АБГББХ: Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.29/ хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655.0 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.
Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртэлх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн танилцуулгадаа дурдсан.
Энэ талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан бөгөөд Байнгын хороод Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа, П.Анужин, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гадаад өрийн хэмжээ, эргэн төлөх нөхцөл, боломжийн талаарх тооцоо судалгааны талаар мэдээлэл хүссэн. Тэрбээр зээлийн хүүд жилд хэчнээн төгрөг төлж байгааг тодруулаад, баяр наадмын өмнө их хэмжээний зээл гаднаас авах гэж байна гэсэн яриа үнэний ортой эсэхийг лавласан.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, Монгол Улсын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагийн Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хийсэн өр төлбөрин хэмжээ 8.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 5.8 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл нь 1991 оноос хойш авсан хөнгөлөлттэй зээлтэй холбоотой. Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос хойш 31 жилийн хугацаанд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс өрийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг байгааг тодотголоо. Мөн тэрбээр, Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрт 2016 онд 793 тэрбум төгрөг, 2017 онд 1,2 их наяд, 2018 онд нэг их наяд, 2019 онд 861 тэрбум, 2020 онд 932 тэрбум, 2021 онд 960 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 910 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлнө гэсэн тооцоололтой байгааг онцлоод БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар Сангийн яам дээр яригдсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын чуулган болон Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаараа жилдээ нэг удаа Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүн, хэрэгжилтийг сонсдог болохын зэрэгцээ муу байгаа төслийн нэгжүүдийг татан буулгах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төмөр замын боомтын өргөтгөл, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Алтанбулагийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд удааширч байгааг тул явц, үр дүнгийн талаар Сангийн яамны дэргэдэх төслүүдийн нэгжүүд Байнгын хороонд эргэж мэдээлэхэд анхаарахыг мэдэгдээд, энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд зээл авсан тохиолдолд төсөл нэг бүрийн үр дүнгийн талаар тус Байнгын хороонд тайлагнах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, 2022-2023 оны зээлийн хэлэлцээрийг зөвхөн хөгжлийг санхүүжүүлнэ гэдэг нөхцөлтэйгээр зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
dlomeurtug [5.45.98.162] 2024-10-22 19:31:42
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
wdbojihucq [5.45.98.162] 2024-10-22 19:31:41
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?