БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төслийг АЗ-д өргөн барихаар төлөвлөж байна
БНХАУ болон ОХУ Умард Солонгосын нөхцөл байдлын талаар бэлтгэсэн тогтоолын төслөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ өргөн барихаар төлөвлөж байна. Энэ талаар БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь даваа гарагт болсон АЗ-ийн хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, уг тогтоолын төсөл нь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын сацуу яриа хэлцээ хийх нөхцөлийг бий болгож, улс төрийн шийдэлд хүрэхэд тус дөхөм болох ёстой. “Бүх талууд энэхүү төслийг нааштайгаар авч үзнэ гэж бид найдаж байна" гэж Хятадын дипломатч тэмдэглэсэн байна.
БНАСАУ энэ сарын 18-нд тив алгасагч баллистик пуужин туршсан нь эгц траектороор 1000 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 6000 км-т хүрчээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор Хоккайдо арлаас баруун тийш 200 км-ийн зайд унасан байна. Ердийн траектороор харвахад ийм пуужин 15 мянга гаруй км нисэж, АНУ-ын эх газарт хүрч чадна гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ.
"Хвасон-17" пуужингийн туршилт амжилттай боллоо гэж пуужин харвасны маргааш нь буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл