш олон арга хэмжээг авч ажиллаж байна. Манай цусны нөөцийг 18-24 насны залуучууд бүрдүүлдэг. Хөл хорио тогтоож, их, дээд сургуулиуд танхимаар хичээллэхгүй байгаатай холбоотойгоор цусны нөөц багасах эрсдэлтэй байгаа. Иймээс нөөцөө багасгахгүй байх арга хэмжээг авч, 08-14 цагийн хооронд цус цуглуулдаг байсан бол 15.30 цаг болгож сунгасан. Тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн бямба гараг бүр ажиллаж байна. Амралтын өдөр ажиллахаар эерэг үр дүнгүүд гарч эхэлж байна.
-Иргэдийг олон нийтийн газраар аль болох явахгүй байх, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байгаа. Цусаа өгөхөөр ирж байгаа иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс явуулж байгаа цус цуглуулах үйл ажиллагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамаарагддаг. Манай төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг нь үзэх болон бүртгэл мэдээллийг хөтлөн явуулж байна. Мөн цар тахлын дэглэмийг сахиж, хоёр метрийн зайтай дугаарлуулж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийж цусаа цуглуулж байгаа. Манай эмч, мэргэжилтнүүд байгууллагуудад очиж, иргэдээс цусыг нь авч байгаа. Байгууллагаар очиж цус цуглуулахдаа тухайн байгууллагын дүрэм журмыг мөрдөж ажилладаг. Цус цуглуулалт хэвийн явагдаж байна. Цусны нөөц багасах эрсдэл байгаа боловч манай төвөөс шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна.
-Коронавирус гараагүй байхад өдөрт хичнээн донор цусаа хандивладаг байсан бэ? Одоо зорьж ирэх иргэдийн тоо буурсан уу?
-Улс орон даяар үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад өдөрт 150-200 донор үйлчлүүлж байсан. Ерөнхийдөө манай цусны төв 150-с дээш донороос цус цуглуулж байж, эмнэлгийн хэрэгцээгээ хангадаг. Эмнэлгийн захиалгыг хүргэхийн тулд өдөр бүр шинэ цус цуглуулах шаардлагатай болдог. Өдөр бүр ажиллаж байж, эмнэлгийн хэрэгцээг хангаж байгаа. Коронавирус гарснаас хойш өдөрт 100 дотор эргэлдэж байна.
-Цус өгснөөр хүний дархлаа унах уу?
-Коронавирус гарснаас хойш иргэдэд цусаа өгч болох болов уу гэсэн эргэлзээ байгаа. Иймээс цус өгөхөд коронавирусын халдвар авах эрсдэл байхгүй. Энэ вирус амьсгалын замын өвчин юм. Цус өгснөөр хүний дархлаа унахгүй. Иймээс донор иргэдийг цусаа бэлэглэхийг уриалж байна.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:08
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:06
[103.80.210.183] 2020-05-14 01:21:28
цусны төв аймаар их нөөц байгаа гэж байсан даа