Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд

Aдмин / Хууль

-Хан Хөхий хайрханы энгэрт орших Цагаанхайрхан сум 16 лицензтэй-

Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрханы нэг нь Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутагт орших Хан Хөхий уул юм. Ард олны шүтээн атал алтны эрэлчид энгэр бэлийг нь сэмлэчихсэн, эргэн тойрон нь уул уурхайн лицензээр дархлагдаад удаж байна. Тиймээс нутгийн иргэд “Ухах юм бол тахиад яах юм бэ” хэмээн нтаг усаа хамгаалан тэмцэхээ мэдэгдсээр байгаа юм. Учир нь эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс монгол хүний үнэт өв, мянга мянган жилийн их түүх соёл, дархлаа, оршихуйн баталгаа нь болж ирсэн. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд хүртэл бүртгэгдсэн байдаг.
Төрийн тахилгат Хан Хөхий хайрханы энгэрт орших Цагаанхайрхан, Зүүнхангай сумын нутагт 2020 онд 16 лиценз хүчин төгөлдөр байна гэсэн судалгаа гарч байв. Нутгийн иргэд өөрсдөө мэдээгүй, сонсоогүй байхад өсөхөөс өдий хүртэл оршин амьдарч ирсэн нутаг, өвөлжөө, хаваржааг нь уул уурхайн компанид 30 жилээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгосонд иргэд бухимдлаа илэрхийлж жагсаал, цуглаан хийж байснаас хойш жил тойрчээ. Тухайн үед алт олборлохоор очсон ганцхан компани, тодруулбал “Будар минералс”-ийн үйл ажиллагаа ил болсноор иргэд мэдсэн хэрэг. Төрийн тахилгат шүтээн хайрханаа ухуулахгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн анхааралд өртсөнөөр БОАЖЯ –наас өнгөрсөн жил ажлын хэсэг гаргаж зөвшөөрлийг хууль бусаар олгосныг тогтоосноор АМГТГ цуцлах шийдвэрийг гаргасан юм. Тус компани Цагаан хайрхан сумын нутаг Алаг толгой гэдэг газар 365 га талбайд алтны шороон ордны ашиглалтын MV-021238 тоот тусгай зөвшөөрөл авахдаа нутгийн иргэдийн “татгалзсан, дэмжээгүй” гэсэн хурлын протоколыг “зөвшөөрсөн, дэмжсэн” болгож, хууль бус шийдвэр үйлдэн нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
Баримт түшвэл Цагаан хайрхан сумын Хунт баг нь 148 өрх, 620 хүн ам, 68 мянган толгой малтай. Багийн Иргэдийн нийтийн хуралд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг танилцуулахад санал хураалтад оролцсон 41 хүнээс 40 нь дэмжээгүй байдаг. Үүнийг нь 39 хүн дэмжсэн, хоёр хүн дэмжээгүй гэх хуурамч болгон бичиг баримт үйлдсэн нь салбарын сайдын томилсон Ажлын хэсгийн шалгалтаар ил болж байв. Иймд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “Газар лха” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг ч бас давхар цуцлаж байв. Дээрх асуудалд сумдын удирдлага, Засаг дарга нар оролцож, хуйвалдсан гэх асуудлыг ч цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг.
Гэтэл өдгөө “Будар минералс” компани хууль, шүүхийн байгууллагад гомдол гарган, өөрийн талд шийдвэр гаргуулахаар хөөцөлдөж яваа гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ компанийн зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Төрийн тахилгат Хан Хөхий уулын орчим олгосон лицензүүдийг эргэж харах тухайд АМГТГ, БОАЖЯ анхаарсангүй. Тэр нь ч ардаа өөр олон шалтгаантай биз. Цаашилбал, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын нутагт хүчин төгөлдөр байгаа, зарим нь эзэмших хугацаагаа 20-30 жилээр сунгуулсан уул уурхайн зөвшөөрөл “Будар минералс”-ыг эс тооцвол 15 байна. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаагүй байгаа ч хайгуул хийсэн нэрээр тандалт явуулж, эсвэл боломжтой цагийг хүлээж, хөрөнгө оруулагч хайж, зарим нь зөвшөөрлөө үнэ хүргэж зарах арга эв хайж байхыг үгүйсгэхгүй.
Увс аймгийн холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад “Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгж байхгүй. Харин бүртгэлтэй байгаа болон лиценз эзэмшдэг 100 орчим аж ахуй нэгж бий” гэлээ. 2020 оны Орон нутгийн сонгуулиар нутгийн өөрийн удирдлагад сонгогдсон ИТХ, Засаг дарга нарын зүгээс 2020-2024 онд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулснаас үзвэл тус аймаг ирэх дөрвөн жилд “Хүн төвтэй хөгжлийг бий болгох” зорилт дэвшүүлжээ. Ингэхдээ уул уурхайг хариуцлагатай болгох, хуулийн хэрэгжилтэд анхаарах, аймгийн хэмжээнд байгаа 100 орчим ашигт малтмалын зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгж бүртэй тулж ажиллах гэсэн чиглэл баримтахаа тодорхойлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Ч.ҮЛ-ОЛДОХ


Сэтгэгдэл

иргэн [122.201.21.169] 2021-01-28 10:47:19

Гарын үсэг зурж лиценз олгосон төрд ажиллаж буй зальтай хулгайч нарыг хатуу шийтгээч

Zochin [122.201.31.99] 2021-01-28 10:25:15

Eko altan zaamariig haagaachee . Arai dendlee eh oroniig sendiichelj duuslaa . uil ajilgaag ni zogsooj chadah zasag agluu

Зочин [64.119.17.7] 2021-01-28 03:11:57

Гадныханд лицэнц зарагдвал өнгрөө .Тэд лобидоод ухах л болно.Дараа нь тэмцэл өрнөнө.Бүгд ийг хурааж болиулахын тулд одоо л хөдлөхгүй бол оройтондоо орон нутагын ардуудаа!!!

Зочин [202.9.47.18] 2021-01-28 02:39:34

Бүх лизенз хурааж ав! Хэрэг үүсгээд шалга. Хятадуудад л зарна биз.

ЗОЧИН [202.126.89.90] 2021-01-28 02:01:29

УХАЖ БАЙГАА ГАЗРАА АШИГТАЙ ХУВИЛБАРТ ОРУУЛЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЖ ӨРНӨӨС САЛЦГААНАА БОД ОТ-Н ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ ХАМТРАХ ХЭРЭГТЭЙ ЯПОНТОЙ Ч ЮМ УУ

Зочин [66.181.186.127] 2021-01-28 01:28:53

Газраа Ухаад бид сайхан амьдрах хугацаа болсон . Даанч тэгж чадсангүй. Одоо эх орноо ард түмнээ бодож амьдрах цаг болсон.

зочин [64.119.26.59] 2021-01-28 01:22:34

нэг ч ширхэг лиценз үлдээхгүй хурааж ав аа.от гэрээг харахгүй бна уу.юу болгож хаяв..байгалийн баялаг чини хөрсөн доороо байг ээ.юу дутсан гэж гуйлгачин царайлаад бнаа.мал аж ахуй,хүнс төмсний ногоо,жимсээ жимсний модоо тарицгаа.баялагаа ухаж цөөн тооны новшнууд л зөөж дуусгана ,та нар гуйлгачин хэвээрээ л үлдэнэ.үүнийг би биш дэлхийн улс орнуудын ядуу буурай,сул дорой ядуусын амидрал харуулж бнаа.үхрнүүд ээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.