Академич Х.Намсрай: ХҮН ТӨРӨЛХТӨН МӨНХРӨХ ҮҮ

Aдмин / Нүүр

Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор цөмийн физикч, Чингис хааны одонт эрдэмтэн Х.Намсрайн бичсэн өгүүллийг хүргэж байна. ХҮН ТӨРӨЛХТӨН МӨНХРӨХ ҮҮ

Бид хувьсан өөрчлөгдөж буй гайхамшигтай цаг үед амьдарч байна. Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжлийн ийм өвөрмөц зуунд амьдарч байгаа нь бидэнд олдсон их хувь заяа гэлтэй. Энэ зуунд биднийг хүрээлэн буй ертөнц, амьдралын мөн чанарын уг сурвалжийн бодит үнэнд хүрсэн цаг үе гэж хэлж болно. Миний бие байгалийн бүтцийн дөрвөн тулгуур хүчний нэгдлийн тухай онолын судалгаа хийдэг хүний хувьд бид дотор нь амьдардаг нарт хорвоогийн хөгжлийн жам ёсыг уншигч олонтойгоо хуваалцах зорилгоор энэхүү өгүүллийг толилуулж байна.

Нар, сар, дэлхий улмаар бид гурван хэмжээст ертөнц дотор хөвөн , өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй амьдран хөгжиж байгаа билээ. Ийм хөгжил хөдөлгөөн цагийн урсгалаар үүрд мөнх үргэлжлэх үү гэсэн асуулт гардаг.

Гэтэл өнгөрсөн зууны хамгийн хамгийн гайхамшигт нээлт бол орчлон хорвоо бидний богинохон амьдрал шиг үүсэлтэй, хөгжилтэй, төгсгөлтэй болохыг шинжлэх ухааны баттай онол, туршилт, хэмжилтийн үр дүнгээр баталсан юм. Одот хорвоо бүхлээрээ 13,6-13,7 тэрбум жилийн өмнө галт уул дэлбэрэхтэй адилаар нэгэн цэгэн орчноос их тэсрэлт хэлбэрээр асар их нягттай гэрлийг цацруулан үүсч хөгжсөн байна. Бүүр хожим хойно бидний амьдралыг тэтгэгч нар, од эрхэс, дэлхий, сар үүсэн бий болжээ. Жишээ нь манай дэлхийн нас ойролцоогоор 4,3 тэрбум жил болно.

Нар, сар хиртэхийг хэзээ хаана болохыг маш нарийн тооцоолж урьдчилан хэлж чаддаг шиг бүх хорвоо, ертөнцийн хөгжлийн жам ёсыг урьдчилан хэлж болох уу гэсэн асуулт гарна. Хариулт нь бараг боломжгүй гэж эрдэмтэд үзжээ. Гэвч А.Эйнштейний дараа орох Английн их эрдэмтэн С.Хоукинг (1942-2018) : 100 тэрбум сэтгэн бодох нейронтой хүний уураг тархи байж боломгүй мэт маш нарийн нийлмэл адармаатай ямарч асуудал байлаа ч гэсэн түүний нууц, мөн чанарт хүрэх боломжтой гэж үзэж байв. Түүний энэ санаа нь хорвоо ертөнцийн үүсэл, хөгжил, эцсийн төлөв байдлыг математик тооцоо, загвар онолоор томъёолон гаргаж болноо гэсэн үг.

Учрал тохирол хэмээр нэгэн сонин үйл явдал болсон нь Хоукинг нас барснаас хойш жил гаруйхан хугацаанд монгол орны хөрсөн дээр түүний санаа, мөрөөдөл биелэгдэх ёстой байжээ. Учир нь Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач физикчид хорвоо ертөнцийн үүсэл, хөгжил, түүний замын зургийг математик тооцоогоор гаргах боломжийн эхлэлийг тавьсан. Энэ нь квант флуктуаци буюу орон зайн доод түвшин болох вакуум төлөвийн буриглалт буцлалтыг бичих математик томъёог гарган авсантай холбоотой. Ингэснээр хорвоо ертөнц анх үүсэхэд шаардлагатай асар их хүч, нэгэнт үүссэн ертөнцийн бүтцийн тулгын чулуунууд болох эгэл бөөмсийг үүл мэт хөөн, хөвүүлэх хоёрдох хүчний хэмжээг тооцоолон гаргасан. Шинээр үүссэн ертөнцийг үлээн хөөх хүч нь түүний тэлэх үзэгдлийг хариуцах бөгөөд 13,7 тэрбум жилийн дотор ямар хэмжээтэй орон зайг эзлэх, энэ орон зай доторх бүх материйн жин хэдий хир болохыг онолоор тооцоолон олж болно. Энэ нь бусад орны эрдэмтдийн тооцоотой яг тохирч эрдэм шинжилгээний гадаадад хэвлэгдсэн олон өгүүлэл болсон. Үлээн хөвүүлэх хүчний улмаас орчлонгийн хаа нэгэн газар аадар бороо оруулах хар үүл хуралдахын нэгэн адилаар бодисын асар их нягтрал болж, тэр нь хожмын Галактикууд, тэдгээрийн доторх үй түмэн од эрхсийг бий болгох нөхцлийг бүрэлдүүлсэн байна. Хөөн хөвүүлэх хүч нь бөмбөгийг өшиглөхөд тодорхой хурдатгал гардагтай адилаар ертөнцийг улам бүр тэлэх үйл явдлыг хариуцсан хурдатгалтай болохыг тооцож гаргасан. Энэ хурдатгалын тусламжтайгаар бүх галактикууд бие биенээсээ улам бүр хурдсан холдож алга болох жам ёстойг тогтоосон. Ингээд ирээдүйдээ 13,5 тэрбум жилийн дараа бидний хорвоо ертөнц хоосон болон арилах хувь тавиланг хүлээж байна. Орчлон хорвоогийн энэ үлдэж буй “нас” хүмүүн бидний амьдралын настай харьцуулснаар асар их тул бидэнд айж, сандрах зүйл огт байхгүй.

Орчлонгийн гайхамшгийн нэг болох манай нарны аймаг, бидний амьдралыг тэтгэгч хөх цэнхэр гариг маань ингээд хөгжлийн тодорхой урт удаан настай болох тул хүн төрөлхтөн бид мөнх үлдэх үү гэсэн асуулт гарна. Энэ нь бидний амьдрах арга ухаанаас шууд шалтгаална. Яагаад гэвэл орчлонд эцэс төгсгөлгүй үргэлжлэх гурван гайхамшиг бий. Тэр нь гэрэл, цаг хугацаа, оюун ухаан билээ. Үүсгэгчээс цацарсан гэрэл эцэс төгсгөлгүй гүйнэ. Баадуудаж тавьсан цаг хугацаа зогсолтгүй үргэлжилнэ. Амьдралаас бий болсон хүний оюун ухаанд дээд хязгаар гэсэн ойлголт огт байхгүй. Хүний сэтгэн бодохыг зогсоож үл чадна. Адгуусаас уламжлан хүний мөн чанарт суусан нэгэн арилшгүй муу зүйл бол түүний шунал, тачаал, хорон муу санаа юм. Хүн амьдрах эрхээр өөр хоорондоо тэмцэлдэн, атаа чөтөөнд баригдаж бие биенийхээ дээр гарч баяжих гэсэн арчаагүй санаа бодол, тэмүүллийг зогсоох зүйл огт үгүй. Үүний эсрэг бурхдын сургаалиуд гарсан билээ. Гэвч хоёр мянга гаруй жилийн турш үргэлжлэн удмаас удамд дамжин сургасан сургааль номлол хүчин мөхөдсөөр байна. Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжил хүн төрөлхтний их шуналыг хангаж, аривжуулахад зориулагдаж буй одоо цагт нийт хүн төрөлхтний өмнө ямар хувь тавилан хүлээж байгааг их сэтгэн бодогчид, эрдэмтэд санаа зовон, бодлогошрон, урьдчилан тааварлах оролдлого хийж байгаа билээ. Түүний нэг нь Стивен Хоукинг байлаа. Жишээ нь Африк тивийн сан овгоос гаралтай 2000 орчим тоотой хүн төрөл Аравын цөлийг дамжин зүүн хойд зүгт нүүдэллэн төв Азийн нутагт суурьшин амьдрах болсноос хойш ердөө ойролцоогоор 50000 жилийн дараа 7,8 тэрбум болж, одоо цагт эмнэлэг, биологийн болон шинжлэх ухааны бусад салбарын ачаар нийт хүмүүсийн дундач наслалт ихсэж, жилд дундачаар 2,5-иар өснө гэж үзвэл 40-50 жилийн дотор нийт хүн төрөлхтний хүн амын тоо хоёр дахин өсч, улмаар 400-500 жилийн дотор эх дэлхийдээ багтахгүй шахаж 4000 тэрбум орчим хүн амтай болох юм. Ингэснээр өөр гарагт нүүдэллэх, эсвэл эх дэлхийн гадаргуу болон далай тэнгисийн дор орж амьдрах хувь тавилан хүлээж байна. Унаган байгалиа эвдэн түүнээс улам бүр салан шил толь, төмөр бетон орон сууцандаа амьдрах болсон хүн төрөлхтөн өөрсдийнхөө оюун ухаан, гараараа бүтээсэн эд юмныхаа боол болох хувь тавилан ч хүлээж байж болох юм. Жишээ нь квант нейронтой хиймэл оюун ухаан бүхий роботуудынхаа эрхшээлд орж, тэдний зарц боол нь болохгүй гэсэн зарчим байхгүй. Өнөөдрийн өдрийн өндөрлөгөөс харахад саяхан зохион бүтээсэн компьютер, гар утасны эрхшээлд бид яаж орж байгаагаа тэр бүр ухамсарлахгүй байна. Дэлхийн амьдралыг тэтгэгч шимт мандалыг 10 дахин устгах чадалтай олон мянган атом, ус төрөгчийн бөмбөгүүд, түүнийг тээвэрлэгч пуужин бүхий системийг жолоодох товчлуур их гүрнүүдийн ерөнхийлөгч нарын ширээн дээр бэлэн байгаа нь тохиолдлоор ч болов эх дэлхийгээ сөнөөх магадлал байнаа л гэсэн үг.

Хүн төрөлхтнийг мөхөөх давтагдашгүй нэгэн хүчин зүйл бол байгаль, ертөнцийн эргэж буцдаггүй үзэгдлүүд байж болно. Жишээ нь нар мөнхөд гэрлээ цацруулах ёсгүй. Түүний устөрөгчийн агууламж тодорхой тоон хязгаартай учир зул сүүмэлзэн унтрахтай адил нарны гэрэл багасч, улмаар нар маань Дэлхий хүртэлх зайнд “хөөсөрөн” тэлж, шар бөмбөлөг болсон цагт Дэлхий дээрх амьдрал төгсгөл болох жамтай. Гэвч энэ үзэгдэл 7-10 тэрбум жилийн дараа болох тул бидэнд ямарч аюул авчрахгүй. Харин тэр болтол хүн төрөлхтөн байх нь эргэлзээтэй асуудал. Бас сар маань дэлхийн мөнхийн дагуул болон эргэлдэх хугацаа 3-4 тэрбум жил бөгөөд үүний дараа Дэлхийгээ орхин огторгуйд дүүлж алга болно. Тэр үед Дэлхий дээр дөрвөн цагийн улирал алга болж, түүний цаг агаарт эрс өөрчлөлт орж, экватор байсан газарт туйл болон хувирч, туйл байсан газарт аагим халуун болох ч тохиолдол гарч ирнэ. Бас манай нарны аймаг өөртөө 100-200 тэрбум оддыг багтаасан Сүүн замын төв болох 5,5 сая нарны масстай хар нүхийг тойрон эргэлдэхдээ үй түмэн сансрын биетүүд болох жижиг гарагууд, сүүлт одод, солируудын урсгал дундуур хөвөн хөдөлнө. Ийнхүү нартай хамт галактикийн төвийг тойрон явах замдаа эх Дэлхий маань дээрх биетүүдтэй мөргөлдснөөр галав юүлэх үйл явдал болж, диназоварууд мөхсөн шиг хүн төрөлхтөн мөхөх магадлал бас бий.

Хүн төрөлхтөнд гай, гамшиг учруулж болох өчүүхэн бага магадлалтай дээрх учралуудаас гадна бүүр өнөөдрийн өдөр, нүүр тулгаран байгаа аюул занал бол хүмүүс бидний шуналаас үүдэлтэй байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулах үйл явдлууд болж байна. Эх дэлхийнхээ ой модыг огтлон, ан амьтдыг устгаж, газар шороог нь эвдэн сэндийлж, тунгалаг рашаан усыг бохирдуулан ширгээж, газрын хөрсөн доорх баялагийг ухан дуусч байгаа энэ цагт, байгаль, дэлхий нь хүн төрөлхтөнд эсрэг үйлчлэл үзүүлж цаг агаар дулаарч хойд урд туйлын мөс хайлан, урьд хожид үзэгдээгүй асар их хурдан үрждэг бактери, хүн төрөлхтөнд хар тахалыг авчирдаг вирус гэрлийн хурдаар тархаж, улмаар хүн төрөлхтнийг сөнөөх зам уруу хөтөлсөөр байна. Манай дэлхийн бүх амьд организмын уг сурвалж нь нэг бөгөөд нэг эс, нэг үр хөврөл, нэг үндэснээс үүсэлтэй учир ямар ч аюултай байгалийн гаралтай вирус байлаа ч гэсэн хүний эд эстэй яваандаа дасан зохицох жам ёстой. Энэ нь эмчлэгдэнэ гэсэн үг. Харин генийн өөрчлөлт мутацаар гарган авсан хиймэл вирус харь гарагийн мэт бидний эстэй үүрд мөнх үл зохицолдох учир хүн төрөлхтнийг сөнөөж болох юм. Физикийн хөдлөшгүй хууль ёсоор хоёр биет-хоёр систем болон байгаль-хүн төрөлхтөн хоёр эсрэг тэсрэгийн хоёр үйлчлэл дотор оршино. Иймд нэг систем нь үргэлж хожиж, нөгөө нэг систем нь үргэлжид хожигдоно гэсэн ойлголт байхгүй. Заавал хариу-буюу эсрэг үйлчлэл үзүүлэх ёстой. Энэ зарчмаар бол хүн төрөлхтөн байгальдаа хайр гамгүй, хэрцгий харьцах тусам тэр хирээрээ өөрийгөө сөнөөнө гэсэн үг. Энд харилцан хамааралтай хоёр системийн хувьд гайхалтай нэгэн зарчим ноёрхоно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл байгаль өөрөө өөрийгөө хүний оролцоогүйгээр сэргээн цэцэглүүлж чадна. Харин хүн төрөлхтөн байгальгүйгээр нөхөн сэргэх нь битгий хэл сөнөх тавилантай. Энэ нь аягатай халуун цай хөрөхөөс биш аяндаа халдаггүй, хагарсан аяга буцаад эвлэдэггүй, бурхан болсон хүн буцаад амь ордоггүйтэй адил нэг талын буюу цагийн урсгал буцаж явдаггүйтэй адил гайхамшигтай нэг чиглэлийн хөгжлийн жам ёс юм. Хүн-байгалийн харьцааг энтропи-хэмээх физикийн хуулиар тайлбарлаж болно. Энтропи гэдэг ухагдахуун нь аливаа нэг юмны, системийн эмх цэгцгүй, замбараагүйдэлтийн хэмжээсийг заана. Жишээ нь ширээн дээр байгаа аяганы энтропи, ширээнээс унаж хагарсан аяганы энтропиноос бага. Яагаад гэвэл ширээн дээр байгаа аяга, ширээнээс унаж хагарсан аяганаас илүү цэгцтэй учир түүний энтропи бага. Хагарсан аяга замбараагүй цэгцгүй учир түүний энтропи их. Хорвоо ертөнц анх үүсэх үед түүний энтропи хамгийн бага буюу ертөнц энэ эхэн үедээ дээд зэргийн эмх цэгцтэй, тэгш хэмтэй байсан гэсэн үг. Ертөнц цаашдаа хөгжих тусам од эрхэс үүсч, хүмүүн төрөлхтөн бий болох зэргээс түүний анх байсан эмх цэгц алдагдаж, улмаар түүний энтропи үргэлжид ихэссэн болно. Тэгвэл хүний аливаа нэг яльгүй үйлдэл үйл ажиллагаа байгаль, ерөтнцийн энтропийг улам ихэсгэж, түүнийг замбараагүй, эмх цэгцгүй болгож байна гэсэн үг. Жишээ нь бид баясаад нэг сайн инээх, эсвэл овоон дээр гараад уухай гэж хашгирахад л ертөнцийн энтропи өчүүхэн ч болов ихэсдэг байна. Нэг үгээр хүний үйлдэл байгаль ертөнцийг эмх цэгцгүй болгож байна гэсэн үг. Учир ийм тул бидний үйл ажиллагаа хорвоо ертөнцийг эмх цэгцгүй зам уруу улам бүр түлхэж, ингэснээр өөрсдөө мөнх байх хувь тавилангаа алдан алдсаар байна.

Гэвч хүн төрөлхтөн мөнх орших мөрөөдлийн гэмээр нэгэн арга зам байгааг эрдэмтэд ургуулан бодож олсон. Тэр нь юу вэ гэвэл, жишээ нь нэг хэмжээст харанхуй нүхийг цоолон өвс ногоо дэлгэрсэн нарт хорвоогийн гурван хэмжээст орон зайд гарч ирсэн тарвага ямар их баяр баясгалантай байдгийг бид яахан төсөөлөх билээ. Үүнтэй адилхан хүн төрөлхтөн хажууханд чинь байгаа олон хэмжээст ертөнц рүү шурган орж, мөнх орших зам гаргах юм биш биз гэсэн санаа юм.

Олон хэмжээст ертөнцийн тухай ойлголтыг анх А.Эйнштейн дэвшүүлж, гурван хэмжээст ертөнц дээр нэмээд цагийн урсгалын нэг хэмжээсийг нэмж, дөрвөн хэмжээст ертөнцийг эгэл бөөм, микро буюу бичил ертөнцөд оруулсан нь материйн бүтцийн дөрвөн хүчний нэгдлийг боловсруулахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн юм. Ингэж атом, цөм, эгэл бөөмсийн үзэгдэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийн процесс явагдах орон зай нь дөрвөн хэмжээст ертөнц болсон түүхтэй. Эйнштейний энэ санааг цааш нь ургуулан таталцлын, цахилгаансоронзон, цөмийн буюу хүчтэй үйлчлэл, материйн задралыг хариуцсан сул үйлчлэл гэсэн байгалийн дөрвөн хүчний нэгдлийг хангасан, нэг хэмжээст утсан бүтэцтэй биетийн хөдөлгөөнийг бичих онолын судалгаанд бидний хаяа хүрээнд орчлонгийн өөр төрлийн 10 болон 11-хэмжээст зэрэгцээ ертөнц оршин байж болохыг физикч эрдэмтэд 20-р зууны эцэс , 21-р зууны эхэнд томъёолон гаргасан.

Сүүлийн жилүүдэд манай физикчид олон хэмжээст огторгуй-хугацааны онолоор дэлхийн түвшний судалгааг явуулж, чухал үр дүнгүүдийг гарган авсан нь 5, 6, 7 гэх мэт хязгааргүй олон хэмжээстэй орон зайн ойлголт физикийн онолд чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулсан. Үүний зэрэгцээ бидний ойролцоо, хаяа дэрлээд 5, 6, 7 гэх мэт хэмжээстэй ертөнц орших бөгөөд бид эдгээр олон хэмжээст огторгуй руу нарийн суваг хоолойгоор тарвага шиг дамжин орж болох боломжтой.

Олон хэмжээст огторгуйн онолын тооцоог эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийг бичдэг квант орны онолд оруулахад түүний математикийн хамгийн хүндрэлтэй асуудал болох хэт ягаан туяаны салалтыг-хязгааргүй тоон утгыг арилгаж чадсан. 1916 онд Германы физикч Шварцшильд Эйнштений тэгшитгэлийг бодоход түүний шийд тодорхой масс бүхий биет бөөмсийн ойролцоох огторгуй-хугацааны муруйлтыг савангийн хөөс шиг хязгааргүй бага радиустай онцгой цэг болгож байгааг харуулжээ. Тэр үеийн ихэнх гарамгай эрдэмтэд, тухайлбал Оросын их эрдэмтэн, Нобелийн шагналт Л.Д.Ландау цочирдон гайхаж, ийм утгагүй юм байх учиргүй гэжээ. Хожим нь энэхүү огторгуйн онцгой буюу сингуляр цэгийг хар нүх гэж нэрлэжээ. Жишээ нь манай дэлхий, нарыг хар нүх болгохын тулд дэлхийн хэмжээг 0,1 см радиустай, нарыг 3км радиустай асар их нягт бүхий бөмбөлөгүүд болгох учиртай. Харин манай физикчдийн сүүлийн үеийн олон хэмжээст огторгуйн судалгааг Эйнштейний онолд оруулснаар огторгуй-хугацааны дээрх төрлийн утгагүй гаж үзэгдэл алга болсон.

Харин огторгуй хугацаа эвдэрч чөлөөтэй зорчих боломжгүй бөмбөлөгүүд болон тасрах үйл явц зөвхөн ертөнцийн их тэсрэлт буюу их төрөлтийн үед бий болж болох юм. Ингээд нэг бөмбөлөг нь бидний ертөнц болон тэлж, бусад нь биднээс тасран зэрэгцээ ертөнцүүд болон алга болжээ.

Ингэж олон хэмжээст огторгуй нь бидний гурван хэмжээст ертөнцийг бодвол төсөөлж боломгүй гайхамшгийг авчирч болох юм. Хоёр нартай, олон нартай манай дэлхий шиг сонин тогтоцтой, мөнхийн амьдралтай, бурхдын орон ч байж болох юм. Харамсалтай тэр ертөнц рүү шурган орох суваг, хоолойн хэмжээ нэг метрийг нэгийн ард 35 тэгтэй тоонд хуваасантай тэнцэх өчүүхэн бага болохыг тогтоов. Ингэснээр олон хэмжээст өөр ертөнц рүү айлчлах нь мөрөөдөл болон хувирав. Монголчууд бид төв Азидаа мөнхрөн үлдэх хувь тавилантай ч түүнийгээ гурван арван жилийн дотор эвдэн сүйдгэж байгаа нь даанч харамсалтай. Эд мөнгөний шуналын өрсөлдөөнд унаган байгалиа харийхантай хамтран хайр гамгүй сүйтгэж, ан амьтдыг алж дуусгаж, цэцэг ургамлыг нь тасдан түүж, хөрс шороогоо ухан сэндийлж, хойч үедээ үлдээх юмгүй шахуу болгож байна. Хэт хурдан баяжих санаархал нь монгол хүний мөн чанарыг эвдэж, улмаар олон мянган жил хураасан өвөг дээдсийнхээ буяныг барж дуусч байна. Хэзээ монгол хүн бэлчээрт байгаа адуу, морио нум сумаар харваж алж байлаа. Морио буудаж махыг нь зарж байгаа хүн монгол хүн биш болсных, харин адгуус төрөл рүүгээ орж байгаа л гэсэн үг.

Гэвч цаг зуурын сэтгэлгээний хямрал, оюуны хомсдол, хөрөнгө мөнгөний шуналын хинээрхэл, баяжих дон цагийн аясаар алга болж, баялагийн тэгш хүртээмжтэй, ажилтай, орлоготой, жаргалтай нийгмийг бид бүтээж чадна. Хөрөнгө мөнгөний чөлөөт өрсөлдөөнтэй америк маягийн амьдралын хэв журам хүн төрөлхтний хөгжлийн цорын ганц, шалгарсан зам огт бишээ.

Арчаагүй шуналын үүднээс хураасан их хөрөнгө, мөнгө эцэстээ хэнд хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт гарна. Энэ нь эцэс сүүлдээ зовлонгийн там болдог байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Бэл Гейтс сэтгүүлчийн ярилцлагандаа “Заримдаа их хөрөнгө мөнгийг эргэлдүүлнэ гэдэг зовлон юм билээ ” гэсэн байдаг. Ухаалаг гар утасны эхлэлийг тавьсан их зохион бүтээгч Стив Жобс оюутан нарт ингэж сургасан байдаг. “Их гайхамшгийг бүтээж, их хөлжиж баяжлаа ч та нар замын эхлэлээ үргэлж санаж, анх өлсгөлөн байснаараа бай, тэнэг хэвээр үлд” гэжээ.


Сэтгэгдэл

zochin [73.86.149.99] 2020-08-01 01:36:02

Olon khumuus eregtsuulj setgen bodoj unshaasai unshaasai.

Ганболд [202.9.46.108] 2020-07-31 18:10:10

Зэрэгцээ болон олонлог ертөнцийг их тэсрэлт буюу бидний ахуй орчлонтой холбох гэж буй бол ядмаг таамаглал шинжлэлт дүгнэлт болжээ! Харин квант механик квант физикийг сонгодог класик гэх биежсэн үзэгдлийн ухаантай таацуулж нэгдүүлэх гэсэн санаа ину нь зөв ба олон хэмжээт болгон төөрч тэнжээ явсанаас буй үндсэн 4н хүчээ илүүтэй ойлгон таньж ТАТАЛЦАЛ ЦА_СО_Хүч бишд анхаарч ЦӨМийн хүчтэй сул үйлчлэл ИНЕРГИ төрүүлж сордогыг анзаарчуул *МОНГОЛЫН ЁС 3*-аа мэдчүүл хонгил гэрэлтэх амой!!!?? кк БАЯРЛАЛАА.

Зочин [122.201.24.99] 2020-07-31 10:08:36

Монголд математик , физикийн шинжлэх ухааныг сэтгэлгээний философи - танин мэдэхүйн " хаан " талаас нь дуугардаг хүн байгааг бурхан өршөөг ... Тэгэхдээ Эйнштейн бол алдар нэр горилоод л суугаад байгаагүй : - " болохгүй бол ингэнэ шүү " гээд үзүүлээд өгчихсөн юм ш дээ ... Ядахдаа эх орноо гадаадынхантай хавсран тонон дээрэмдэж байгаа , монголын " шуналын микропуудыг " хөөрхөн шоглочих РОБОТ ч гэсэн бүтээгээд өгвөл " ядарсаан цагт дулмаа ч яахав " дээрээ л тулчихаад байна даа , төрийн шагналтаан ...

Зочин [176.63.23.193] 2020-07-31 05:08:23

Монголоос дэлхийн түвшинд хүндлэгддэг, нобeлд ойрхон байгаа ганц эрдэмтэн маань. Үгээ олон түмэнд хэлж байх хэрэгтэй. Олон улсад квант физикийн томчууд буддын шашнаас л санаа оноогоо авах болсоон

Зочин [103.10.23.81] 2020-07-31 11:20:06

ТИЙМ ЭЭ ЯГ ҮНЭН ХАМГИЙН ШИНЭЖЛЭХ УХААНЧ ШАШИН БОЛ БУДДЫН ШАШИН ЭНД БИДНИЙ МЭДЭХГҮЙ ҮНЭН ЗҮҮЛ ИХ БИ

Зочин [150.129.143.252] 2020-07-31 04:43:48

humuus uursdiiguu sunuuh ym bn da....

Дорлиг [203.226.208.156] 2020-07-31 03:30:23

3497 онд дэлхий сүйрэх болно гэж агуу их ванга эмээ зөгнөсөн байгаа. You Tube .с хайлт хийгээд сонсоод үзэцгээ хүмүүсээ.

Зочин [202.126.88.140] 2020-07-31 03:28:23

Ta unen erdemten bna, henjeestiin tsaana garch bolno, hel, setgehui mun l hemjeest, chanadad ni unen bui genem, ene tand hestuu bish baij bolno, yagaad gevel ta hemjeesguid ih oirtoj, odoo setgel deeree tuvlur, hel setgehui bish shuu, chanadiin bileg gedegdee, naimang unshaad uzvel yasan yum ve

Зочин [202.126.88.140] 2020-07-31 03:15:53

Hemjeesgui ehleld hur, homiin bie, nomiin tuv gedeg,tegvel yamarch tsorog huh hereggui , ta uuruu buh orchlon bolno genem, tegeed buddagiin surgaald dun tavi,

Зочин [195.46.106.44] 2020-07-31 02:42:41

Олон хэмжээст өртөнцөд хүрэхэд 1 метрийн ард 35 тэг тавьсан тийм хэмжүүрт хоолойгоор дамжиж хүрэх тооцоо гарчээ. Энэ элийрсэн балайхсан шуналтан М.Энхболд Бадамжунайтануудыг хомхой сэтгэл бирдийн шунал, нүгэл хилэнцээс нь салгахад ямар хэмжээст гуурсаар шахаж гаргах хэрэгтэй байгааг тооцоолж гаргаж өгөөч эрдэмтэд ээ.

Зочин [103.10.23.81] 2020-07-31 11:21:31

энэ хулгайч нарт 1ш сум л хэрэгтэй

Zochin [202.126.90.39] 2020-07-31 02:23:28

Goy niitlel bn olon hun unshaasai

Зочин [66.181.161.5] 2020-07-31 01:59:32

Гайхалтай.

Зочин [122.201.24.99] 2020-07-31 01:54:22

Ертөнцийн зүй тогтолыг яалтай , Намсрай минь ... Гэвч тодорхой тодорхой өчүүхэн хугацаанд л оршин тогтнох жамтай хүн \ төрлөхтөн \ гээч амьтан оршин байх хугацаандаа " жаргаж " амьрах төгс боломжоо ШУНАЛТНУУДАД \ монголчууд бидний хувьд бол НАМ - ТӨРИЙН УДИРДАГЧИД даа \ шимүүлж байгааг ивээл хайрыг нь хүртэж байгаа ТА мэт л " НҮГЭЛИЙГ " нь илчилж - " ойлгуулж " , өөрсдийг нь устган - таслан тогтоохгүй бол эгэл жирийн хүмүүн бид яахсан билээ дээ , ЭРХЭМ ДЭЭДЭС ЭЭ \ алдар цолтнууд , төрийн шагналтнууд , Чингэс хаанчууд аа \ ...

Зочин [103.10.23.81] 2020-07-31 11:23:06

Хамгийн гол нь Ард түмэн минь хулгайч бүү сонго Хулгайч сонгож эрх мэдэл өндөгөөс бүх муу зүүль ихтэй

Зочин [43.242.242.59] 2020-07-31 01:51:53

ийм хэрэгтэй сонирхолтой иргэдийнхээ танин мэдэхүйг дээшлүүлсэн нийтлэл бичэнд сайтад баярлал

ЗОЧИН [192.82.72.223] 2020-07-31 01:18:53

манай бурханы шашны сургаал номд бүгдийг тайлбарлан бичсэн байгаа буддын шашинд дутуу юм нэг ч байхгүй бурханы сургаал номоо унш судал

Darhaa [202.179.22.183] 2020-07-31 01:08:44

сонирхолтой нийтлэл байна

Зочин [103.10.22.124] 2020-07-31 00:33:37

Эхлэл төгсгөлгүй юм гэж үгүй.Тиймээс эхэлсэн бүхэн төгсөх нь гарцаагүй. Гэхдээ тэр төгсгөл амьд болон амьгүй бүхний хувьсал зохицолын жам ёсоор болох учир мөхөл болохгүй.Мөхөх төгсөх хоёрыг салгаж үзэх ёстой . Мөхөл бол жам ёсны бус үйл ажиллагааны үр дүн Төгсгөл бол хувьсал өөрчилөлтийн үр дүн . Тиймээс юм л бол Чингис дэлхийн талыг эзэлсэн гэж бардамнаж байхаар энэ мэтийг эрэгцүүлэх нь илүү хэрэгтэй.

Зочин [192.82.68.111] 2020-07-31 11:24:59

Эхлэл төгсгөлийг үгүй хийж өнөөдрийн шуналаа зөвтгөх гэсэн ядарсан оролдлог бол "ирээдүй өнөөдрөөс эхлэнэ" гэдэг барууны уриа. Манай ерөнхий сайд байсан Сайханбилэг үүнийг анх монголд оруулж ирсэн дээ. Харин монголчууд уулзаад хэн хүний үр вэ? хэт нутаг хаана вэ? гэдэг тухай олон үлгэрт гардаг нь эхлэл төгсгөлийн асуудал шүү дээ. Намсрай академичид баярлалаа.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.