Хэмнэлтийн хуулийг “дэд”-үүд гууль болгох уу?

Aдмин / Хууль

Хэмнэлтийн хуулийг сарын өмнө баталсан. “...Төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн зорилготой. Энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхэлсэн.

Хэмнэлтийн хуулийн шийдлүүдээс Хоёрдугаар бүлэг/Хангамж, зарим үйл ажиллагаанд тавих хязгаарлалт/-ийн “Тэргүүн дэд, дэд, орлогч дарга” хэмээх 5.1 дэх “...Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, 5.2 дахь “...Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.3 дахь “...Засгийн газрын агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно”, 5.4 дэх “...Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн зүйл заалт олны анхаарлыг татаж, “алга ташилт” хүртсэн. Энэ заалт нь гацаанд орж болзошгүй байна.

Хамгийн түрүүнд Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Ж.Эрхэмбаатар чөлөөлөгдсөнөө зарласан. Мөн нийслэл Улаанбаатар хот, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагууд Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, орлогч дарга нар, дэд захирлуудаа чөлөөлсөн. Энэ талаар өөрсдөө олон нийтэд мэдээлсэн.

Харин нэлээд байгууллагын дэд болон орлогч дарга, захирлууд албан тушаал, цалин хангамжаасаа салахгүйн тулд янз бүрийн “арга хэмжээ” авч буй тухай мэдээлэл хэвлэлүүд болоод 11-11 төвд ихээр ирж байна.

Дарга, захирал руу нь нөлөө бүхий улстөрчдөөр яриулах явдал цөөнгүй гарсан байгаа юм. Тухайлбал ийм явдал “Монголын төмөр зам” ТӨХК дээр болсон байж болзошгүй. Тэндхийн Хууль эрх зүй хариуцсан дэд захирал, Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан хүмүүс “Монголын төмөр зам” ТӨХК-иас чөлөөлөгдсөн эсэхийг нягтлах шаардлагатай.

Мөн зарим байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх замаар дэд, орлогч нараа авч үлдэж байгаа мэдээлэл байна. Зарим нь тухайн байгууллагадаа газар, хэлтсийн дарга болж үлджээ. Тухайлбал, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар 2013 оны зургадугаар сарын 14-нд байгуулсан Хадгаламжийн даатгалын корпораци нь тэргүүн дэд, дэд захиралтай байсан. Гэвч тус корпорацийн ТУЗ-ийн шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж нэр бүхий дэд захирлыг “шингээсэн” байгаа юм.

Энэ мэтчилэн эрхэм дэд болон орлогч дарга, захирал асан эрхмүүд Хэмнэлтийн хуулийн 5.4-т “...Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэснийг зөрчиж, хуулийг гууль болгож байж болзошгүй нь. Тэгэхээр холбогдох байгууллагаас хуульд заасан байгууллагын дэд болон орлогч дарга, захирлаар ажиллаж байсан хүмүүс хуулиа дагаж чөлөөлөгдсөн эсэхийг нягтлахад буруутахгүй нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.30.131] 2022-05-31 02:00:16

Хуулийг хэрэгжүүлэхгүй байх, завхаруулагч нь УИХ-ын гишүүд ш дээ

Зочин [202.21.105.204] 2022-05-31 00:39:27

Үнэн шүү дээ. Нэг бол энэ хуулиа хэрэгжүүл нэг бол хүчингүй болго. Чөлөөлөгдсөн дэд захирал, дэд дарга, орлогч дарга нар алга. Ажлаа хийгээл байж байна. Харин ч бүр ажлаа өгөх сургаараа маш их хууль бус үйлдэл хийж байгаа сурга хаа сайгүй сонсогдож байна. Оюун-Эрдэнээ нэг хууль гаргаал хаядаг биш хэрэгжилтийг нь хангуулж хяналтаа тавь. Тэгэхгүй бол танай намынхан далимдуулаад төрийн албыг сүйрүүлж байна шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.