Зөрчил илэрсэн мал нядалгааны газрын үйл ажиллагааг түр зогсоов
Орхон аймаг дахь улсын байцаагч 115 тусгай дугаар, чат бот, Засаг даргын Тамгын газрын 70353511 утас, цахим хаяг болон хэрэглэгчээс биечлэн ирүүлсэн нийт 36 өргөдөл гомдол хүлээн авч 100 хувь шийдвэрлэжээ.
Холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран аймгийнхаа мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газарт шалгалт хийж, зөрчил илэрсэн “БҮБУ” ХХК-ийн мал нядалгааны газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ. Түүнчлэн зах худалдааны төвд хийсэн шалгалтаар 10 гаруй зөрчил дутагдал илэрснийг газар дээр нь арилгуулсан байна.
Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан улсын байцаагчид агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажил хийлээ. Орхон, Өмнөговь аймгийн улсын байцаагчид аймгийнхаа томоохон хүнсний бөөний төвүүдэд хүүхдийн бэлэгтэй холбоотой шалгалт явуулахад зөрчил дутагдал илрээгүй байна.
Орхон аймгийн Засаг даргын ажлын албанд хүргүүлсэн залуусын хүсэлт шаардлагын дагуу холбогдох байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг томоохон худалдааны төв, хүнсний зах, хүнсний дэлгүүрээр орж өргөн хэрэглээний барааний үнийн судалгаа хийжээ.
Шалгалтаар Улаанбаатар хотоос бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг толгой компаниуд үнийг нэмж, тээвэрлэлт хийж байгаа хувь хүн болон компаниуд бараа татан авалт хийх тарифийг нэмсэнтэй холбоотой хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өссөн үзүүлэлттэй байгаа талаар аймгийн Засаг даргын шуурхайд танилцуулж ажиллажээ.
Сэтгэгдэл