ДЭМБ: “Омикрон”-ы шинэ дэд хувилбарууд илүү эрсдэлтэй гэх нотолгоо одоогоор байхгүй
Коронавирусний “омикрон” хувилбарын “BQ.1”, “XBB” дэд хувилбарууд нь бусад дэд хувилбараасаа илүү эрсдэлтэй гэх нотолгоо одоогоор байхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлэг Япон зэрэг хэд хэдэн оронд илрээд буй “BQ.1”, “XBB” дэд хувилбаруудын талаар мэдэгдэл гаргажээ. Үүнд “BQ.1” нь Европ, АНУ-д тархаж байгаа “омикрон”-ы бусад дэд хувилбараасаа өсөж үржих чадвар нь илүү байгаа төлөв ажиглагдсан гэж бичсэн байна.
Шинжээчдийн хэлснээр, хүмүүсийг хамруулсан судалгааны дүнгийн талаар одоогоор мэдээлэл байхгүй ч шинэ дэд хувилбаруудын дархлаанаас зугтах чадвар нь бусдаасаа илүү байж магадгүй байна. Улмаар өмнө нь халдвар авч байсан хүмүүс тэдгээрээр дахин халдварлах эрсдэл өндөр эсэх, вакцины үр нөлөөг бууруулах эсэх зэргийг судлахын тулд цаашид судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна.
Мөн Сингапур тэргүүтэй зарим орноос ирүүлсэн мэдээллээс үзэхэд “XBB” дэд хувилбарын өсөж үржих чадвар илүү байж магадгүй байдал харагджээ. Гэхдээ одоогоор цуглараад байгаа мэдээллүүдэд үндэслэн хүндээр өвчлүүлэх эрсдэлтэй эсэхийг нь дүгнэх боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
ДЭМБ цаашид эдгээр хоёр дэд хувилбарыг анхааралтай ажиглан судална гэдгээ мэдэгдээд, сонор сэрэмжтэй байхыг улс орнуудад уриалжээ.
Сэтгэгдэл