Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2022.06.16/ Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн А.Амгаланболд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний нэршил, аргачлалын асуудал”, СЭМҮТ-ийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал Г.Баатаржав “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, ангилал, шинж тэмдэгүүд”, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, судлаач А.Төвшинтөгс “Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд тусгасан онцлох зүйл нь хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, үнэлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт тавьсан явдал гэдгийг онцолж байв. Монгол Улсад эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас энэ асуудлууд бүрэн шийдэгдэж чаддаггүй байна. Сэтгэцэд учирч байгаа хор уршгийг хэн, хэрхэн тооцох, хохирлыг хэн мөнгөн дүнгээр үнэлэх вэ гэдэг нь мөн тодорхойгүй байдаг аж. Үүнийг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн гэлээ.

Илтгэлүүдийн дараа оролцогчид илтгэгчдээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх асуудал өргөн агуулгатай байдаг. Сэтгэл санааны хохирол гэдэг сэтгэцэд учирсан хор уршигтай адилхан байх уу, үүнийг хэрхэн ялгах вэ хэмээн тодруулсан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг “Иргэний хуульд байгаа сэтгэл санааны хохирол гэдгийг сэтгэцэд учирсан хор уршиг болгон өөрчилж байгаа. Тухайн хор уршгийг нарийн мэргэжлийн эмч нар тогтооно. Мэргэжлийнхэн сэтгэл санааны хохирол гэдгийг түр зуурын шинжтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг хариултыг өгдөг. Байнгын шинжтэй болох юм бол сэтгэцийн эмгэг буюу өвчин болоод хүний хэвийн амьдрах чадварыг алдагдуулдаг гэсэн үг. Үр дагавар нь харилцан адилгүй байдаг. Нарийн мэргэжлийн эмчийн тогтоосон зэрэглэл, дүгнэлтийг хэдэн төгрөгөөр барагдуулах вэ гэдэг нь шүүхийн нэг аргачлал байх юм гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон Эрүүл мэндийн яам, БОАЖЯ, Шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, МХЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоод, “Хохирол үнэлгээчдийн холбоо” ТББ зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.