УИХ-ын гишүүд БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын дарга нарын зөвлөл, албаны төлөөлөлтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нар БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дарга нарын зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр (2022.06.16) уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Монгол Улс, БНСУ-ын парламентын хамтын ажиллагааг олон чиглэлд хөгжүүлж ирснийг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед чанартай, эрүүл хүнс импортлох чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдлаа. Тэрбээр, 2030 онд болох Дэлхийн олон улсын экспог зохион байгуулахаар өрсөлдөж байгаа Пусан хотыг дэмжиж байгаа илэрхийлээд хүнс, хөдөө, аж ахуйн болон хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
БНСУ-ын хот, аймгуудын ИТХ-ын дарга нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Үлсань хотын ИТХ-ын дарга Пак Бён Сог, Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа тасралтгүй 30 жил гаруй үргэлжилж байна. Органик болон эрүүл хүнс, хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай ажиллах бүрэн боломж бий гээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хот, аймаг, орон нутгийн ИТХ-ын дарга нарын зөвлөлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын дарга нарын зөвлөл Сэлэнгэ аймагтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй ногоон технологид суурилсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг нэмэгдүүлж, залуучуудад ажлын байр бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Мөн аж үйлдвэрийн салбарт жендерийн тэгш оролцоог бий болгох, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг сургах, бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, Монгол орны цөлжилт, шар тоосонцор үүсэхээс урьдчилан сэргийлж таримлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн иргэн аж ахуй нэгжүүд болон ойн сангийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл