“ХАМТЫН ХУВЬ ЗАЯА-2021” АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын Чөлөөлөх Армийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвд “Хамтын хувь заяа-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж, сургуулийн I шат-салаадын сургууль 9 дүгээр сарын 11-ний өдөр өндөрлөлөө.

Сургуулийн нэгдүгээр шатанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын салаа БНХАУ-ын ХАЧА-ийн цэргийн алба хаагчдын үндсэн зэвсэг болох “QBZ92” загварын 5.8мм-ийн автомат буу болон “92В” загварын хуягт тээвэрлэгчийг хүлээн авч, жолоодлогын дадлага болон буудлагын зэвсгийн дасгал боловсруулсан бөгөөд “Түр ажиллагааны бааз байгуулах”, “Баазын харуул хамгаалалт болон явган эргүүл”, “Чухал хүний хамгаалалт”, “Цувааны хамгаалалт”, ”Энгийн иргэдийг хамгаалах”, “Террорист үйлдлийг сөрөх тусгай ажиллагаа” сэдэвт хичээлүүдийг онол, дадлагаар хээрийн байрлалд зохион байгууллаа.

Сургуулийн нэгдүгээр шатны төгсгөлд мотобуудлагын салаа “Түр ажиллагааны бааз байгуулах”, “Цувааны хамгаалалт” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Үзүүлэх сургалтаар цуваагаар хөдөлгөөн үйлдэх үед халдлагыг няцаах болон “Ажиллагааны түр бааз” байгуулах, баазын байрлалаас зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагыг няцаах зэрэг цагийн байдалд НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу хариу арга хэмжээ авч, тавигдсан үүргийг амжилттай биелүүллээ.

Үзүүлэх сургалтыг Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд шууд дамжуулж, ХАЧА-ийн “Төв” цэргийн тойргийн удирдлагууд үзэж сонирхсон.

ХАЧА-ийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх ЦАХ, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл, түүнчлэн олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах зорилгоор 2019 онд байгуулсан бөгөөд дулаан орны байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн аж амьдралын байдал зэрэгт нийцүүлсэн дуурайлган үзүүлэх төхөөрөмжлөлийг иж бүрнээр тоноглосон, ялангуяа Африкийн нөхцөл байдлыг сайтар тусгаж төхөөрөмжилсөн нь дадлага, сургалтыг бодит цагийн байдалд ойртуулан олон талт байдлаар үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн оролцож буй энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа 2021” олон улсын сургуулийг БНХАУ цаашид 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус сургалт нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ахмад Г.ГАНСҮХ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.