Ц.Хатанбаатар: Зуны амралтаар хүүхдүүд цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байна

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэг амарсан, урин дулаантай холбоотой хүүхэдтэй холбоотой ямар төрлийн дуудлага мэдээлэл илүүтэй бүртгэгдэж байна вэ. ?

-Сурагчдын зуны амралт болон урин дулааны улиралтай холбогдуулан амралт, зугаалга, аялал жуулчлал идэвхждэг. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол хөдөө орон нутагт өвөө эмээ, хамаатан садан, ах дүүгийндээ очих, зуслан явах, найз нөхдөөрөө гол ус, ой модруу зугаалах, тоглох гэх мэтээс үүдэн төөрөх, гол, усанд живэх, өндөрөөс болон морь унах үедээ унаж бэртэх, орчиндоо аюул учруулж болзошгүй ан, амьтаны нөлөөнөөс амь нас эрүүл мэндээр хохирох, мотоцикл, мопед, унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан зэргээр замын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэг дээр тоглох зэргээс зам тээврийн осолд өртөх, эцэг эх нь ажилдаа явсан хойгуур хяналтгүй цахим орчинг удаан хугацаагаар ашигласнаас цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирдог.

Гэмт хэрэг, зөрчлөөс гадна ахуйн осол гэмтэлд жишээлбэл халуун шингэн, халаах хэрэгсэл, гал түймэр, хийн төлөвийн бодис буюу халуун уур, хийнд түлэгдсэн, явганаас, нүхэн жорлон, худаг, шуудуунд унах, барилга байгууламж, бусад өндөр түвшинээс унах, гол, мөрөн, нуур, тогтоол усанд унах, живэх гэх мэт золгүй байдлаар амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх байдал ихээр бүртгэгддэг.

- Энэ он гарснаас хойш буюу эхний 5 сарын байдлаар гол, нуурын усанд живсэн хичнээн тохиолдол бүртгэгдсэн бэ ?

-Он гарснаас хойш насанд хүрээгүй хүн гол, нуурын усанд живж амь нас нь хохирсон 7 харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна урин дулааны улиралд улс, аймаг, сум, дүүргийн тэмдэглэлт ой, үндэсний их баяр наадам тэмдэглэхтэй холбогдуулан хурдан морь унаач хүүхдүүд, хөдөө амралтаа өнгөрүүлж байгаа болон малчин хүүхдүүдийн асуудал хөндөгддөг. Хүүхдүүд мориноос унах, чирэгдэх гэх мэтээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд нэмэгддэг. Энэ оны эхний 5 сарын байдлаар мориноос унаж нас барсан 8 тохиолдол бүртгэгдсэнээс хурдан морины үсэргээ, сунгааны үеэр 2, бусад байдлаар буюу морь унах, малд явах зэрэг үед 6 тохиолдол бүртгэгдсэн.

- Хүүхэд гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөл нь юу байна вэ. ?

Хамгийн гол шалтгаан эцэг, эх асран хамгаалагчдаас насанд хүрээгүй хүнд тавих хараа хяналт дутмаг, сул, анзаараггүй байдал мөн тэдний өөрсдийн үлгэр дуурайлал нөлөөлж байна. Хүүхэд бол эцэг эхийн тусгал. Хүүхдээ би ингэж хүмүүжүүлээгүй хэнийгээ дуурайсан юм гээд хүүхдэд буруу өгөөд байдаг. Гэтэл хүүхэд эмээ, өвөө, эцэг, эх, ах эгч нарын хийж байгаа үйлдэл, хүнтэй харилцаж байгаа байдал, үйл хөдлөл бүрийг тусган авч тэр бүгдийг сурч өсдөг, хүмүүждэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, тамхи татдаг, гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэн хэрүүл маргаан үүсгэх, зодолдох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бие биедээ хүндэтгэлгүй хандах, гэр бүлээрээ замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын түгжрэл зэргээс шалтгаалан бусад жолооч нартай маргалдах, явган зорчигч, бусад иргэдтэй хэрүүл марган үүсгэх, хараах, биеийн зохисгүй хэлэмж гаргах, хүүхдээ дагуулаад гарцгүй газраар зам хөндлөн гардаг, нус цэрээ хаях, бие засах гээд зохисгүй үйлдлүүд гаргадаг. Хүүхдийн хувьд эцэг эх, ах эгч нар бол хамгийн мундаг, хамгийн сайн, хамгийн хамгийн эрхэм хүмүүс нь. Том болоод аав шигээ, ээж шигээ хүн болно л гэж боддог. Гэтэл өсөж байгаа орчинд нь хамгийн эрхэм мундаг хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл тэдэнд ингэж болдог юм байна. Аав ээж ингэж л ярьдаг, ингэж л хийдэг юм чинь би бас ийм байх ёстой гэсэн буруу үлгэр дуурайл авч, түүнийг даган дуурайсаар рефлекс, хүмүүжил нь болчихдог. Үүнийг эцэг эхчүүд анзаардаггүй. Хүн бүрийн ар гэр, эцэг, эхчүүд ийм байдалтай биш хэсэг бүлэг цөөнхийг дурьдсан юм шүү. Зөв үлгэр дуурайлалтай, хүүхдээ зөв хүмүүжлүүлсэн олон олон гэр бүл, эцэг эхчүүд дийлэнх нь байгаа. Эцэг эхчүүдийн нийтлэг боддог, ярьдаг зүйл миний хүүхэд ямар нэг муу зуршилгүй, хичээл сургууль, дугуйлан секцэндээ тогтмол явж байгаа гэж бодоод анхаарал тавьдаггүй. Болох болохгүй зүйл байгаа эсэх, ямар хүмүүстэй найзлаж нөхөрлөж байна, орой үдэш хаагуур явж байна гэдэгт хяналт тавьдаггүй, найз нөхөд шиг нь ярилцдаггүй. Гэтэл хүүхэд нь хичээл сургуульдаа, дугуйлан секцэндээ явлаа гэж гараад тэндээ очдоггүй, бусдад уруу татагдсан, буруу, муу зуршилтай болсон, бусадтай нийлж гэмт хэрэг, зөрчил үйлддэг болсон байх тохиолдлууд их. Хэрэг зөрчилд хохирч, холбогдсон үед л эцэг эхчүүд анхаарч даанч сүүлийн үед орой үдэш найз дуудлаа, айлд очиж хичээлээ хийнэ гээд гараад байсан юм, хичээлдээ сайн байсан гэнэт хичээлдээ дургүй болоод багш нар нь хичээлээ хийхгүй байна гээд байдаг болчихсон байсан юм, хувцас хунар нь тийм болчихсон байсан, үзэж хараагүй хувцас хунар өмсөөд найзтайгаа сольж өмссөн, манай найз өгсөн гээд байсан юм, гэрээсээ гарах дургүй болоод өрөөгөө түгжээд суучихдаг болсон, халааснаас нь нээрэн ийм тийм зүйл гараад байдаг болчихсон байсан юмаа тэр үед л ингээд яваад байсан байна, тэр үед нь асуухгүй яаваа гэх зэргээр гэмшдэг.

Өсвөр насны хүүхдүүд шилжилтийн насандаа ааш зан нь хувирдаг, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөрөө бие даан шийдвэр гаргах, өөрийгөө илэрхийлэх гэх мэт хандлага гаргаж эхэлдэг. Яг энэ үед нь эцэг эхчүүд найз шиг нь байж ярилцах, юу болж байгаа юу болохгүй байна түүний шийдлийг олоход нь туслах, өөрийнх нь гаргах гэж байгаа шийдвэрийг сонсож өөрийн туршлагаар зөвлөгөө өгөх мэтээр зөв тийш нь чиглүүлэлгүй загнах, хүсэл зоригийг нь мохоох, үл ойлголцол үүсгэх зэргээс болоод хүүхэд намайг ойлгодоггүй, цагддаг, яагаад заавал би гэх мэтээр өөрийгөө хамгаалах, тулгамдаж байгаа асуудлаа нуух, түүнээс болоод буруу шийдвэр гаргах, яг энэ үед өөрт нь сайн хандсан юм уу өөрийг нь дураар нь байлгаж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа мэт үйлдэл үзүүлсэн буруу үлгэр дуурайлалтай нэгнийг дагаж буруу замаар орох эхлэлийг нь тавьж өгнө гэсэн үг.

Болзошгүй гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэдтэйгээ найзууд шиг нь нууж хаалгүй ярилцдаг, өдөрт болсон асуудлынх нь талаар асуудаг, болж бүтэхгүй байгаа зүйл байгаа эсэхийг нь асуудаг, зөвлөдөг байх, хүүхдийн сэтгэл санаа, үйл хөдлөл, хэвийн байдал өөрчлөгдөж байгаа зэргийг анзаарч, тодруулдаг, мэдээлэлтэй байх, хараа хяналтаа сулруулахгүй байх нь маш чухал.

-Зуны улиралд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалах чиглэлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүүхдийн асуудал харицсан мэргэжилтэнүүд сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчидтай хамтран гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан тогтмол зохион байгуулж ажилладаг.

Эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдыг чадавхижуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, байгууллагын цахим хуудсанд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын материал боловсруулан байршуулах, гарын авлага бэлтгэн тараах, аймаг, дүүргийн “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн зөвлөгөөнд “Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид анхаарах асуудлуудаар мэдээлэл хийж цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, солилцох, бусад мэргэжлийн байгууллагатай хамтран сургуулийн орчин, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд эрсдэл учруулж болзошүй нөхцөл байдлыг бууруулах чиглэлээр үзлэг шалгалт хийх зэрэг ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

Сурагчдын насны онцлогт тохируулан бага дунд ахлах ангийн сурагчдад болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар сурагчдаас санал хүсэлт мэдээлэл авах хайрцаг байршуулах, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулах, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоорсургуулийн орчинд эцэг эхчүүдтэй хамтран School police ажиллуулах, хүүхдийг явган хүний гарцаар гарах зөв дадал эзэмшүүлэх сургалтыг зэргийг зохион байгуулсан.

Сурагчдын зуны амралт эхлэж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 5 байгууллагын даргын хамтарсан тушаал гарч “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг энэ сарын 09-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхдийг болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдыг чадавхижуулах, ажлыг нь эрчимжүүлэх, урин дулааны улирал эхлэж аялал зугаалга эхэлдэгтэй холбогдуулан гол, мөрөн, нуурын усанд живэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалт хийх, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх гэх зэрэг 24 төрлийн томоохон ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн арга хэмжээг эхлүүлээд байна.

-Манай улсад бага насны хүүхдийн цахим хэрэглээ их. Ялангуяа зуны улиралд энэ хэрэглээ их хэмжээгээр нэмэгддэг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэрхэн хяналт тавьж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх вэ?

Эцэг эхчүүд бага насны хүүхдийг саатуулах гээд гар утсан дээр хүүхэлдэйн кино, дуу, клип зэргийг тавьж өгөөд суулгачихдаг. Хүүхэд гар утсанд донтох, дэлгэцийн хамааралтай болох, хараа муудах, гар утасны долгионоос хамаарч бусад эрүүл мэндийн шалтгаан үүсч эхэлдэг. Тогтмол гар утас үзэх, гар утас үзэхийг хориглох, өгөхгүй бол уурлах, уйлах зэрэг үйлдэл үзүүлэх үед нь буцаагаад өгчихдөг. Энэ нь хүүхдийг цахим хэрэглээнд донтох эхлэлийг багаас нь эцэг эхчүүд өөрcдөө бий болгож байна гэсэн үг.

Зуны амралт эхлэж хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийг аюулгүй, гэртээ байгаа гэсэн байдлаар анхааралгүй орхигдуулдаг. Гэртээ байгаа хүүхдүүд цахим орчинд удаан хугацаагаар холбогддогоос цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихэсдэг.

Эцэг эхчүүд цахим хаяг нээж өгөхдөө тодорхой хэмжээний хязгаарлалттай тохиргоо хийх, хяналт тавих, цахим орчинд ямар сайт, вейбээр зочилж байгаа, ямар хүмүүстэй найз нөхдийн холбоо тогтоож байгаа зэрэгт маш сайн анхаарч хяналт тавих хэрэгтэй, хүүхдүүддээ ухаалаг цахим хэрэглээ, цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрэм, хуурамч мэдээлэл гэдгийг таних, цахим орчин дахь танихгүй хүний аюул, өөрийг нь танихгүй хүнээс айлган сүрдүүлсэн, зураг мэдээллээ өгөх, уулзахыг шаардсан тохиолдолд эцэг эхдээ мэдэгдэж асуудлыг шийдвэрлэж байх зэргийн талаар хүүхдүүддээ зөвөөр ойлгуулж ярилцдаг, мэдээлэл солилцдог, хяналт тавьдаг байх.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сэрэмжлүүлэг, мэдээлэл, гарын авлага зэргийг тогтмол гаргаж цахим хуудсуудад байршуулдаг. Эцэг эхчүүд цагдаагийн байгууллагын пэйж хуудсуудаас хүлээн авч танилцан хэрэгжүүлж ажиллах боломжтой.

Кids, IWF зэрэг монгол мэдээллийн портал сайт байдаг. Та хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг зэрэг хаягийг дээрх сайтад орж мэдээлсэнээр дээрх хаягийг устгах хаах боломжтой. Таны өгсөн мэдээлэл бага насны хүүхдүдүүдийг цаашид хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа маш том ажил юм. Мэдээлэл өгөхөд хурдан, хялбар бөгөөд таныг бүрэн нууцална. Харин та өөрийн өгсөн мэдээллийн дагуу ямар арга хэмжээ авсныг мэдэхийг хүсвэл таны э-шуудангийн хаягийг авч тантай хариу холбоо барьдаг.

- Эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол гэмтэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

- Хүүхдийг болзошгүй гэмт хэрэг,зөрчил, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал, тэдэнд тавих хараа хяналт юм. Эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, өөрийн хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр бүрээ би энэ шийдвэрийг гаргасан, энэ зүйлийг хийсэн тохиолдолд хүүхдийн эрх хөндөгдөх үү, хүүхдэд хор хохирол учрах уу, хүүхэд санамсар болгоомжгүй байдлаар осол гэмтэлд өртчих вий гэсэн байдлаар хандаж, болгоомжилж шийдвэр бүрээ эргэн харж гарч болзошгүй эрсдэлийг тооцон хариу арга хэмжээ авч байж шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Ингэснээр та гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж насанд хүрээгүй хүмүүст учирч болох эрсдлийг таслан зогсоож чадна.

Хүүхдүүдтэйгээ тогтмол харилцан ярилцаж байх, өөрийн гаргасан буруу үйлдлийн хор уршигийн талаар ойлгуулж, нөлөөлөх, амралт зугаалга, хөдөө орон нутагт аялахдаа гол, мөрөн нуурын орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүй орхихгүй байх, мал амьтантай харьцуулахдаа аюулгүй байдлыг нь хангах, хурдаа тохируулж, хамгаалах бүс бүслүүлж, зориулалтын суудалд суулган замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох, сүүлийн өдрүүдэд түр зуурын ус ихтэй бороо орж байгаатай холбогдуулан томоохон голуудын усны түвшин ихсэж байгаад тул голын эрэг, тохой орчимд буусан айл өрхүүд, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд гармаар гарах, гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.195] 2022-06-25 14:29:41

Хүүхдүүдээ спортоор хичээллүүл зорилготой болго

Зочин [202.9.47.21] 2022-06-25 05:46:30

Цахимаа зөв зохистой хэрэглэж чадахгүй бол хохино.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.