ХЗБХ:Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг маргааш хэлэлцэхээр хойшлуулж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаан 09 цаг 42 минутад гишүүдийн 68.4 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр товлоод байв.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь шударга ёсны төлөөх тэмцлийн гол хэсэг, шүүхийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, хараат бус байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Гэвч цэцийн дунд суудлын хуралдаанаас уг хуулийн зарим хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц ч асуудлыг ухаалгаар авч үзэж, өмнөх шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна.

Иймээс хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай байгаа тул асуудлыг түр хойшлуулах саналтай байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа шударга шүүхийн төлөө, шүүхийн шинэчлэлийн төлөө байгаагаа хэлээд цэцийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг чуулганы хуралдааны дэгээр зохицуулсан байдаг учраас асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.

Гишүүдийн саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт гаргажээ.

Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тогтоол батлав

Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны С.Бямбацогт уг тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хэмгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар зааж, тус хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар зохицуулсан.

Үүнтэй уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, Комиссыг 6 гишүүнтэй байх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалтыг тусгаж өгсөн.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан тул Хүний эрхийн Үндэсний Комиссын 6 дахь гишүүнийг энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулж томилон, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага үүссэн. Иймд сонгон шалгаруулалтыг зарлаж, материал хүлээн авах Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:53

irgen [66.181.185.97] 2021-05-04 06:51:11

МАН нэг намын дарангуйллыг шүүх дээр тогтоох хуулийн заалтыг Цэц хүчингүй болгосон нь зөвөөс зөв. МАН-ын төлгөн коммунист Сүхбаатар, Энхбаяр нар парламентаас зайлцгаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.