Хүүхдүүдээ замын ослоор алдсаар байх уу?

Aдмин / Хууль

Өчигдөрхөн л ээжийнхээ гараас хөтлөөд явган хүний замаар алхаж явсан охид, хөвгүүд хэнэггүй жолоочийн балгаар амиа алдсаар байна. Арван сар тээж, хүн болгосон үрээ нүдэн дээрээ алдсан эцэг эхчүүдийг бодохоор өр өвтгөм. Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн амийг жолоочоос уу эсвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг амаараа цохон тэмдэглэдэг ч түүний хэрэгжилт, дагалдах асуудлуудад анхаарлаа хандуулалгүй ирсэн дарга нар уу. Үгүй бол хүүхдүүддээ хараа хяналт тавиагүй эцэг эхийг буруутгах уу. Гуравхан сая хүн амтай монголчууд бид зам тээврийн осол гэх чимээгүй аюултай нүүр тулгарлаа. Тэр дундаа эцэг эхийн хайхрамжгүй байдал, хайнга жолооч нараас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаныхан бага насны хүүхдээ асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сэрэмжлүүлдэг. Гэвч зам тээврийн осол буурахгүй байгаа нь харамсалтай. Он гарснаас хойш улсын хэмжээнд 25 хүүхэд гэмтсэн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Дулааны улиралд хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь өндөр байдаг. Учир нь энэ үед хөл хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой. Мөн энэ жилийн хувьд хөл хориог цуцалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхим руу шилжүүлсэн. Ялангуяа, нийслэлд хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр зам тээврийн осолд өртөх нь их байна. Иймд эцэг эхчүүд сэрэмжтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлж байна” гэсэн юм.

Гэвч өнөөдөр нийслэлд амьдарч буй 1.5 гаруй сая иргэний 428 мянга орчим нь тээврийн хэрэгслээр зорчиж байна. Өглөө гэрээсээ гарсан хүн орой нь эсэн мэнд харина гэсэн баталгаа алга. Муу амласан юм биш. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу жолооч, хурд хэтрүүлснээс олон хүний эрдэнэт амь эрсдэж байгааг бүгд мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг хоногийн дотор 1-2 хүн нас барж, 10-20 хүн хүн гэмтдэг болохыг Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харж болохоор. Түүнчлэн зам дээрх энэ дайн сүүлийн үед орон нутагт ч нэмэгдсэн. Нийслэл шиг замын түгжрэлгүй тал газар машин онхолдож, хүн нас барж, гэмтэж бэртэж байгаа нь хөдөөгийн замаар явахаас ч эмээхэд хүргэж байна. Өөрийн болон өрөөлийн амь насыг атгаж яваа жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байгаагаас замын “дайн”-ыг улам гааруулсаар. Үүнд ямар ч буруугүй бяцхан хүүхдүүд өртөж, амиа алдсаар байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Зам тээврийн ослын дийлэнх нь согтуу жолоочтой холбоотой байдгийг тээврийн цагдаагийнхан онцолдог. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 490 орчим хүн нас барсны 50 нь хүүхэд байсан. Хойч ирээдүйгээ хүсээгүй дайны золиос болгохгүйн тулд хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал болоод байна.

ОСЛЫН УЛМААС ӨДӨРТ 2-3 ХҮН ЭМНЭЛЭГТ ИРДЭГ

Тээврийн цагдаа нарын өглөөний мэдээнд дүгнэлт хийхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийгөө болон бусдыг амь нас, эд хөрөнгөөр хохироох явдал зам тээврийн бусад зөрчлөөс их байгааг харах боломжтой. Тиймээс жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Явган зорчигчид мөн өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Хоёрдугаарт, замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ биелүүлэх шаардлагатайг энэ цаг үе харуулж байна. Гуравдугаарт, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх хэрэгтэй. Зам тээврийн осол гаргасан жолооч нараас судалгаа авахад тэдний ихэнх нь замын хөдөлгөөний дүрмээ мэддэг ч биелүүлдэггүй. Иймд согтуу жолжолооч нарын эрхийг хэдэн жилээр хасаад, хэдэн сая төгрөгөөр торгоод энэ асуудал бүрэн шийдэгдчихгүй. Энэ бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг алхам гэж Чингэлтэй дүүргийн Тээврийн цагдаагийн тасгийн дарга хэлж байсан юм. Тиймээс алхмаа хэрэгжүүлбэл амиа, эд хөрөнгөө хамгаалах бүрэн боломжтой. Гэмтэл соргог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 2-3 хүн ирдэг гэж байв.

Замын шийдэлд хамгийн чухал нь иргэдийн оролцоо чухал. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Доржханд “Жолооч нарыг хамгийн их бухимдуулдаг зүйл нь замын түгжрэл. Үүнээс болж автобусны жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй. Хоёр, гуравдугаар эгнээ рүү дайрдгаас замын түгжрэл үүсгэдэг. Бас зорчигчдоо суулгах гэж уралдан, урсгал сөрж давхина. Сүүлийн үед жолооч нар харьцангуй соёлтой болсон. Учир нь нэг нэгэндээ зам тавьж өгч сурч байна. Хараад байхад жолооч нар шар гэрлээр амжиж орох гээд осол гаргаж байна. Түгжирч цаг алдсандаа яараад гэрлэн дохиогоор амжаад гарчих санаатай тэгдэг байх. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ямар нэгэн зөрчил гаргасан жолооч нарын эрхийг нь хасаад нэг сая төгрөгөөр торгохоор болсныг дэмжиж байгаа. Торгуулийн хэмжээг нэмчихвэл 20 мянган төгрөгөөр дуудлагын жолооч дуудах уу, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох уу гэдгээ боддог болно. Жолооч нарын хариуцлагыг өндөрсгөх л хэрэгтэй. Ингэж байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь цөөрнө. Нөгөөтэйгүүр замын голд байдаг хашлагууд их осолтой санагддаг. Автобус нэгдүгээр эгнээгээр явах нь зөв. Гэхдээ улаан гэрлээр зорчих эрхийг тэдэнд өгөөгүй. Тиймээс автобусны жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг баймаар. Түүнчлэн авто зогсоолууд байхгүйгээс жолооч нар бухимдаж, замын түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байгааг анхаарах хэрэгтэй” гэж байв.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өдөрт 2-3 хүн бэртэж, нэг нь нас бардаг. Үүнээс осолд өртсөн хүүхдүүд 4-16 насныхан. Явган зорчиж байхдаа гэнэтийн байдлаас болж автомашинд мөргүүлэх нь их байдаг байна.

ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ

Өнөөдөр иргэн бүр анхаарал сэрэмжгүйгээс өөрсдөө хүүхдээ хохироосон тохиолдол 20 гарчээ. Энэ нь иргэн та тээврийн хэрэгслээ асаахаас өмнө эргэн тойрноо болон машин доогуураа сайн шалгаж үз гэсэн үг юм. Учир нь сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн 1753 осол бүртгэгдсэний 1273 хүүхэд хохирсон буюу 170 хүүхэд амиа алдаж, 1103 хүүхэд гэмтжээ. Мөн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн ихэнх нь орон нутагт байна. Энэ нь хүүхдэд зориулалтын суудал хэрэглээгүй буюу хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой. Түүнчлэн эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсноос хүүхэд хохирдог. Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Х.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн онд 14 хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд мөргүүлсэн нь эцэг эхийн хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсантай холбоотой” гэж байсан юм.

Мөн зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд орж байгаа учир автомашиндаа аюулгүй тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо зөв үлгэр дууриал үзүүлээч ээ гэж уриалах хэрэгтэй гэж Тээврийн цагдаагийн албаныхан анхааруулж байна.

Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагт анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамгүй хэсгээр гардаг. Үүнийг хамгаалдаг хүн бол сургуулийн цагдаа. Нийслэлийн III сургуулийн замын хоёр талд “School police” гэсэн бичигтэй зогсож байсан н.Хандсүрэн, н.Долгорцэнд “Өөрийн хүүхдийн төлөө нэг өдөр зогсдог. Энэ нь хүүхдээ замын хөдөлгөөнд яаж оролцдогийг нь мэдэж авсан. Тиймээс хүүхдүүдээ зам тээврийн ослоос хамгаалж байна” гэж байсан юм. Асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхэдтэйгээ хамт явж байхдаа хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөө өгдөггүй нь бидний хандлага ямар байгааг илтгэдэг. Бид өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дууриал үзүүлдэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцөлийг бий болгодог.

Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж сураагүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс иргэн бүр замын хөдөлгөөнд зөв оролцох хэрэгтэй. Жолооч нар хурдаа хасаж, зорчигчид нь анхаарал болгоомжтой байж энэ чимээгүй аюулаас сэргийлж чадна. Тиймээс жолооч нь хэнэггүйтэхээ, иргэд нь хариуцлагагүй хандахаа болъё!?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.26] 2022-06-08 15:03:37

Түгжрэл буурна

Зочин [192.82.90.244] 2022-06-08 02:29:14

1 odort gemtliin emnelegt heden zuun hun gemtej ochdog gej bodoj bna getel daintai ukrain hamaagui baga too garch bn manai uls hund mash haltai niigem buteej bna daa

[64.119.19.24] 2022-06-08 01:51:15

ТЦГ-ынхан ажлаа сайн хийгээч ээ. Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа маажаад байдаг нөхдүүдэд хүлээлгэх хариуцлага энэ тэр гэж юм байна уу? Байдаг бол хяналтаа сайн тавиач, арга хэмжээгээ хатуу тооцооч.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.