Намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Чуулганы хугацаанд тус Байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Байнгын хорооны тогтоолоор байгуулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2 удаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг 16 удаа хуралдаж, 2 танилцуулга бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны тогтоолоор байгуулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг нийт 31 удаа хуралдсан байна.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн батлуулсан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.
Байнгын хороо, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийн төслийг хэлэлцүүлж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн батлуулсан бөгөөд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлуулаад байна.
Түүнчлэн Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Намрын ээлжит чуулганы хугацаанд Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах” тухай Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах” тухай Байнгын хорооны тогтоолыг тус тус баталжээ.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах” тухай Байнгын хорооны тогтоолыг батласан байна.
Бусад ажлын талаар:
Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Бидний үйлдэл-Бидний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “Их Монгол танхим”-д зохион байгуулсан "Ойн салбарын үндэсний чуулган"-нд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун “Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан байна.
Байнгын хорооны 2021 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод, Баянгол, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Сүмбэр сумдын тариаланчид, ногоочидтой, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Майнд Тэч” ХХК, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өег” гурилын үйлдвэр, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Сүхбаатар сумын тариаланчид, ногоочидтой, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэр, “Түмэн шувуут” ХХК, “Агрофит” тэжээлийн үйлдвэр, Хөдөө аж ахуйн сангийн үйл ажиллагаатай танилцсан гэж байлаа.
Сэтгэгдэл