Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзаж, хүний эрхийн чиглэлээр ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцон ярилцлаа.
Уулзалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх “Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулахад үр нөлөөтэй ярилцлага хийх зарчим” (Мендезийн зарчим)-ыг хуулийн байгууллагад нэвтрүүлэх, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцын нэр томьёоны зөв ойлголтыг тогтоох, иргэдээс ирсэн гомдол, хүсэлт, эрүүдэн шүүсэн талаарх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтэд хяналт шинжилгээ хийх, зөрчил, эрүүгийн хэргийн тоон мэдээллийг солилцдог байх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн баривчлах, цагдан хорих байр, хорих ангиудад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний Комисс байнгын мэдээлэл солилцож байхаар тогтлоо.
Уулзалтын төгсгөлд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүд прокурорын байгууллагын аль ч нэгж газарт очиход нээлттэй хүлээн авч, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах ажилд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл