ГЭР БҮЛ СУДЛААЧ Б.ӨНӨБИЛГҮҮН: ГЭР БҮЛЭЭС ХАМААРАЛТАЙ СТРЕССТЭЖ БУЙ ӨСВӨР НАСНЫХНЫ 30 ХУВЬ НЬ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БАЙНА
Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар Сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.
-ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ АНХААРАЛ ХАЛАМЖ СУЛ БАЙГААГААС ТУХАЙН ХҮҮХДИЙН НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ГАЖ НӨЛӨӨ ИХЭСДЭГ-
-Сүүлийн үед хүмүүс бие биенээ хараан доромжлох, дэвслэх үзэгдэл сошиалд ердийн үзэгдэл боллоо. Юунаас болж энэ байдал үүсэх болов?
-Саяхан нэг судалгаа гаргасан байдаг. Түүнд 2000 гаруй хүн хамрагдсанаас 21.5 хувь нь бусдыг өндрөөр үнэлдэг буюу өөрөөсөө бусад хүнийг хүлээн зөвшөөрдөг гэж гарсан. Харин 75 хувь нь өөрсдийгөө өндрөөр үнэлдэг гэж гарсан. Судалгааны дүнгээс харахад нэг ёсондоо өөрийгөө өндрөөр үнэлдэг, бусдыг хүлээн зөвшөөрөхдөө маш тааруу гэдэг нь харагдсан.
-Үүний үндэс суурь нь юунаас эхлэлтэй гэж харж байна вэ?
-Нийгмийн хамгийн бага нэгж нь гэр бүл байдаг. Гэр бүл өөрөө хэр тогтвортой байх вэ, гэр бүлийн уур амьсгал ямар байх вэ гэдгээс шалтгаалаад тухайн орчин нийгэм бүрэлдэн бий болдог. Маш олон гэр бүлийн нийлбэрийг л бид нийгэм гэж нэрлээд байгаа шүү дээ. Нэгж буюу гэр бүлээс хамааралтай стресстэж байгааг нь аваад үзэхэд нийт өсвөр насныхны 30 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй байна. Энэ нь өөрөө маш өндөр тоо. Аюулын түвшинд хүрчихсэн.
-Юунаас болж өсвөр насныхан тэгж ихээр стресст ороод байна вэ?
-Нийгмийн өөрийнх нь ойлголт хоёр өөр яваад байдаг. Эцэг эх нь социалист хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлэх гээд байдаг. Бидний үед ийм байгаагүй гэдэг байдлаар ч юм уу ханддаг. Хүүхдүүд илүү ардчилсан чөлөөтэй байх, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхийг хүсдэг ч юм уу, энэ талаараа зөрчилддөг учраас стрессд ордог. Үүнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлтүүд гарч ирж байна. Нөгөө талаас анхаарал халамжийн асуудал яригдана. Хүүхдэдээ тавих анхаарал халамж хэр сул байгаагаас хамаарч тухайн хүүхдийн нийгэмд үзүүлэх гаж нөлөө ихэсдэг. Асрамжийн газар болон гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхэд хамгаалах төвд очсон хүүхдүүд дээр аваад үзэхэд ихэнх хүүхдүүдийн сэтгэц өөрчлөлттэй буюу 10 хүүхэд тутмын найм нь сэтгэцийн өөрчлөлттэй байдаг. Тэдгээр өөрчлөлттэй хүүхдүүдийг дахин судлаад үзэхэд ихэнх нь буюу зууны 80 хувь нь тавиул хүүхэд буюу нэг ёсондоо эцэг эх нь өөрсдөө өсгөдөггүй, гардан хардаггүй, аав ээж, ах эгч, таньдаг айлдаа орхисон хүүхдүүд дунд сэтгэцийн өөрчлөлтүүд маш ихээр анзаарагдаж байна.
-Тэгэхээр нийгэм стресстэй байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалтай шууд хамааралтай гэсэн үг үү?
-Тийм. Нийгэм яагаад ийм уур бухимдалтай стресстэй байна вэ гэвэл гэр бүл тогтвортой байж чадахгүй байна. Гэр бүлийн боловсрол хүүхдүүддээ багаас нь өгч чадахгүй байна. Эрэгтэй хүүхдэдээ илүү анхаарч, илүү боловсролтой болгох талаас нь анхаарахгүй байна гэх мэтээр жендерийн асуудлыг их ярьдаг болсон. Эмэгтэйчүүдийг дээдлэх үзэл гэж байдаг. Эмэгтэй хүүхдийг боловсролтой болгох, хүндлэх зэрэг нь эрэгтэй хүүхдэд эргээд ямар сөрөг нөлөөтэй байдаг вэ гэхээр, ямар нэгэн байдлаар өөр дээрээ анхаарлыг татах, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зодоон цохион хийдэг, гэмт хэрэг хийх зэргээр бусдын анхаарлыг өөртөө татаж, дутуугийн комплексоо гүйцээж, мэдрэмжээ нөхөхийн тулд хэрэг төвөгт орооцолдох асуудлууд их гарч байна. Энэ нь цаашдаа юунд хүргэж байна вэ гэвэл тэдгээр хүүхдүүд гэр бүл зохиогоод өрхийн тэргүүн болно. Гэр бүлээ аваад явах гэхээр эхнэрээсээ мэдлэг чадвар дутуу ч юм уу, цалин орлого бага ч юм уу залах ёстой хүнээсээ дутуу мэдрэмж төрөөд ирдэг. Өрхийн тэргүүн гэр бүлээ авч явах, аюулгүй байдлыг хангах, бүх эрсдэлийг үүрэх, хэрэгцээг хангах байгалиасаа өгөгдчихсөн өгөгдөлтэй хүн чинь түүнийгээ хийж чадахгүй болохоор сэтгэл санаагаар унадаг. Түүнээсээ болоод архи дарсанд ордог, гэмт хэрэгт холбогддог. Үүнээс эхлүүлээд бүх асуудал гинжин холбоогоор уялдаатай гарч ирдэг. Энэ бүх стрессээ нийгэм даяараа юунд гаргадаг вэ гэхээр нөгөө сошиал ертөнцөд, постоор, комментоор, хуурамч хаяг нээгээд тэнд байгаа хүссэн хүнээ хүссэн үгээрээ доромжилж таагүй зүйлээ гаргадаг. Зүй нь бол сэтгэл зүйчид энэ бүх байдлаа хэлээд яриад, бүх стрессээ гаргах талбар байх ёстой. Тэр талбар нь өнөөгийн нийгэмд өөрчлөгдөөд сошиал ертөнцөөр гаргадаг болоод хувирчихсан. Энэ нь нэг талаар тэдгээр хүмүүстээ илүү хурдан амар, төлбөр мөнгө байдаггүй гэдэг юм уу, олон давуу талтай болохоор массаараа стрессээ сошиалд гаргаад байгаа юм. Маслоугийн таван хэрэгцээ гэж сэтгэл зүйн шинжлэх ухаанд байдаг. Үүнд бусдад хүндлэгдэх, аюулгүй байдлын, анхдагч хэрэгцээ гэх мэт бий. Эдгээр хэрэгцээнүүд нь бидний нийгэм, улс төр, эдийн засгаас болоод хангалттай сайн хангагдаж чадахгүй байгаа болохоор үүндээ стресстэж байгаа нь маш ихээр ажиглагдаад байгаа юм.
-Тухайн судалгааг хаанаас хэзээ гаргасан судалгаа вэ?
-Тус судалгааг жил бүр Сэтгэл судлалын үндэсний төвөөс гаргадаг. Энэ судалгаанаас бид мэдээллүүдээ авдаг. Түүнд нэмж хийж болох судалгааг хийдэг. Нээлттэй мэдээллээ тавьдаг.
-Судалгаанд оролцсон хүмүүсийн 75 хувь нь өөрсдийгөө өндрөөр үнэлдэг гэж гарсан гэсэн. Тэдгээр хүмүүсийн нийтлэг шинж нь юугаар илэрч байна вэ?
-Тэрхүү судалгаанаас харахад 6.2 хувь нь физиологийн хэрэгцээгээ чухалчилдаг бол хамгийн их буюу 39.5 хувь нь өөрийгөө илэрхийлэх, тэвчүүлэх хэрэгцээгээ чухалчилдаг гэж гарсан байна лээ. Тэгэхээр хамгийн эхний асуулттай холбогдуулаад сошиал ертөнцөд их стрессээ гаргадаг болсон нь бидний өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ өндөр байдагт байгаа юм. Энэ хэрэгцээ өөрийгөө илэрхийлэхээс гадна бусдын өөр дээрээ авсан мэдрэмжийг тусгаж авахдаа маруухан хүмүүс юм гэж ажиглагдсан.
-Энэ бүх байдал хэзээ хаанаас эхэлж үүсэв?
-Бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байх энэ хандлага миний өөрийн олж судалснаар түүхээс л жаахан хайж үзэж байгаа юм л даа. Түүхээс харахад бидний соёл нэг гэрт бөөнөөрөө амьдардаг. Тэр гэр хажуу талын саахалт айлаасаа ямар нэгэн хамааралгүйгээр амьдарч чаддаг. Доржийнх гээд жишээ аваад ярья. Дорж өөрөө сураа элдчихнэ. Сүүгээ гаргачихна. Айраг тараг, ааруул ээзгийгээ хийчихнэ. Гутлаа өөрөө оёчихно. Дээлээ хийгээд өмсчихнө гээд бусдаас хамааралгүйгээр өөрсдөө хэрэгцээгээ үйлдвэрлээд гаргаж чаддаг байсан хүмүүс. Гэтэл бусдаас хамааралгүй амьдраад сурчихсан энэ хүмүүс орон сууцанд амьдраад гурав дахь үеэ л үзэх гэж байна шүү дээ. Энэ богино хугацаанд нүүдлийн соёлоос суурин соёлд шилжихийн тулд туулах ёстой зүйлээ туулаад, давах ёстой зүйлээ даваад явж байгаа гэж би хувьдаа харж байна. Ер нь бол шилжилтийн үе л гэж харж байна.
-Манай нийгмийн цаашдын ирээдүй сэтгэл зүйч, гэр бүл судлаач хүний нүдээр хэр гэрэл гэгээтэй харагдаж байна вэ?
-Бидний хувьд бол хүн ам цөөтэй. Маневер маш хурдан хийдэг. Бид шилжилтийг маш хурдан хийж чаддаг хүмүүс. Нүүдлийн соёл иргэншлийн бас нэгэн давуу тал нь орчиндоо маш хурдан дасан зохицдог. Энэ онцлогтоо тулгуурлаад бидний шилжилтийн процесс харьцангуй хурдан явагдаж байна гэж харж байгаа. Бусад оронтой харьцуулахад Солонгос, Европ зэрэг орнууд анхнаасаа суурин соёл иргэншилтэй байсан. Анхнаасаа л бүгдээрээ бөөнөөрөө хамтран амьдардаг. Нэг тосгонд амьдардаг. Нэг нь зөвхөн гутлаа хийдэг, нөгөө нь зөвхөн тариагаа тарьдаг гэх мэтээр нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг. Тиймээс тэдгээр оронд соёлын айхавтар хувьсал шинэчлэл явагдахгүй байна л даа. Аливаа нэгэн шинэчлэл социологийн онолоор бол тавин жил явагддаг гэж үздэг. Гэхдээ миний хувьд бид ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болж байна. Үүнээс үзэхэд манай нийгмийн хувьсал шинэчлэл харьцангуй хурдтай явж байна гэж би үзээд байгаа юм. Нийгмээр нь аваад үзэхэд ийм байгаа ч хувь хүн тал дээр хотод оюутан болж ирээд дөрвөн жил сурч төгсөөд магистр болоход тухайн хүн хотын хүн болчихсон байдаг. Тэгэхээр хувь хүн дээр бол энэ өөрчлөлт шинэчлэл харьцангуй хурдан явж байгаа гэж бодож байна.
-Нийгмийн сэтгэл зүй гэмтэлтэй байна гэдгийг тодорхойлж болох зүйл бий юү?
- Түүнийг бид юунаас харж болох вэ гэвэл архины худалдан авалт хэр их байна вэ гэдгээс харж болно. Ер нь хүн стресстэхээрээ алкогольны төрлийн зүйлийг маш ихээр хэрэглэдэг. Улс орны эдийн засаг уналттай байгаа хэрнээ кароаке, шөнийн цэнгээний газар, дэн буудлуудын орлого өсөлттэй байгаа нь нийгмийн сэтгэл зүй маш уналтад орчихсон байна гэдгийг харуулж буй хэрэг. Үүнийг цаашдаа яаж давах вэ гэвэл сэтгэл зүйчдийн чанарыг сайжруулах хэрэгтэй. Сургалт семинарыг маш ихээр хийх хэрэгтэй. Айл өрх болгон өөрсдийн гэсэн гэр бүлийн сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудлаа хөндөж ярьдаг хүнтэй болоод ирэхээр гэр бүлийн тогтвортой байдал хангагдаж ирнэ. Эдийн засаг хэцүү байсан ч гэр бүлийн асуудлаа тодорхойлоод ирэхээр сэтгэл ханамж нь өөрчлөгдөж, тогтвортой гэр бүлүүд ихэснэ гэж хувь хүнийхээ хувьд харж байна. Өвчин тахалтай үед эмч хамгийн их хэрэгтэй байдаг бол сэтгэл зүйн асуудлаа давахын тулд бидэнд маш олон чадварлаг сэтгэл зүйчид хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.146] 2022-09-29 02:46:25
Монголд стресс сэтгэл гутралын өвчин нийгэмд их байна.