ТЦА: Орон нутгийн замд онхолдсон осол буурахгүй байна, мөн нийслэлд явган зорчигч мөргүүлсэн осол олон гарсан
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 675 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 6 нийт 16 хүн гэмтэж бэртжээ. Тодруулбал, Нийслэлд явган зорчигч холбогдсон осол 6, мотоциклтой осол 1, автомашин мөргөлдсөн осол 1, зорчигч гэмтэж бэртсэн 1 осол бүртгэгдсэн бөгөөд хүний амь хохирсон осол бүргэгдээгүй байна.
Харин орон нутагт автомашин онхолдсон 4 осол бүртгэгдэж 5 хүн гэмтсэн, автомашин мөргөлдсөн нэг осол бүртгэгдэж 1 хүн нас барсан, мотоциклын нэг осол бүртгэгдэж нэг хүн нас барсан мөн явган зорчигч мөргөсөн 1 осол гарсан байна.
Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 207, орон нутагт 41 нийт 248 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 8 тохиолдол гарчээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн замд онхолдсон осол буурахгүй байна. Мөн нийслэлд явган зорчигч мөргүүлсэн осол гарч байна.
Иймд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо тохиолдол ихсэж байгаа тул хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.
Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
Сэтгэгдэл