МАН НҮҮРС ХУЛГАЙЛСААР БАЙГААД “НҮҮР” НЬ ТАС ХАР БОЛЖЭЭ
Монгол Ардын нам бол Ардын хувьсгал гарсан цагаас монголчуудын итгэл найдвар, чин шударга ёсны бэлгэдэл байсаар ирсэн. Тийм ч учраас ард түмэн засаг, төрөө бариулсаар зуун хэдэн жил болгочихож, эд нарыг. Бүхэл бүтэн зуун дамнуулан төрийн толгойдоо суулгана гэдэг олон нийт ямар их итгэл найдвараа өгч, хувь заяагаа даатгадгийг харуулж байгаа юм л даа. Тэгтэл энэ их итгэлээ өгсөн нам нь яаж булайгаа чирч байгааг хар. Хэдэн их наядаар нь нүүрс хулгай хийсээр байгаад сүүлдээ “нүүр” нь тас хар болчихлоо. Нүүрсэнд халтардаж, тортогтсон нүүрээ энэ нам мөлчийтөл угаах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хэрэвзээ угаахгүй гэвээс энэ нам ард түмний итгэл найдварыг дахин хүлээнэ гэхэд хэцүү боллоо, хулгайч, худалч ийм хүмүүс цаашид төр барина гэдэг нь ч эргэлзээтэй болж эхэллээ. Төр засгийн бүхий л шат дамжлага, уул уурхай гээд хамаг салбарт МАН өөрсдөө байгаа болохоор нүүрсний хулгайн хэргийг илрүүлнэ гэхээр зовлонтой байдаг биз. Тэгтэл гадаад дотоодын шахалт ирдэг бололтой юм даг уу даа. Ялангуяа авлигын хэрэгтэй хатуу тэмцэж, авлигачдыг өршөөлгүйгээр цаазалдаг БНХАУ-ын зүгээс ихээхэн дарамт үзүүлдэг гэх дам яриа бий.
Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр "Танайтай хамтран ажиллахад түвэг чирэгдэл учирч байна. Та нар эхлээд нүүрсний хулгайтай холбоотой нэр бүхий хүмүүсийнхээ асуудлыг шийд. Энэ асуудлыг шийдвэл дараа дараачийн үйл хэрэг хурдан бүтнэ" гээд зургаан хүний нэрийг бичсэн жагсаалтыг манай талд өгсөн гэх. Ерөнхий сайд хүртэл "Манай нүүрсний хулгайч нараас Баяннуурт байдаг" гэж хэлсэн нь Хятадын талаас өгсөн нүүрсний хулгайг гардан зохион байгуулдаг гэх зургаан хүний нэрс бий гэдгийг баталчих шиг болсон. Чухам ямар ямар хүмүүс нүүрсний хулгайг гардаж явуулдаг талаар таамаг төдий юм яригдаж, тэр, энэ байж магад гэсэн нэрс хэлдэг ч энэ тал дээр эрх баригчид огтоос юу ч дуугараагүй өнөөдрийг хүргэсэн.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлахдаа мөн л "Нүүрсний хулгайг гардан зохицуулдаг хүмүүстээ ямар хариуцлага тооцсон бэ, энэ асуудлаа шийдсэн үү, танай мөнгө Казахстан руу гарсан байна" гэж ярьсан сураг ч дуулдсан.
Хятад улс хоёр орны харилцаанд анхаарахдаа хууль бус үйлдэл, авлига, нүүрсний хулгайг гярхай анзаарч "Үүндээ анхаар" хэмээн удаа дараа сануулж байгаа нь сайшаалтай ч манай талаас дүлий дүмбэ оргидог нь урмыг нь хугалдаг нь тодорхой. Хятад улс дотоод авлигатайгаа тэмцэхийн тулд хөрш зэргэлдээ улстайгаа ч элдэв асуудал үүсгэхгүйн тулд дипломат шахалт үзүүлж байгаа нь мэдрэгдэж байна.
Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид төрийн айлчлал хийж байгаа. Ерөнхийлөгч явахаасаа өмнө нүүрсний хулгайн хэргийг нэлээд идэвхжүүлж, хөдөлгөж байгаад мордсон нь үүнтэй холбоотой ч байж мэдэх нь. Бодвол "Бид нүүрсний хулгайч нартайгаа тэмцэх ажлаа эхлүүлчихлээ" гэх мессэж өгч, оноо авахыг зорьсон байж мэднэ. Урд хөршийн зүгээс үзүүлж буй шахалт, дарамтын нөлөөгөөр нүүрсний хулгай ил болж, 40 их наядын хулгайн асуудал сөхөгдөж, ард түмэн амаа ангайтал цочирдож байна гэж нэг талаас нь харж болох нь. Хулгай хийхдээ ийм их хэмжээний хулгай хийнэ гэж бас байдаг аа гэж итгэхгүй хүмүүс олон байна. Нүүрсний хулгайд эрх баригчид гар хуруу байтугай бүх биеэрээ, нүүр толгойгоороо живээд тас хар болчихсоныг иргэд арай л хожуу мэдсэн нь харамсалтай.
Гэтэл МАН-ынхан нүүрсний хулгайгаа бүр анхнаас нь өөрсдөө мэдэж байсан юм байна. Шинэ асуудал биш юм, тэдний хувьд. Дөрөв, таван жилийн өмнө бүр тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай чуулганы танхимд чи, би-дээ тулж харилцан нэгнээ "Хулгайч" гэж дуудаж байсан даа.
Ж.Мөнхбат "У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү, цаашдаа...Та битгий хүн загнаад бай л даа. Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. Битгий солиороод байгаарай чи...Хаан биш шүү, заан биш шүү. Чи өөрөө хулгай хийсэн" гэхэд У.Хүрэлсүх мөчөөгөө өгөлгүй "Чи хулгайч" гэж танхим дүүрэн хэрэлдсэн. УИХ-ын дарга асан М.Энхболд "Та хоёр хэрэлдэхээ боль л доо, Хөөе Ерөнхий сайд аа, боль. Та хоёр болиоч ээ, чуулганы зааланд боль. Хөөе, Ерөнхий сайд, Мөнхбат гишүүн боль" гэж гуйж, загнаж буй бичлэг нь бэлээхэн байна. Үүний дараа Ж.Мөнхбат гишүүн "Би нүүрсний хулгайч биш. Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ" гэсэн тайлбар хийсэн. "...Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ" гэдэг энэ өгүүлбэр угаасаа бүгдийг илчилчихсэн юм.
Энэ намынхан байсхийгээд л нэгнээ "Чи ч хулгайч, би ч хулгайч" гэж зүхэж хэрэлддэг байсан нь угтаа нүүрсний хулгайд гар, нүүрээ хамт халтартуулсан бусдыгаа л "Чи надаас дээрдэх юмгүй адилхан хулгайч шүү.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох нь л дээ" гэсэн нэгэндээ өгсөн анхааруулга нь байж. Тэр үеэс л эд нар нүүрсний хулгайгаа эхлүүлжээ. Тиймээс энэ бүх хулгайгаа мэдэхийн дээдээр мэдэж, хамтдаа нүүрсний хулгайд хутгалдаж ирж. Хамгийн сүүлийн тоогоор энэ хулгай нь 40 их наядаар тоологдож байна. Энэ их мөнгийг дагаж тас хар болсон МАН-ын "нүүр"-ийг МАН-ынхан өөрсдөө угаана гэж ч юу байхав. Тийм боломж байхгүй. Гаднаас хичнээн дарамт шахалт үзүүллээ ч энэ хулгайд нүүрээрээ булхчихсан учраас нам дотроосоо нэг нэгнээ цэвэрлэж татаж гаргана гэдэг үлгэр болно.
Харин энэ үед өнөө 60 тэрбумын асуудалд орооцолдоод хөөгдсөн Миеэгийн талынхан буюу М.Энхболдын фракцийнхан эргэн ирж нүүрсэнд халтардсан намынхаа нүүрийг угааж намаа шалбаагнаас сугалж нэрийг нь аврах гарц үлдэж байна. 40 их наядын дэргэд Миеэгийнхний 60 тэрбум инээдэмтэй харагдаж байгаа биз. 60 тэрбумын хэрэг гэдэг нь юун хэрэгтэй манатай байсан юм биш үү ч гэж бодогдохоор.
Улс төрийн зоримог нүүдэл, эгзэгтэй агшинд эргэн ирж алдсан байр сууриа дахин эзэлдэг нь аль ч орны улс төрд байдаг эрүүл үзэгдэл. Тоглоомын тойргоос түр гарчихсан хүчтэй фракц хөдөлж эхэлснээр хар нүүртэй МАН-ыг шалбаагнаас нь татаж, угаал үйлдэх нь хамгийн зөв тактик. Монголын улс төрийн голлох хүчин гэгддэг нам ийм муухай нэр, тас хар зүстэй байж болохгүй ээ. Одоо Миеэгийнхэн гарч ирж намынхаа "нүүр"-ийг угаа.
Сэтгэгдэл
Зочин [192.82.66.210] 2022-12-01 14:03:39
Ажнай, өөр их хурлын гишүүн нүүрс чин авгай нар чинь аль намынх билээ?
irgen [202.9.41.14] 2022-12-01 05:26:53
NUiin buleg hulgaichuud.1 eder naimaa hiigeegui.zuvhen ulsiin hurengeer bayjsan.Gazar.bank.nuurs.jdu.kontaess bugdiig avch.diildehgui bolloo.Hurelsuh.Hurelbaatar.Javhlan.Choijoo.Dambiin Hishgee.Nymdorj.tgd zindee oluulaa Helsen yrisaniig avaachaad shorond hataana.Erh medeltei hulgaichuudaas salah l asuudal nen terguund heregtei.
Зочин [202.9.46.79] 2022-11-30 05:57:05
odoo yadag bilee. gazriin naimaanii zagalmailsan etseg tuunii buleglel garch irekh khereg uu. Tegbel UB khot Galsan shig ug kheldeg bol chi namaig yamar khot bolgosnoo medej bainuu, khar chi ene tsementen shuguiguu gekh baikh daa khuurkhii.
чимэд [124.158.65.233] 2022-11-30 05:43:44
Нэг том хэргээ шийдэх гээд мунгинаж байтал дараачийн том хэрэг бүлт үсрээд гараад ирэх юм Тэгээд алийг нь ч хэлэлцэж чадалгүй харилцан буулт хийгээд унтраадаг мөнгө хөрөнгөө хувааж аваад зулраад алга болдог энэ байдал хэдийд засагдах вэ гэж асууна уу.Одоо л МАН дайчин эрс шийдэмгий хөдлөх л нэг найдвар байна. Өөр нам гарч ирээд шийднэ гэж огт байхгүй
Хариулт [66.181.185.130] 2022-11-30 07:12:28
МАН үүнийг шиидэж чадахгүйг ЖДҮХС ийн хэрэг харуулсан даа.Учир нь хулгайч хулгайчаа бариарай гэдэг шиг /Хүрэлсүх , Мөнх бат 2 /шиг л юм болно.
Зочин [192.82.65.88] 2022-11-30 05:16:26
Монгол улсын баялаг, монгол улсын боломж, монголын залуучуудын ирээдүйг хулгайлсан. Тийм учраас заавал хулгайчдыг олж хариуцлага тооцох ёстой. Эс тэгвэл бүгдээрээ босч 76-г, ЗГ гишүүдтэй нь бүгдийг нь АРДЫН ШҮҮХ буюу олонхиороо шүүх хэрэгтэй. Ард түмний уур бухимдал туйлдаа хүрч байна даа. Хэзээ нэг дэлбэрэх юм байгаан.
зочин [192.82.89.142] 2022-11-30 03:49:16
Ардчилсан нам зүгээр идэхгүй өнгөрнө гэдэгт хэн итгэх бэ. Түмнийг одоо хуурдаг пиарддаг үе өнгөрсөөн. Ядуу бичээч байэ\на.
Зочин [66.181.185.130] 2022-11-30 09:30:07
Сэдвээ сайтар унш эргүү коммунист оо.МАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ИХ ХУТГАЛДАЖ ОРЖЭЭ ГЭСЭН БАЙНА . АН гэсэн үг өгүүлбэр энд ганц ч алга.Тэмээ гэхээр ямаа гэдэг тэнэг үүдээ
Төрөө [124.158.90.3] 2022-11-30 03:38:42
АРД түмэн заавал авч байж сална шүү хулгаач нараа өөр нэр та нарт байхгүй
Зочин [103.161.242.179] 2022-11-30 03:36:33
Одоо л харъя. ..
Зочин [103.57.93.149] 2022-11-30 02:56:00
МАН хагартлаа баяжсан
MGL [202.55.191.194] 2022-11-30 02:33:50
АРД ТҮМНИЙ БАЯЛАГИЙГ ХУЛГАЙЛСАН ХЭН ГУАЙГЧ ЦААЗАЛЖ, ХӨРӨНГИЙН ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭН БҮР 125 САЯ ТӨГРӨГӨӨ ХУЛГАЙЧ НАРААС АВЪЯА??? ОДОО Л ШУДАРГА БАЙХЫН ХАРЪЯ, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНЫГ ЯАЖ АЖИЛЛАДГИЙГ НЬ АРД ТҮМЭН ОДОО Л ХАРАХ ҮЛДЛЭЭ???????????????????????????????????