Х.ЦАСЧИХЭР: СОНГОДОГ ДҮР Ч МӨН ЖҮЖИГЧНИЙ АЖИЛ, ЖҮЖИГЧИН БҮР ХИЙЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ

Aдмин / Нүүр

“Риакшн” продакшны үүсгэн байгуулагч Х.Цасчихэртэй ярилцлаа.


-“Чи надад хайртай’’ жүжиг Монголд хэрхэн тоглогдох болов?

-Манай продакшны тайзны анхны уран бүтээл тоглогдож байна. Жүжигчин Э.Тодгэрэл бид хоёр хоёулаа дуулдаг учраас мюзикл жүжиг баримтлах нь хамгийн гол нь байгаа юм л даа. Тиймээс энэхүү зохиол бид хоёрт хамгийн ойр тул эхэнд сонгож авсан. "Чи надад хайртай’’ жүжиг дэлхийн 20 гаруй улсын тайзан дээр тоглогдсон байдаг. Зохиол нь цахим орчинд байгаа ч манай продакшн зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авахаар шийдэж, холбогдсон. Красногоров Валентин Самуиловичийг бид хоёр одоогийн У.Шекспир гэж харж тэр хүнтэй холбогдсондоо маш их баярласан. Алдартай зохиолч шүү дээ. Маш найрсгаар хүлээж авсан.

-Анх "Маск" продакшны хоёр уран бүтээлчтэй хамтран контент хийдэг байсан. Жүжигчин Э.Тодгэрэлтэй хэрхэн хамтрах болсон бэ?

-Найз нөхдийн холбоотой байж байгаад “Ghost’’ уран бүтээлд хамтран ажилласнаас хойш хамт байж энэхүү продакшныг байгуулсан.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл дээр түлхүү ажиллахаар зорьж байна?

-Бид тайз болон дэлгэцийн уран бүтээлийг хослуулж ажиллана гэсэн зорилготой байгаа.

-Эхний тоглолтоо хийсэн сэтгэгдлээ хуваалцаач, үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхний тоглолтын араас нүдэндээ нулимстай л хоцорлоо, сэтгэл огшсон. Үзэгчид сайхан хүлээж авсан. Бүгдээрээ баяр хүргээд шинэ жанр байна, шинэ уран бүтээл байна гэж хэлсэнд нь маш их урамшсан. Энэ яалт ч үгүй мюзикл жүжиг учраас манай хошин урлагийн тоглолтоос өөр, жүжгээс бас өөр учраас жанр нь хүмүүст их таалагдсан гэж бодож байна.

-Та багаасаа урлагт сонирхолтой байсан уу?

-Багадаа хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй. Дуучин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Тэгээд дуулдаг юм чинь жүжиглэвэл хоёр мэргэжилтэй болох юм байна гэсэн хүүхдийн бодлоор мэргэжлээ сонгож байлаа (инээв).

-Та хэр төлөвлөгөө гаргаж ажилладаг хүн бэ?

-Би ер нь төлөвлөгөөн дээр суурилж ажилладаг. Одоогоор 2025 он хүртэл ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу ажиллаад явж байна.

-Өнгөрсөн жил "Гэм зэм" жүжигт тоглосон. Сонгодог жүжигт тоглоход ямар байв?

-Ямар уран бүтээлд ажиллахаасаа хамаараад жүжигчин хүн өөрийнхөө бие организм болоод хэлэх үг, биеийн хэлэмжүүдийг бүгдийг өөрчлөх ёстой байдаг. Сонгодог жүжиг ч мөн жүжигчний ажил шүү дээ, жүжигчин хүн бүр хийж чаддаг байх ёстой гэж боддог.

-Жүжгийн бэлтгэл хэрхэн явагдаж байна даа?

-50 гаруй уран бүтээлч, тайзны арын ажилчидтайгаа нийлээд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хувь хүн бүр өөрийн бие даасан үүргүүдийн дагуу ажиллаад явж байна.

-Монголчууд театрын урлагийг сонирхох нь ихэсч байна уу, та юу гэж анзаарч байна…

-Одоо илүү гоё болж байгаа юм шиг санагдаж байгаа. Монголын үзэгчид бүгд жүжиг ойлгодог болж эхэлж байна гэж боддог. Тайзны амьд урлаг ямар байх, хүмүүст илүү хүртээмжтэй байдаг талаар амьд урлаг руу хүмүүс их дуртай байгаа юм болов уу.

-Энэхүү мюзикл жүжгийн дараах уран бүтээл товлогдсон уу?

-Түрүүн хэлсэнчлэн олон ажлыг төлөвлөж явдаг учраас төлөвлөгөөнийхөө дагуу үзэгчиддээ дараа дараагийн уран бүтээлээ хүргэх болно. Шууд хэлчихвэл гэнэтийн биш болчихно шүү дээ (инээв).

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.