Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа
Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.
Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [66.140.179.77] 2022-05-19 00:02:55
Гаалийн болон НӨАТ нийлээд 20 гаруй хувь биз дээ. Ийм их татварыг чөлөөлөөд дээр нь хөнгөлөлттэй зээл олгоод байхад үнэ 4-7% буурдаг юм бэ??????