Д.Рэгдэл ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдлоо

Aдмин / Хууль

ОХУ-ын Шинжлэх ухааны академи энэ сарын 1-ний өдөр хуралдаж гадаад гишүүдийн сонгуулиа явуулжээ. Тус сонгуулиар Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ын гадаад гишүүнээр сонгосон байна.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн захирал, Орос, Монголын ШУА-ийн гишүүн Б.В Базаров мэндчилгээ ирүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ “Таны эрдэм шинжилгээний ололт амжилт, ажлын их туршлага нь таныг монголдоо болон дэлхийд нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны зохион байгуулагч болох боломжийг олгосон байна. Энэ бүх ололт амжилт нь таны нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны болон зохион байгуулалтын авьяасын үр дүн юм. Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгосон явдал нь таны эрдэм судлал дахь гавьяаг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн, хожим нь Орос-Монголын шинжлэх ухааны асуудалд оруулсан хувь нэмрийн нэр төртэй үнэлгээ юм” хэмээн онцолжээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Д.Рэгдэл танаа

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Та сансрын биологи, байгалийн биологийн идэвхт нэгдлүүд, хүнсний хими болон Функционал нано материалын салбарын томоохон мэргэжилтний хувьд дэлхийн шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмэр оруулжээ.Эрдэм шинжилгээний ажилтнаас Монголын ШУА-ийн ерөнхийлөгч болтлоо урт замыг туулсан байна. Таны эрдэм шинжилгээний ололт амжилт, ажлын их туршлага нь таныг монголдоо болон дэлхийд нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны зохион байгуулагч болох боломжийг олгосон байна. Энэ бүх ололт амжилт нь таны нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны болон зохион байгуулалтын авьяасын үр дүн юм. Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгосон явдал нь таны эрдэм судлал дахь гавьяаг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн, хожим нь Орос-Монголын шинжлэх ухааны асуудалд оруулсан хувь нэмрийн нэр төртэй үнэлгээ юм.

Энэ бүхэн таны бүтээлүүдэд тусгалаа олсон бөгөөд хоёр орны шинжлэх ухаан дахь таны өндөр нэр хүндийн баталгаа юм. Шинжлэх ухааны салбар дахь Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа таны идэвхтэй оролцоотойгоор цаашдаа ч хоёр орны ард түмнүүдийн тусын тулд амжилттай хөгжинө гэдэгт итгэж байна. Сибирийн эрдэмтэд ОХУ Монголын найрамдалт хамтын ажиллагааг ихэд хүндэтгэдэг бөгөөд танай улстай тогтоосон харилцан ашигтай, үр дүнтэй шинжлэх ухааны холбоо хэлхээ нь бидний хоёр талт хамтын ажиллагааны чухал чиглэл байсаар байх болно.

Та мэргэжлийн болон хувийн ур чадвараа цаашдаа ч амжилттай хэрэгжүүлж, хамт олон, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө дэмжлэгийг ямагт хүртэж байхыг хүсэн ерөөе. Эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн захирал, Оросын ШУА-ийн гишүүн, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Б.В Базаров.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр монголоос ШУА-ийн анхны ерөнхийлөгч Б.Ширэндэв, академич Б.Барсболд, Б.Бямбаа, Ч.Дугаржав нарын эрдэмтэд сонгогджээ.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.52] 2022-06-03 16:02:37

Орост олон төрлийн хориг тавигдаад гадаадынхан бүгд гараад явчихсан, оросоос бүгд татгалзаж байгаа биз дээ? тэнд сонгогдох хүсэлтэй, сонгох хүн байхгүй болсон биз дээ? гэтэл Д.Рэгдэл гуай та юу болоод байна вэ? Өмнө нь та бас оросын нэг шагналыг Путин гуайгаас авчихсан уу? Д.Рэгдэл гуай Украйны Харьков хотод сурч мэргэжил эзэмшсэн биз дээ? эхнэр нь ч бас Украйны Одеса хотод сурч төгссөн үү? Та Украйныг бодохгүй байна уу?

Зочин [192.82.83.221] 2022-06-03 08:32:04

Энэ гэж юуч хийдэггүй мал бна

Зочин [103.26.194.151] 2022-06-03 07:33:16

энэ оросын хулгайч алуурчидад "лам олдохгүй бол" гэдэг шиг их сүүжирч бна аа, монгол африк хоёр л үлдэх шив, ха ха ха


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.