М.Мандахмягмар: ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I курсийн оюутнууд хамрагдах боломжтой

Aдмин / Эдийн засаг

Сурагчийн ширээнээс оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж, сурч хөгжихөд нь боломж олгох зорилготой ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг 14 дэх жилдээ зарлагдаад буй билээ. Энэ талаар ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмараас тодруулж ярилцлаа.

- ХААН Банк Сангаас жил бүр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг уламжлалтай. 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлгийн хувьд юугаараа онцлогтой вэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

- Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. ХААН Банк Сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусынхаа сурч боловсрох хүсэл эрмэлзлийг нь дэмжих зорилгоор жил бүр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Өмнөх жилүүдэд бид хавар буюу тэтгэлэг авах сурагчдыг ЕБС-иа төгсөх үед нь тэтгэлгээ зарладаг байсан бол энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хөл хорио тогтоосны улмаас ийнхүү намар зарлаж байна. Тэтгэлгийг 7-р сарын 27-ны өдөр зарласан, материалуудыг 8-р сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна. Хэрвээ Улаанбаатар хотоос оролцож, материалаа бүрдүүлж өгөх гэж байгаа бол ХААН Банк цамхаг буюу төв байранд, нэг давхарын ресепшнд хүлээлгэн өгөх боломжтой. Харин хөдөө орон нутгаас оролцох бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвд өгч болно. Мөн бид хүүхдүүдэд хялбар байлгах үүднээс материалуудаа https://form.jotform.com/KhanBankFoundation/Scholarship20-21 авч байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай банкны албан ёсны вэбсайт болон сошиал сувгуудаас авах бүрэн боломжтой. Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хэд хэдэн өөрчлөлтүүд орсныг дурдъя. Шинэ оюутны тэтгэлэг өмнө нь зөвхөн орон нутгийн хэмжээнд зарлагддаг байсан. Хөдөө орон нутгийн сурагчид хотод их, дээд сургуульд элсэн орж, оюутан болоход нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгодог байсан бол энэ удаад бид магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бүх нэгдүгээр курсийн оюутнуудын дунд буюу улс орон даяар, нээлттэй зарлаж байгаа юм. Тэгэхээр 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр курсэд элсэж буй хэн бүхэнд манай тэтгэлэгт хөтөлбөр нээлттэй гэсэн үг. Дээр дурьдсанчлан, бид өмнөх жилүүдэд бүх материалуудаа цаасаар хүлээн авдаг байсан бол энэ удаад үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан материалуудыг зайнаас буюу цахимаар хүлээн авч байгаа.

- Яг ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

- Тэтгэлэг хүсэгч оюутан нь юун түрүүнд банкны вэбсайтаас https://kbknew.khanbank.com/files/15e349ef-476b-43cb-8303-26ab606fb0fa/Freshman%20Scholarship%2020-21-Anket-Public.pdf хэвлэн авч бөглөх ёстой. Бүрдүүлэх материалуудын хувьд, 12-р анги төгссөн гэрчилгээний дагуу сурлагын голч дүнгээ нотлох шаардлагатай. Мөн тухайн ам бүлийн тодорхойлолт, өрхийн орлогыг нотлох баримтууд, тухайн хүүхдийн нийгмийн идэвх зүтгэл буюу сүүлийн хоёр жилд оролцсон уралдаан тэмцээн, олимпиадад гаргасан амжилтууд, өргөмжлөл, сертификатын хуулбараа хавсаргах хэрэгтэй. Мөн сургуулийн албан ёсны тодорхойлолт болон анги удирдсан багшийн тодорхойлолтыг хавсаргана. Та бүхэн ХААН Банкны цахим хуудсаар хандан бүрдүүлэх материалуудтай сайтар танилцаарай гэж зөвлөмөөр байна.

- Тэтгэлэгт хамрагдахаар материалаа бүрдүүлж буй оюутнууд юун дээр анхаарах шаардлагатай байна вэ? Зөвлөгөө өгвөл?

- Шинэхэн оюутнууд маань маш идэвхтэй оролцож, анкетуудаа ирүүлсээр байгаа. Ялангуяа цахимаар анкет бөглөж буй оюутнууддаа зөвлөхөд, хавсралтаар бүрдүүлж өгөх материалууд албан ёсны баримт бичгүүд байх ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, ам бүлийн тодорхойлолтын хувьд заавал оршин суугаа баг, хорооноос албан тодорхойлолт авах, анкет дээр жагсаасан өрхийн орлогыг нотлох албан ёсны баримтууд буюу гэр бүлийн ажил эрхэлдэг хүмүүсийн цалингийн тодорхойлолт, асран халамжлагч нь нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн мөнгө авдаг бол дэвтрийн хуулбар, малчин айл бол мал тооллогын баримтууд зэргийг заавал бүрдүүлэн хавсаргах шаардлагатай юм. Оюутнуудын хавсралтаар бүрдүүлж буй тухайн материалууд нь албан ёсны бус, шаардлага хангахгүй бол үнэлгээ хийх боломжгүй болж, эхний шатны шүүлтээр хасагдах эрсдэлтэй юм. Иймд бид оюутнуудын ирүүлсэн материалыг эхний удаад шалгаад дутуу бол гүйцэд бүрдүүлээд 8-р сарын 10-наас өмнө дахин материалаа өгөх боломж олгож байгаа. Оюутнууд маань энэ боломжийг алдалгүй анхааралтай байж, хариуцлагатайгаар материалаа бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна.

- ХААН Банк Сангаас өмнөх жилүүдэд зарлаж байсан тэтгэлэгт хөтөлбөрт өрхийн орлого болоод тухайн хүүхдийн нийгмийн идэвх оролцоог чухалчилж харж байсан. Энэ жилийн хувьд голлох шалгуур үзүүлэлт нь юу байгаа вэ?

- Гол шалгуур үзүүлэлтийн хувьд өмнөх жилүүдтэй ижил сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, идэвх зүтгэлээрээ манлайлагч боловч их, дээд сургуульд элсэн суралцахад санхүүгийн тусламж, дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдийг дэмжихийг зорьж байна. Тийм учраас бид өрхийн орлогоо нотолж өгөхийг шаардаж байгаа юм. Мөн уламжлалт байдлаар эссэ бичүүлж авч байгаа. “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр”, “Өнөөгийн эх орон минь миний нүдээр” гэсэн хоёр сэдвээс нэгийг сонгоод эссэ бичиж ирүүлэх юм.

- 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийтдээ хэчнээн оюутныг хамруулахаар төлөвлөсөн бэ? Нийслэл болон хөдөө орон нутаг гэж квот гаргасан байгаа юу?

- Энэ жилийн хувьд нийт шилдэг 60 оюутныг шалгаруулна. Гэхдээ орон нутаг болон Улаанбаатар хотоос шалгарах сурагчдын тоог ялгаатай тогтоож хязгаарлаагүй байгаа. Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I курсийн оюутнуудын дунд зарлагдаж байгаа учраас ЕБС-иа хаана ч төгссөн байж болно, мөн хаанаас ч материалаа бүрдүүлэн өгч болно.

- Одоогийн байдлаар хэдэн хүүхэд материалаа ирүүлээд байна вэ? Явцын талаарх мэдээллээсээ хуваалцаач?

- Хөдөө орон нутаг болоод нийслэлийн хэмжээнд хүүхдүүд маань материалуудаа ирүүлсээр байна. Үүнээс гадна бид орон нутгийн салбаруудаасаа хүүхдүүдийн материалыг хүлээн авсаар байгаа. Материал хүлээн авч дуусахад дахин нэг долоо хоногийн хугацаа байгаа учраас оюутан залуус маань хоцорчихлоо гэж айлгүй бидэнд материалаа ирүүлэх боломж нээлттэй бий.

- ХААН Банк Сангаас боловсролын салбарт хөрөнгө оруулж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна вэ? Өнгөрсөн хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ?

- ХААН Банк Сан 2007 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг уламжлал болгон зарлаж ирсэн. Энэ жил 14 дэх жилдээ зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 1,800 гаруй оюутанд тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэг хүртсэн оюутнууд маань хэр сурч байна, төгсөөд хаана, ямар ажил эрхэлж байна зэргээр бид оюутнуудтайгаа байнга эргэх харилцаа, холбоотой байдаг. Ер нь манай тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд амжилттай суралцаж, ажиллаж яваагаас гадна манай байгууллагаас ажлын гараагаа эхлүүлсэн оюутнууд ч олон бий.

- ХААН Банк Сан зөвхөн шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна ахлах курсийн оюутнуудын дунд ч мөн адил тэтгэлэг зарладаг байх аа. Энэ тухайд?

- Энэ жилийн хувьд ахлах курс буюу хоёроос дээш курсэд суралцаж буй оюутнуудын дунд тэтгэлэг зарлагдахгүй. Ерөнхийдөө өнгөрсөн жилээс бид тухайлсан мэргэжлийнх нь хүрээнд тэтгэлэг зарлаж эхэлсэн. Тэгэхээр дараа дараагийн жилүүдэд оюутнуудынхаа дунд олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон анкет, бүрдүүлэх материалын жагсаалтыг https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-shine-oyuutnii-tetgelegt-khutulburuu-zarlalaa дарж аваарай.

image