Жилд 5000 шахам иргэнээ хавдрын улмаас алдаж байна гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуулгын хариуг танилцуулсан. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас “PEN HEARTS” загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж эхэлжээ.
Төсөл хэрэгжсэн аймаг, орон нутагт тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 1.4-2.5 дахин буурч, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 2022 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин, нас баралтын тоо 1.5 дахин буурсан тул 2024 он гэхэд уг төсөлд үлдсэн бүх аймгийг хамруулахаар ажиллаж байгааг сайд дуулгасан.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор “Илүүдэл жингүй эртэч Монгол”, “Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцья”, “Хариад амрая - хамтраад шийдье”, “Цэх байя-цэгцтэй хооллоё” зэрэг аян, кампанит арга хэмжээ зохион байгуулж, иргэд, нийгмийн бусад салбарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж гэдэг нь хүүхдийг төрөнгүүт үзүүлэх тусламж бөгөөд энэ үеийн нас баралт нь нялхсын эндэгдлийн зонхилох хувийг эзэлдэг байна. Эрүүл мэндийн яам нярайн нэн шаардлагатай тусламжийг сайжруулах асуудлаар 21 аймаг, нийслэлийн амаржих газруудын дарга болон эх барихын эмч нарыг оролцуулсан үндэсний зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж гаргасан байна. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэн тэднийг орон нутагт илгээн бүсчилсэн сургалтууд зохион байгуулжээ. Үүний үр дүнд энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 8.5-аас 7.6 болж буурсан үзүүлэлт гарчээ.
Төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор шинээр төрсөн нярайд түнх, сонсголын зэрэг шинжилгээг хийж, эмгэг илэрсэн тохиолдолд батлагдсан эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо, эмчилгээг хийж байгаа гэв. Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгоо, шинжилгээг Анагаах ухааны удам зүйн лаборатори хийж байгаа бөгөөд уг лаборатори төрөхийн өмнөх онош батлах цитогенетик шинжилгээг найман жилийн хугацаанд 1346 үйлчлүүлэгчид хийснээс 214 хромосомын тооны ба бүтцийн өвчнүүдийг оношилжээ.
Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар өвчлөл, нас баралтыг бууруулахад хамааралтай бүх талуудын оролцоог чиглүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах механизм бүрдүүлэх зорилгоор хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудыг оролцуулсан “Хүүхдийн хавдрын зөвлөл” байгуулан ажиллаж байна.
2022 онд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 0-17 насны хүүхдийн хоёр багцыг нэмж оруулсан бөгөөд одоогоор 330 мянга гаруй хүүхэд хамрагдсанаас 96,662 буюу 74.7 хувь нь шүд цоорсон, 3,690 буюу 2.9 хувь нь шүдний гажигтай, 2,147 буюу 1.7 хувь нь хараа муудсан нь оношлогджээ. Мөн хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 20 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хөгжлийн цогц бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан бодлогыг хэрэгжүүлснээр монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцлийг бий болгох бүрэн боломж байна. Гагцхүү энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид:
- Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
- Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн, тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх;
- Улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хүн амын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
- Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд эрүүл мэндийн бус салбар, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх;
- Монгол Улсын хүн амд эрүүл, зохистой хооллолтыг төлөвшүүлэх, шим тэжээлийн боловсролын асуудлыг сургуулийн үдийн хоолоор дамжуулан хэрэгжүүлэх;
- Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар хортой хэрэглээг бууруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.
Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төгсгөлд нь асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн 20 жилд хавдраас шалтгаалсан нас баралт тасралтгүй өссөөр өнөөдөр бид дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Жил бүр бараг 5000 шахам хүнийг хавдрын улмаас алдаж байна. 2021 онд 4251 хүнээ алджээ. Энэ нь бүтэн 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Энэ санаа зовох асуудал биш гэж үү. Халдварт бус өвчлөлийг үүсгээд байгаа хамгийн том хүчин зүйл нь таргалалт гэдгийг сая тайлан дээр дурдаж байна. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болоод байна.
Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 55 хувь нь илүүдэл жинтэй, эдгээрийн 19 хувь нь таргалалт гэдэг өвчний оноштой байхад бид яаж хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм бэ. Өнөөдөр айл болгонд шахам нэг хавдартай хүн байх магадлал өндөр болоод байна. Өвчнийг хожуу үед нь өртөг өндөртэй оношилж эмчлээд, үүнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгаа нь салбарын бодлого урвуу тогтолцоотой явж буйг харуулсан хэрэг.
Манай эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх биш, өвдсөн хойно нь эмчилдэг болчихоод байна. Үүнд улс хамаг төсвөө зарцуулж, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид хүчээ барж байна. Хэрвээ бид нийгмийн эрүүл мэндээ сайжруулах чиглэлээр шинэчлэл хийж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ачаалал буурч, тэд арай дээр нөхцөлд ажиллах боломж бүрдэнэ.
Амьдралын хэв маягаа өөрчилж, зохистой хооллож, биеийн жингээ тогтмол хэмжээнд байлгах нь зүрх судасны өвчлөл, нас баралтын 80, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулах боломжтойг эрдэмтэд тогтоосон. Мөн зохистой хооллоод биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэвэл хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар бууруулж болно гэдгийг тогтоосон байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.255] 2022-11-13 07:29:30
Энэ бол үнэхээр сэтгэл өвДөм,анхаарвалзохих үзүүлэлт мөн, хоол хүнс агаартай холбоотой ,үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний тоо
Zochin [202.21.107.168] 2022-11-13 04:42:38
E.M.Yam tatan buulgabal yasan yum. Yalsan namiin shagnaliin suudal, solioni amraltiin gazar. Bas baahan litsenzi, kredit, zubshuurliin biznes hugjsun. E.M salbariin ajilchdiin amjirgaag 0 tubshind barih bodlogo. Hyn ardaa geesen bodlogo hetsyy. Eh oroni hogjil hyn ardiin eryyl mend deer suurilah baihaa.
зочин [192.82.71.207] 2022-11-12 16:17:16
Монгол улсын эрүүл мэндийн байгууллагын үнэн дүр төрх энэ биз дээ? Эмч эмнэлгийн ажилтнууд нь аймшгийн ааштай, харилцааны наад захын соёлгүй, чадваргүй, тоног төхөөрөмж нь хоцрогдсон, орчин цагийн тоног төхөөрөмж байхгүй, байсан ч үзүүлэлтүүдийг ойлгож ашиглаж чадах мэргэжилтэнгүй, өвчтөнийг эмчлэх, эдгээх биш харин мөнгө л гэж хардаг болчихсон юм биш үү? Улсын эмнэлгүүдээр нь үйлчлүүлэхээр бүгд эрүүл, хувийн эмнэлгүүдээр нь үйлчлүүлэхээр бүгд өвчтэй болчихдог юм биш үү? Монгол хүнийг гэх сэтгэл үнэхээр дутагдалтай аймаар байгууллага биз дээ???????
Зочин [150.129.143.226] 2022-11-12 13:47:17
Одоо бүр ихсэх байх шүү . Махны зах зээлээ Хятадуудад өгчихсөн юм чинь огцом өсөх байх даа
Зочин [202.55.188.86] 2022-11-12 08:22:43
32 жил элдэв янзын нэртэй төсөл хөтөлбөр ярьж асар их мөнгө зарцууллаа. Зарцуулах ч гэж МАН АН хоёр ЭМЯ -тайгаа нийлж идлээ. Тайлангаа тавьдаггүй. Өвчлөл эндэгдэл өссөөр !