Д.Бямбасүрэн: УИХ-ын сэжигтэй алхам

Aдмин / Хууль

Улсын Их Хурал 2022 оны 7-р сард ээлжит бус чуулган зарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хэлэлцэхээр шийджээ.

Үндсэн хуулийг өөрчлөх нь нийгмийн амьдралд урт хугацааны гүн гүнзгий үр дагавартай байдаг тул нэн хариуцлагатай хандаж, нийгмийн итгэл үнэмшил, зөвшлөөр шийдэхийг шаарддагийг 2 жилийн өмнөх үйл явдал тод харуулсан билээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрт ёсны уламжлал, төрийн тогтолцоог шинэчлэх сэдэл одоогийн Улсын Их Хурлын гишүүдийн сонгуульд орохдоо иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөрт ч байхгүй, сонгогчдоос өгсөн захиа даалгаварт ч байхгүй, сонгууль өнгөрснөөс хойш нийгмийн зүгээс илэрхийлсэн хүсэлт хүлээлтэд ч байхгүй.

2016-2019 онд ард иргэддээ ухаарлын дээд, үнэний туйл мэтээр сурталчилан хүчилж, нийгэмд тулгаж хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш дөнгөж хоёр жилийн хугацаа өнгөрч байхад дахин эрс өөрчлөлт хийхээр завдахын учир шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын санаачилж буй Монголын нийгмийн амьдралын үндсэн дүрмийн эрс өөрчлөлтүүд юуны төлөө, хэний захиалга болохыг тодруулж, нийгэм даяар ул суурьтай хэлэлцэхгүйгээр шийдэх нь улс үндэстний одоо болон хойч үеийнхний эрх ашигт нийцэхгүй.

Аль ч улс орон Үндсэн хуулиа өөрчлөхөд орчин, гадаад, дотоод нөхцөл буюу цагийн өнгө шийдвэрлэх нэгэн хүчин зүйл болж байдаг нь хүн төрөлхтний нийтлэг зүй тогтол билээ.

Улсын Их Хурлаас зарласан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийн гол чиглэлүүдийг улс орны амьдралын одоогийн нөхцөл, орчин нөхцлийн талаас хандвал Үндсэн хуулийг өөрчлөх чиглэл болон цаг үе нь УЛС ҮНДЭСНИЙХЭЭ ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ БАЙНА гэж үзэж байна.

Үүнд:

НЭГ. ОРЧИН НӨХЦӨЛ, ЦАГ ХУГАЦААНЫ ТАЛААР

1. Монгол орон дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэх, түүний уршгийг даван туулахад асар их хүч зарцуулж, эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд хямран өсөлт нь буурч байгаатай давхцан Дэлхий нийтийг хамарсан улс төр, олон улсын эрх зүй, эдийн засгийн хямрал эхэлж, Их гүрнүүдийн өрсөлдөөн дэлхийн III дайны шинжтэй болсон урт хугацааны хүнд нөхцөлтэй тулгарч байна.

Ийм үед Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогоор нийгмийн сэтгэхүйг доргиож маргалдах бус, улс орныхоо хүч бололцоог дээд зэргээр нэгтгэн чивчрүүлж, амьдралынхаа аюулгүй, тогтвортой байдал, үндэснийхээ язгуур эрх ашгийг хамгаалан баталгаажуулах нь Монгол төрийн эн тэргүүний зорилт байх учиртай.

Улсын Их Хурал эдийн засгийнхаа бүтцийг шинэчилж эрчимжүүлэн, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, инновацийг бүх талаар урамшуулах бодлогыг нэн яаралтай боловсруулан хэрэгжүүлэхийг орчин цагийн өнгө нэн хурц шаардаж байна.

Гэтэл ийм үед Үндсэн хуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлыг Монголын төрт ёсны зарчим, төрийн байгууллыг үндсээр нь өөрчлөх утгаар тавьж байгаа нь цаг үе, орчин нөхцлийг үл харгалзан нийгмийн анхаарлыг амьдралын амин чухал асуудлаас хөндийрүүлнэ. Хэрэв энэ нь зориудын “төсөл” биш бол төөрөгдөл гэхээс өөр яахав. Тэгэхдээ л Монголчуудын морины хөл бүдрэхийг нүд цавчилгүй хүлээж буй хээрийн боохойнууд цөөнгүй бий гэдгийг мартаж боломгүй.

2. Монгол орон нийгмийн шинэчлэлийн замд орсноос хойш хүн ардын залгамж нэг үеийн амьдрал өнгөрсөн ч улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлал төлөвшиж, цэгцрээгүй хэвээр байна.

Хууль эрх зүйн орчин нь улс төрийн намуудыг ашиг сонирхлын бүлэглэлүүд болгох замд түлхэн оруулж, одоогийн намуудын дийлэнх нь аль нэг бизнесийн бүлэглэл буюу чинээлэг компанийн санхүүжилтээр оршин тогтнож, тэжээгчээ төрийн эрх мэдэлд хүргэхийн төлөө зүтгэх суурь болж байгаа нь манай улс төрийн тогтолцооны үнэн дүр мөн гэхэд хилсдэхгүй.

Улс төрийн намуудын олонхийн үзлийн чиг баримжаа, нийгмийн өмнө хүлээх хариуцлагын түвшин нь өнгөрсөн 30 жил төрийн тогтолцоонд оролцсон үр дүн болон 2015-2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үед тод харагдсан билээ.

УИХ сүүлийн дөрвөн бүрэн эрхийн турш Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхээ амлаж зарлаж ирсэн боловч одоог хүртэл хэрэгжүүлж чадсангүй. Энэ хуулийг нийгмээрээ өргөн хэлэлцэж зөвшилд хүргэж, шинэчлэн батлаагүй байхад төрийн эрх мэдэлд тэмүүлсэн элдэв бүлэглэлүүдийн замыг засч, босгыг доошлуулах нь төрийг ч, нийгмийг ч цаашдын доройтолд хүргэх нь гарцаагүй.

Ардчилсан нийгмийн дархлааны нэг гол тулгуур нь төрд тэмүүлэгч этгээдүүдийн хариуцлага, түүнийг үнэлэх шалгуур, тогтвортой эрх зүйн орчин болж байдгийг орчин үеийн олон улсын амьдрал нотолсоор байгаа билээ. Өөрийгөө "НАМ" хэмээн өргөмжилсөн бүлгүүд " ХАМ" байх нь цөөнгүй ажээ.

3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад удаагүй, зарим шинэ заалтууд нь хэрэгжиж амжаагүй, энэ өөрчлөлтийн эерэг сөрөг үр дагаврыг бодитой үнэлэх боломж бүрдээгүй байхад сүржигнэх нь “Бушуу туулан туулай борвиндоо ...” гэхийн үлгэр болохоос цаашгүй.

ХОЁР. УТГА АГУУЛГЫН ТАЛААР

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чиглэлийн талаар Улсын Их Хурлаас түгээж байгаа мэдээллээс үзвэл, тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох, Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн намуудыг пропорциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар оролцох асуудлыг шийдэх чиглэлтэй ажээ.

Улс үндэстэн доройтон мөхөхийн гол түлхүүр нь “төр алдрах” үзэгдэл байдгийг монголчууд өөрийн түүхээс мэднэ.

Гэвч сүүлийн хориод жил неолиберализмын далбаан дор Монгол оронд төр алдрах үйл явц тууштай гүнзгийрсээр байна.

Одоогийн байдлаар “Төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн өргөмжлөгдсөн УИХ нь нам дамнасан олигарх бүлэглэлүүдийн эрхшээлд орж, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Улсын Их Хуралд олонх болсон намын даргын эрхшээлд орж, Шүүх засаглалын дээд шат нь олон нийтийн байгууллагын (төрийн бус) зарчимд шилжиж, улс төрийн хутгуур болж байгааг нийгэм харсаар байна.

Төрийн бодлого нэгдмэл байхын үндсэн нөхцөл нь Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний санал хураалтаар сонгогдсон эрх зүйн чадвартаа тулгуурлан төрийн бүх салаа мөчрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидахад оршдог.

Энэ нь эсэргэн орчинд Монгол мэт улс оршин тогтнохын зайлшгүй шаардлага мөн гэдгийг үгүйсгэж болохгүй.

Гэвч сүүлийн хориод жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрд нөлөөлөх арга хэрэгслүүдийг мухарлан цуцалсаар 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг улс төрийн “Тэхийн зогсоол” болоход хүргэсэн билээ.

Үндсэн хуулийг өөрчилснөөс хойш өнгөрсөн хугацаанд Төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөө хуралдуулж чадахгүй, Улсын Их Хуралд үг хэлж илэрхийлсэн улс төрийн байр суурь нь эрхэм түшээдийн хулхийг нэвтэлж чадахгүй мөч ирдгийг нийгэм даяар харсан билээ.

Төрийн тогтолцооны ийм нөхцөлд Улсын Их Хурлаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн утга агуулгад хандаж буй байр суурийг төрийн түүхийн хар толбо гэж үзэхэд хилсдэхгүй. Учир нь:

1. Монгол Төрийн тэргүүнийг сонгох эрхийг иргэдээсээ булааж, одоогийн нөхцөлд элдэв будилаантай аргаар “сонгогддог” олигархуудын ноёрхлын төв болж байгаа УИХ-д шилжүүлэх нь Ерөнхийлөгчийн албан тушаал, эрх мэдлийг арилжааны бараа болгоход зайлшгүй хүргэнэ.

Үндэстнийхээ онцлогийг ухаарч, төрт ёсны өв уламжлалаа дээдэлдэг хэн боловч энэ Монгол Улс, энэ Төрийг үүсгэн байгуулсан Чингис хаан:

“Би хадаас болж,

Төрийг бэхлэн сахиж,

Аргамжаа болж,

Улсыг барин хатуужсу”

хэмээн тангараглаж, Монгол Төрийн тэргүүний үүрэг хариуцлагыг зааж соёрхсоныг мартах учиргүй!

Монгол орны түүхийн шилжилтийн эгзэгтэй үе хийгээд, дэлхий нийтийн самуурал доргионы энэ үед Монгол Улсын Төрийн тэргүүний бүрэн эрхийг хязгаарлаж, ард түмнээс хөндийрүүлэх оролдлого нөхөж болшгүй уршиг дагуулах болно.

2. Монголын нийгмийн үзлийн орчин цэгцрээгүй, улс төрийн намууд нь ашиг сонирхлын бүлэг болж, олигархуудын эрхшээлд орсон одоогийн нөхцөлд Улсын Их Хурлын сонгуульд пропорциональ зарчим баримтлах нь улс төрийн орчныг улам доройтуулж, хариуцлагыг сулруулдгийн гашуун сургамжийг монголчууд бид нэгэнт амсаж өнгөрөөжээ.

Пропорциональ систем хэдийгээр сонгогчдын саналын бүтцийг төрийн түвшинд илүү тусгах боловч санал цуглуулагчид нь хэн болохыг анхаарахгүй байж болохгүй. Пропорциональ системийг хэрэглэхийн гол угтвар нөхцөл нь НАМ хэмээн өргөмжлөгдөж, Төрийн толгойд тэмүүлж байгаа бүлэглэлүүд нь нийт улс орны эрх ашгийг илэрхийлсэн үзэл номлолтой байх явдал юм.

Өнгөрсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед эрх баригч намынхан хүртэл хэрхэн эмзэглэж байхыг нийтээр харсан билээ.

Ардчилсан хувьсгалын салхийг хагалж, тугийг өргөж үүссэн Ардчилсан нам 1990-ээд онд Улс орныхоо шинэ замналын үзлийг дээдэлснээр, олон түмний өргөн дэмжлэг хүлээж байсан ч неолиберализмын балчигт шигдэн олигархуудын талцлын золиос болж, 2012-2016 онд төр барихдаа улс орноо дампуурлын ирмэгт хүргэж, одоо тархи толгойгоо хаана байгааг ойлгохгүй болсон сургамжийг анхаарахгүй байж боломгүй.

ГУРАВ. АРГА АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Улсын Их Хурлаас гаргаж байгаа санаачилга нь арга ажиллагааны талаас дараах эргэлзээ төрүүлж байна. Үүнд:

1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд (1.2.) заасан нэгэн удаа өөрчилснөөс хойш 8 жил дахин хөндөхгүй гэсэн заалтыг илт зөрчиж байна.

Ингэж дураар аашлах бол хууль байхын хэрэг юун.

2. Өнгөрсөн 2019 оны өөрчлөлтийг хийхдээ төрийн тогтолцооны гажуудлын учир шалтгааныг хаацайлан өнгөц, хэлбэрийн төдий асуудлыг дөвийлгөн, элдэв бусармаг аргаар олон түмнийг төөрөгдүүлэх ажиллагааг Улсын Их Хурал зохион байгуулсан билээ.

Жишээлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар “Зөвлөлдөх уулзалт” хэмээх арга хэмжээнд статистикийн шинжлэх ухааныг Дэлхийн түүхэнд байхгүйгээр гуйвуулан ашиглаж, олигархуудын эрх ашгийг хамгаалсан.

3. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж хайрцагласны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр толгойлуулсан “ажлын бүлэг” хэмээгчийг томилж, Ерөнхийлөгчийн байр суурийг хязгаарлан, зөвхөн төсөлд өгөх санал маягаар урж тасдан авч үзсэн билээ.

Төрийнхөө Үндсэн хуулийг өөрчлөхдөө Төрийн тэргүүнийг ийм байдлаар оролцуулсан нь түүний нэрийг ашигласан овжин мэх төдий юм.

4. Өнгөрсөн өөрчлөлтийн үед гарцаагүй үнэн зөв хэмээн ухуулж хийсэн олон шинэчлэлт эргэлзээтэй хэвээр байна. Жишээлбэл, байгалийн баялгийг “төрийн нийтийн өмч мөн” хэмээн томьёолсны үр дүн, утга учир одоо хүртэл тодорхойгүй.

Монгол Улс юуны учир 6 жилээс урт хугацаанд төрийн тэргүүнээр нэг хүнийг сонгон ажиллуулж болохгүйн ашиг тус, учир шалтгаан тодорхойгүй.

Нэг нам сонгогчдын нэг хувиас доошгүй тооны гишүүнтэй байхын утга учир тодорхойгүй гэх мэт олон зүйлийг эш татаж болно.

Дутуу дулимаг бодож боловсруулсан болон логикийн алдаатай шийдвэр улс нийгэмд тус болж чадахгүй.

ДӨРӨВ. ЦААШДЫН АЛХМЫН ТАЛААР

Улс орны амьдралын зохион байгуулалтын суурь асуудлыг Үндсэн хуулиараа шийддэг нь Хүн төрөлхтөний ухаарлын нэг дээж мөн.

Одоогийн Монгол орны амьдралд Үндсэн хуулиар шийдэхээс өөр гарцгүй асуудлууд байгаа нь бодит үнэн юм.

Одоогоос 200 жилийн тэртээ Оросын цөлх эр Козьма Прутков “Үндсийг нь хар!” хэмээн сурталджээ.

Монгол оронд түрүүчийн улс гүрнүүдээс 500 жилийн дараа хөрөнгөтний нийгмийн замыг таньж эхлэв. Таван зууны турш оршин тогтносон хөрөнгөтний нийгэм төрөлх голомт дээрээ өгөршин шударга үнэн, мөн чанарын хомсдолд орж, Дэлхийн гурав дахь дайны гал өрдөхийг оролдож, соёл иргэншил, амьдралын үнэлэмжийн хямралд автаж байгааг нийтээр харж байна бус уу.

Хүн төрөлхтөн мянга мянган жилээр ухааран бойжуулж, тэтгэн хөгжүүлж ирсэн эрх чөлөөт амьдрал, ардчиллын үзэл санаа хөрөнгийн дарангуйлалд гажуудан, “Ардчилсан” хэмээх улс орнуудад нь олигархиудын мөнгөний сонгуулиар төрөө байгуулдаг нь жам болж байгаа нь бас л үнэн.

Тэнд илэрч буй өгөршлийн өвчин капитализмын замналаар дөнгөж хөл тавьж буй, дархлаагүй шинэ организмд хурцаар илэрч байгаагийн бодит жишээ нь Монголд ноёрхож эхэлсэн ОЛИГАРХ бүлэглэлийн засаглал юм.

Олигарх бүлэглэлийн засаглалын бэлэн зэвсэг нь XVII зуунд Английн гэгээнтэн Жон Ди-гийн номлосон масонжуу төрийн тогтолцоо, түүнийг эрхшээгч улс төрийн намын амин холбоо мөн гэдгийг түүх гэрчилнэ.

Улс орны эдийн засагт монополиудын ноёрхол тогтсон нөхцөлд нийгмийн эрх ашгийг огоорон, тэдний явцуу ашиг сонирхолд үйлчилж, тэднээр тэжээлгэн тэтгүүлж оршдог мафиоз маягийн бүлэглэлүүд үүсч, улс төрийн намын хаяг зүүдэг ажээ. Тийм улс төрийн намууд эздээ болон эздийнхээ төлөөлөгчийг төрийн сонгуульд оруулж, эрх мэдэлд хүргэх гишгүүр болж байдгийг монголчууд мэдэх билээ.

Ийм замаар олигархи бүлэглэлийн засаглал тогтож, баялгийн хуваарилалт болон эрх чөлөөний шударга ёс гажуудаж, авлигын сүлжээ төрийг торлож, “Зэрлэг капитализм”-ын дэглэм тогтож байгаа нь одоо цагийн Монгол орны зовлон, бэрхшээлийн гол эх сурвалж болж байгаа билээ.

Ийм дүгнэлт одоог хүртэл төрд эрхшээсэн намуудын хувьд эмзэглэл төрүүлж болох юм.

Тэгэхдээ л бодит үнэнийг үгүйсгэх аргагүй. Сүүлийн 20 жилд (2000-2020 он) 7 нам төр барихад оролцжээ. Энэ хугацаанд төсвийн зардал 41.4 дахин, мөнгөний нийлүүлэлт 42.4 дахин, гадаад өр 23.8 дахин өссөн ч Монгол айл өрхийн дундаж орлого дөнгөж 2.6 дахин өсч, Дэлхийн хоцрогдмол ядуу орнуудын эгнээнд (НҮБ-ийн гишүүн 193 орноос 130 дугаар байрт) үлдэв.

Энэ бол манай төр барьсан улс төрийн намуудын үзэл, үйл ажиллагаа, чадал тэнхээний “төмөр бетон” хөшөө дурсгал мөн юм.

Улс төрийн намуудын оршихуйн үндсэн нөхцлийг нийгмийн эрх ашиг, хөгжил дэвшлийн зорилттой холбон хуульчилсан эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр байдлыг өөрчилж чадахгүй.

Олон намын тогтолцооны давуу тал нь нийгэмдээ зам мөрийн сонголтын боломж бүрдүүлэхэд л илэрдэг.

Энэ үнэнийг үндэс болгон улс төрийн намуудыг олигархуудын нөлөөний гадна байлгахгүйгээр одоогийн төвөгтэй асуудлыг шийдэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуульд халдахыг урьтал болгохгүйгээр улс төрийн намуудын хуулийг оновчтой өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Тэгэхдээ Улсын Их Хуралд нэг нам дийлэнх олонх болж байгаа одоогийн нөхцөлд “Улс төрийн намуудын тухай” хуулийн шинэ төсөл боловсруулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд гардан хариуцвал эрүүл зөвшилд хүрэх боломжтой.

Улс төрийн намуудын масонжилтын замыг хаах эрх зүйн орчныг шийдсэний дараа төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудлыг хөндөх нөхцөл бүрдэх боловч түүний шийдэл нь Хүн төрөлхтний төрт ёсны үнэт өв болсон Монголын төрт ёсны ухаан, өв соёлтойгоо салшгүй холбоотой байж, ЭГЭЛ АРДУУД ТӨРӨӨ БАЙГУУЛАХ, ХЯНАХ эрхийг хумсалж хохироохгүй байх зарчимд нийцэх ёстойг анхаарах зайлшгүй шаардлагатай.

Д.Бямбасүрэн


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.122] 2022-07-01 03:41:26

2 хон жил болоод үндсэн хуулиа өөрчилнө гэж зүтгээд байгаа нь яав ч зөв зүйтэй зүйл бишээ.АНУ 200 гаруй жилийн турш үндсэн хуулийнхаа ерөнхий үзэл санааг огт өөрчлөөгүй явж байгаа юм гэсэн.Ер нь дэлхий дахины жишгээр үндсэн хуулийн өөрчлөлтийг улс орнууд тэр болгон хийгээд байдаггүй юм гэсэн энэ юу болоод байнаа.

Зочин [66.181.160.111] 2022-06-30 05:26:22

Энэ буурал Монголыг уруудах замыг тавилцаж өгсөн гэмт этгээд мөнөөс мөн,гэхдээ энэ удаа нэлээд бодууштай зөв юм хэлсэн байна гэж хувь хүнийхээ хувьд харлаа.

Зочин [42.200.6.31] 2022-06-30 04:03:18

Монголыг сүйрүүлсэн муу буриад палагнах эрх бий гэж үү

Иргэн [66.181.181.192] 2022-06-29 16:02:19

Энэ буруу зөнөсөн урвагчаас ярилцлага битгий авч байгаачээ. Ардын намаар тэжээлгэчихээд, Ардчилсан наманд шургаж орсон этгээд байгаа юм.

Оноч [66.181.160.118] 2022-06-30 01:22:49

Эргүү хүн энэ аугай хүний ярьсаныг ойлгох ухаан заяахгүй.

Мингай [66.181.180.81] 2022-06-29 13:33:13

БЯМБАСҮРЭН ГУАЙ ҮНЭНИЙГ Л ХЭЛСЭН.Үнэнээс айдаг ноход л харлуулж байгаа болохоос.Монгол улсын насагд хүрсэн иргэн бүр үүнийг унших хэрэгтэй байна.Тэгж байж энэ хүний зөв бурууг нотлох нь чухал.Даанч хүмүүс үүнийг ухаарахгүй дахиад нөгөө улс тарчдийн цахим дарангуйлалд өртөх байх даа.Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг бүх ард түмний санал асуулгаар шийдэх нь хамгийн зөв зам.Ард түмнээс асууж байна гээд одоогийн УИХ гишүүдийн уулзалт маягийн юм үнэнийг гаргаж чадахгүй.

Зочин [64.119.27.141] 2022-06-29 13:08:50

Үнэн нь дээ. Монголд зэрлэг нийгэм л үйлчилж байна. Ард түмний амьдрал, иргэдийн ёс суртахуун яаж унан доройтож байгаа нь энэ эрх мэдэлтэнгүүд эд ямар ч хамаагүй. Зөвхөн шилний цаанаас чихэр долойлгоод цаагуур нь

Иргэн [192.82.80.176] 2022-06-29 11:32:37

Бямбасүрэн гуай минь АН-д нэр төрөө ашиглуулж, гар хөл нь бололгүй зүгээр сайхан настан буурал, ерөнхий сайд асан л байгаач дээ.

Зочин [192.82.73.3] 2022-06-30 07:33:17

Монголд Бямбасүрэн гуйн толгой хэрэгтэй!! ийм зөвлөлгөө гаргалгаагүйгээр энэ олигархижсан төр хэээч зөв голидролруугаа цэгцэрч чадахгүй.!!!! худлаа хийрхсэн толгойгоор ажиллаад одоо монголын амьдрал юу болж байгааг сэтгэж дүгнэх нь эрүүл ухаан байх.!!!!!!!!!

Зочин [139.5.217.118] 2022-06-29 16:32:13

Энд нам, ерөнхий сайд ямар хамаа байнаа. Улс орон, ирээдүйд болох хор хохирол түүний уршигийн талаар санаа нь зовоод хэлсэн юм биш үү.

Зочин [202.21.124.131] 2022-06-29 08:59:55

Энэ өөрчлөлтийг батлахын төлөө одоогийн эрх мэдэлтнүүд улайран бүх л хүмүүсээ хөдөө гадаагүй явуулж сурталчилж тэр Амарбаясгалан гэдэг хүн хүний эрхийг хамгаалсан их сайхан өөрчлөлт болно гээд сурталчилж хүмүүсийн толгойг угаагаад байна. Энэ өөрчлөлт хийгдвэл Монгол орон эс оршиход тулж очно.

Зочин [202.9.46.44] 2022-06-29 08:53:37

Их гүрнүүдийн газрын төлөөх ил, далд дайны золиос, боолчлолд дөнгөлөгдсөн орон.

Зочин [66.181.161.63] 2022-06-29 08:31:54

Зөв л бичсэн бна ардууд сонгууль өгхийг битгий сурталчил тэднээс хүн сонгох биш ман намаас еөк гаргана хороо хэсгийнхэнтэй ажилхад амар улсын өр нтр гээл юм ярихгүй

Зочин [124.158.64.48] 2022-06-29 08:22:29

Бямбасүрэн гуай их зөв сэтгэж зөв санаа хэлсэн байна. Иймээс эхлээд улстөрийн намын тухай хуулиа боловсруулж батлах нь зөвдөө. Энэ удаад үндсэн хуульд дахин гао хүрч болохгүй.

Зочин [103.229.121.131] 2022-06-29 07:36:02

ПӨӨХ ЭНЭ ӨВГӨН ХЯТАД ЦУСТАЙ ГЭЖ ҮҮҮҮҮ АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ ХҮН БҮХНИЙГ ХЯТАД ЦУСТАЙ ГЭВЭЛ ЦЭВЭР МОНГОЛ ЦУС БАЙНА УУ???? БИТГИЙ ИНГЭЖ МЭДЭМХИЙРЧ БАЙДАА 66.181.190.56 чи

Зочин [66.181.190.56] 2022-06-29 06:03:28

Энэ хүн буриадаас гална хятад цустай. Үүнийгээ энэ хүн болон үр хүүхдүүд нь маш их нууж айдаг. Үнэн эсэхийг УБЕГ-ын ургийн бүртгэлээс тодруулж болно. ЖОНХУУГИЙН ТӨЛӨӨ АМЬ ТАВЬЖ БУЙ ХҮН.... Хүүхдүүдийнх нь амьдрал болохоор буруушаах арга бас байхгүй...

ган [59.153.86.85] 2022-06-30 01:38:26

Энэ хүн хятад цустай бол монголчууд бүгд цэвэр хятадууд болох биз. Магадгүй орос гэж хэлбэл арай дээр сонсогдох байх. Танд ийм тэнэг балай бодол хаанаас орж ирэв арай ч төрөлхийн тэнэг биш байлгүй дээ.

Зочин [202.55.188.101] 2022-06-29 07:04:36

Ямарч байсан чамаас илүү Монголоо гэсэн сэтгэлтэй мэдлэгтэй хүн дээ

Д.БЯМБАСҮРЭН ГУАЙД [202.179.25.171] 2022-06-29 05:24:47

ЗАЛУУСАА УРИАЛААД ТАЛАЙ РУУ ГАРЧ УЧРЫГ НЬ ОЛОХООС ӨӨР СОНГОЛТГҮЙ,,,, СӨНӨХ НЭЭ . ЭНЭ УЛС ОРОН. АРДЧИЛСАН НАМ АМЬД УУ ...

Taij [192.82.72.67] 2022-06-29 09:52:08

Hugshin uneniig hellee.Mongolchuud aa serstgee


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.