Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан “Ц” нь өөрийн компаниар дулаан зогсоол түрээслэх гэрээг аймгийн МХГ-ын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн данс руу төлбөр шилжүүлж байгууллагад хохирол учруулсан гэх;
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай “Д” нь сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх;
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагч “Э” тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд иргэн “Г”-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх;
- “Б” нь “Багануур” ХК-ийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх;
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн “А” нь ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38,663,013 төгрөгийн хохирол учруулсан гэх;
- Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2,5 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх;
- Улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, ИТХ-ын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх.
Сэтгэгдэл