Н.Алтанхуяг: Бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна

Aдмин / Улстөр

Түүхэн талаас нь харвал, арванхоёрдугаар сард АН-тай холбоотой олон үйл явдал өрнөсөн байдаг. 1989 оны 11-12 дугаар сард Улаанбаатар хотод залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөнд оролцогчид тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг хурцаар шүүмжилсэн. Улмаар өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдсэн. МоАХ ингэж байгуулагдсан. Энэ нь МоАН-ын суурь болсон байдаг. Түүнээс хойш ардчиллын төлөөх намууд шил даран байгуулагдсан.

Ингэж явсаар 2000 оны арванхоёрдугаар сард ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Тухайн үед АН-ыг бүрдүүлсэн гол намуудын нэг болох МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Н.Алтанхуяг байв. Тэрбээр өмнө нь 1990-1992 онд МСДН-ын Нарийн бичгийн дарга, 1994-1996 онд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Дараа нь 2000-2001 онд СХД-ийн АН-ын дарга, 2001-2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2014 онд АН-ын даргаар ажилласан юм. Түүнтэй ярилцлаа.

-Өнөөдөр арванхоёрдугаар сарын 6. АН-ын баярын өдөр. 22 жилийн өмнөх энэ өдөр таван нам нийлж АН-ыг байгуулж байжээ. Энэ нь 2000 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой байсан гэж ярьдаг?

-Тийм л дээ. Одоогоос яг 22 жилийн өмнө, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөө таван нам нэгдэж нийлсэн өдөр юм. МҮАН /Монголын үндэсний ардчилсан нам/ тэр үеийн хамгийн том нам нь байлаа. Дарга нь Р.Амаржаргал байв. МСДН /Монголын социал демократ нам/ бас том нам байсан. Р.Гончигдорж намын дарга байсан. Бас нэг нь МСМН /Монголын сэргэн мандлын нам/ байсан. Дарга нь Д.Бямбасүрэн гуай байлаа. Мөн МШАН /Монголын шашинтны ардчилсан нам/ нийлсэн. Ц.Баярсүрэн гэдэг даргатай нам байсан. Тав дахь нь С.Эрдэнийн толгойлсон МоАН /Монголын ардчилсан нам/ байсан. Тэр жилийн УИХ-ын сонгуулиар ардчиллын төлөөх намууд ганцхан суудал авсан. Талийгаач Ж.Наранцацралт л ялалт байгуулсан. Л.Гүндалай эхлээд бие даагчаар орж ирж байсан. Тэгээд АН-д элссэн. Өмнөх 1996 оны сонгуулиар ардчиллын төлөө гээд явдаг хоёр гол нам МҮАН, МСДН хоёр эвсэл болж орсон. 50 суудал авсан. 2000 онд тэгээгүй. Тиймээс ардчиллын төлөөх намуудын санал хуваагдсан. Тэр сонгуулийн дараа бүгд шоконд орсон. Ингээд нөгөө ардчиллын төлөөх намууд тал талаасаа санаа тавьцгаасан л даа. 2000 оны сонгуулийн дараа, долдугаар сард гэсэн үг. Намар нь орон нутгийн сонгууль товлогдсон. УИХ-ын сонгуульд ялагдчихлаа, орон нутгийн сонгуульд яаж орцгоох вэ, хэн хэнтэйгээ эвсэх вэ гэж ярьцгаасан. Ер нь бид нар өмнө нь эвссэн чинь зөв байсан юм биш үү. Сая салж орсон чинь буруу байсан юм биш үү. Ингэж ярьцгааж байгаа юм. Тэгээд л орон нутгийн сонгуулийн дараа “...Ерөөсөө нэг нам болох нь зөв юм байна. Ардчиллын төлөө гэж гарч ирчихээд танайхан, манайхан гэж үзээд байх нь зохимжгүй байна. Тэр тусмаа сонгуулийн систем мажоритар байхад, ардчиллын төлөө намуудын санал олон хэсэгт хуваагдах юм байна. Үүнийг 2000 оны сонгууль яруу тод харуулчихлаа. Бид нар эвсээд 50 суудал авч үзсэн. Тэгэхээр ерөөсөө л нэг нам болъё” гэж ярьсан. Гэхдээ энэ нэг нам болох асуудлыг бүр эрт, 1996 оны “Ардчилсан холбоо эвсэл” болж сонгуульд ороод 50 суудал авсныхаа дараа ярьж байсан юм. Тэр үед МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж, МСДН-ын дарга Р.Гончигдорж байсан. Харин 2000 оны сонгуулиас нэлээд өмнө "...Нэг нам болох уу" гэдэг асуудлаар санал хураасан. МСДН-ын зүгээс “..Нэгдэхгүй” гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд л 2000 оны сонгуульд тусдаа орсон гэсэн үг.

-Гол хоёр нам гэж ярилаа. Гэтэл таван намын нэг нь МоАН байна шүү дээ. Бас л анхны намуудын нэг байх аа?

-Энэ талаар жижигхэн түүх хэлчихье. Манай намуудын суурь анх 1990-ээд оны үед хөдөлгөөнүүд байсан. МоАХ-оос МоАН, АСХ-өөс МСДН, Шинэ дэвшилт холбооноос МҮДН төрж гарсан. Ардчиллын тулгын гурван чулуу нам юм л даа. 1990 онд УБХ-д гурвуулаа суудал авчихаж байгаа юм. 50-аад суудлаас нийлээд 20-оод суудалтай байсан. Бас сүрхий эхэлсэн шүү. Шинэ Үндсэн хууль баталсны дараа “...Парламентыг УИХ гэж нэрлэнэ ээ” гэсэн. Тэгээд УИХ-ын анхны сонгууль явж байгаа юм. Тэгэхэд бид 76 суудлаас зургааг авсан. Тэгэхэд л энэ гол гурван нам нийлж нэг нам болъё гэж ярьж эхэлсэн юм. Харин МоАН, МҮДН хоёр нийлж МҮАН болсон. Тэгээд МҮАН, МСДН гэсэн хоёр том нам үлдсэн. Ер нь 1992 оноос хойш Монголд энэ хоёр нам ардчиллыг төлөөлж явсан. Харин МоАН-ын тухайд сүүлд, 2000 оны нэгдүгээр сард тэр нэрийг аваад МҮАН-аас тасарч гарсан. Анхных нь биш. Өөрөөр хэлбэл, МоАН анх 1990 онд байгуулагдсан. 1992 онд МоАН, МҮДН хоёр нэгдэж, нэг намаасаа ардчилсан, нөгөө намаасаа үндэсний гэдэг үгийг аваад мүан болсон. Тэгээд 2000 онд дахиад гарч ирсэн байгаа биз. Тэгэхдээ МҮАН-аас салж гарсан. Дарга нь С.Эрдэнэ байсан. Тэр үед “...С.Эрдэнийн намыг авч яах гээд байгаа юм бэ. Эд нар чинь орж ирээд баллана” гэцгээсэн. Ялангуяа МҮАН-ынхан дургүй. Хамт байсан учраас бие биеэ мэддэг болчихсон, мэдэрчихсэн юм байна лээ. Гол нь 2000 оны сонгуулийн өмнөхөн салж яваад, үр дүнд нь санал хувааж ганцхан суудал авсан. Үүнд их дургүйцэцгээж байсан. Тэгэхэд нь бид “...Үгүй ээ. Авчихъя л даа. Таван нам нэгдэж нийлэх нь зөв болно. 2004 оны сонгууль хаана ч байсан юм бэ. Сайхан нэгдэж нийлээд нягтраад ардчиллынхаа төлөө бүгдээрээ зүтгэе” гэж нөгөө хэдтэйгээ нэлээн ярьсан.

-МоАН тэгэхэд сонгуульд орсон юм уу?

-Орсон. Тусдаа орсон.

-Бусад нам дээр нь асуудал гараагүй юу?

-Уг нь 2000 онд анх таван нам биш хоёр нам нэгдэхээр ярьж эхэлсэн. МҮАН, МСДН хоёр л доо. Намуудыг нэгдэхэд Н.Батбаяр хамгийн идэвхтэй оролцсон. “...Одоо нэгдэж нийлэх ёстой. Бид нар хамтрах ёстой. Ингэхгүй бол Монголын ардчилал болохоо байлаа. Хар л даа, ганцхан суудалтай боллоо” гээд их явсан даа. Нэгдэж нийлэхэд үүрэг гүйцэтгэсэн хүн мөн шүү. За тэгээд, энэ нэгдэлд МҮАН-ын ч, МСДН-ын ч лидерүүд тал талаасаа хичээсэн. Жишээ нь, М.Энхсайхан дүрмийн ажлын хэсгийн даргаар ажилласан. Яг гардаад ажилласан хүн гэвэл МСДН талаас Р.Гончигдорж дарга, Баабар нар байлаа. Би Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Сүүлдээ “Бүгдээрээ л ардчиллын төлөө гэж гарч ирсэн. Хэн нь хэнийгээ гэх вэ. Том, жижиг гэж яриад яадаг юм бэ. Өөр нэгдэх намууд байгаа юу” гэцгээсэн. Тэгээд л Д.Бямбасүрэн гуайн нам, бас МШАН орж ирсэн. Тэгээд л намаа АН гэж нэрлэсэн. МҮАН-аас Д.Дорлигжав намын дарга, МСДН-аас З.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга, тэгээд энэ хоёр намаасаа нэг нэг дэд дарга сонгосон. Ж.Наранцацралт, С.Мэндсайхан хоёр дэд дарга болсон. Ингээд л хэрүүл уруул багатайгаар асуудлаа яриад л шийдсэн. Гэхдээ дүрэм хийх болоход нэг асуудал яригдсан. Манайхан одоо сунгаа ч гэдэг, марафон ч гэж хэлдэг. М.Энхсайханы ахалсан дүрмийн ажлын хэсэг дээр энэ яригдаж байгаа юм.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Э.Бат-Үүл, МСДН-ынх нь би байсан. Тэд дүрэмд түүнийгээ хийнэ гэсэн. Би бол буруу болно гэсэн. Арай гэж таван нам нийлж байхад, ядаж байхад удахгүй он гаруут 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байдаг. Нэгдэж нягтрах гээд ядаж байхад дахиад намаараа хуваагдаад хоорондоо үзчихнэ. Шархтай үлдэнэ. Би тэгж хэлээд байсан. Тэгэхэд Э.Бат-Үл нэг үг хэлээд ам таглаад байсан. “Алтанхуяг аа, чи бол сунгаа хийж үзээгүй намын Ерөнхий нарийн бичгийн дарга, би бол хийж үзсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга шүү” гэсэн. Үнэхээр ч тэд нар 1996 оны сонгуулийн өмнө намын дарга дээрээ сунгаа хийсэн байсан. Сунгаа эхлэхэд Да.Ганболд намын дарга байсан. Сунгаа дуусахад Ц.Элбэгдорж намын дарга болсон байсан. Зарим нь намаа хагаллаа гэдэг. Харин манай Э.Бат-Үүл шиг хүмүүс “...Энэ ёстой нэг ардчиллын зарчим” гэдэг. Ийм байсан. Үүнийг нэгдэж байгаа АН-ын дүрэмд оруулсан. 2001 он гарч сонгуулийн өмнөх сунгаагаа хийлээ. Нэг талаас МҮАН талын М.Энхсайхан, нөгөө талаас МСДН талын Р.Гончигдорж нар өрсөлдсөн. Тэгэхээр нь “...За одоо, босох гэж байсан намыг маань хагалаад баллах нь дээ” гэсэн чинь тэгээгүй. Эхлээд жаахан зөрөлдсөн. Тэгтэл Р.Гончигдорж гараад ирсэн. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн.

-АН-ын нэгдлийг зарлахдаа арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг яагаад сонгосон юм бэ. Гэхдээ яагаад гэдэг нь бараг тодорхой байна л даа?

-Бид бас уулзаад намаа эмхлэх, зохион байгуулах талаар яриад байж байсан чинь МоАХ-ны партизануудын нэг Цагаандарийн Энхтүвшин тийм санаачилга гаргасан юм. 2000 оны аравдугаар сард бүх асуудлаараа тохирчихоод, хэзээ нэгдэх талаараа ярьж байсан. Тэгэхэд Ц.Энхтүвшин “..1206 онд Их Монгол Улс байгуулагдсан. Энэ оныг бэлэгдэж арванхоёрдугаар сарын 6-нд хурлаа хийе гэдэг санал гаргасан. Бид нар Монголынхоо төлөө зүтгэх гэж байна” гэсэн. Тэгээд тэр өдрийг товлож намынхаа хурлыг зарласан.

-АН-ын бүртгүүлсэн өдрийг яаж сонгосон бэ?

-МҮАН 1992 онд байгуулагдсан байдаг. Харин МСДН 1990 ондоо хамгийн түрүүнд байгуулагдсан нам болж таарсан. Сонгуулийн саналын хуудас дээр бичигдэх дараалал энэ тэр гээд асуудал үүссэн. Тиймээс “...МСДН-ын Дээд шүүхэд бүртгүүлсэн өдрийг АН-ыг байгуулагдсан өдөр гэж авъя” гэж шийдсэн. Тэгж бүртгүүлсэн. Тэр нь 1990 оны тавдугаар сарын 25-ны өдөр байсан. Тэгж байж манайх МАН-ын дараа бичигддэг болсон. Ийм түүхтэй.

-За, АН ингэж байгуулагдаж байжээ. 22 жил өнгөрсөн байна. Өнөөдөр тун хүнд байдалд байх шиг байна. Хэд хэдэн тамгатай, олон даргатай, хэсэг хэсэг болчихсон байна. Энэ ерөөсөө 2000 онд нийлсэн таван нам, түүнээс хойш олон фракц бий болсны үр дүн үү. Бас таныг 2014 онд Ерөнхий сайд, АН-ын даргаас огцруулсан нь үүнтэй холбоотой гэдэг юм байна лээ?

-Намайг огцруулахад фракцын нөлөөлөл байгаагүй. Н.Алтанхуягийг фракцалж огцруулсан зүйл байхгүй. Тэр үед Ерөнхий сайдаас, намын даргаас илүү эрх мэдэлтэй Ерөнхийлөгч л байсан. Тэр үед Ерөнхийлөгч эрх мэдэлтэй, хажууд нь Ерөнхий сайд, намын дарга гээд би байгаад байдаг. Түүнээс л зөрчил үүссэн. Тэр үед яагаад зөрчил үүссэн бэ гэхээр намайг Ерөнхий сайд болоход Ерөнхийлөгч сонгогдоод гурван жил болчихсон байсан. 2009 оноос хойш гэсэн үг. Ерөнхийлөгчийг хүчтэй болгодог зүйл хууль хяналтын байгууллага, тэр дундаа шүүгч нарыг томилдог. Прокурорыг УИХ-д оруулдаг. Энэ нь томилдог гэсэн үг. АТГ-ын удирдлагыг бас УИХ-д оруулна. Томилно л гэсэн үг. Тэгэхээр хэрэг үүсгэдэг байгууллага буюу АТГ, хэргийг хянадаг газар буюу прокурор, хамгийн сүүлд шүүж шийддэг шүүх ч Ерөнхийлөгчийн мэдэлд байсан. Тийм учраас тэр хүн илүү эрх мэдэлтэй болсон. Эрх мэдэл гэдэг чинь харьцангуй ойлголт л доо. Мөнгөний эрх мэдэл буюу улс орны төсөв хөрөнгийн асуудал дээр харьцангуй эрх мэдэл багатай юм шиг харагддаг байсан. Тэр асуудлыг парламентаар шийддэг. Гэтэл хэнийг ч “нээнтэглэдэг” бүх эрх мэдэл тэр хүнд оччихсон байсан. Тэгэхээр энд мянган гоё ажил хийгээд нэмэр байхгүй. Ямар ч хүчтэй фракц болоод бас хэрэг байхгүй. Яагаад гэвэл танай фракцыг баллачихна. Ер нь шуудхан хэлэхэд, тэр үеийн МАНАН-гийн хийсэн гол юм нь энэ. “...Алтанхуяг гэдэг Ерөнхий сайд, намын дарга байна. Наад нөхөр чинь хэрэгтэй хэрэггүй баахан ажил төрөл хийгээд нэр хүнд нь өсөөд байна. Одоо наадах чинь гай болно. Наадахыгаа дарах ёстой. Хамгийн ойрхон байгаа нэг хүнийг нь “шонд өлгөж” харуулна. Тэгээд Л.Гансүхийг аваачиж шоронд хийсэн. Түүнээс биш Л.Гансүх тийм хэрэг хийгээгүй. Би шүүх хурал дээр нь очоод ч хэлсэн. Ер нь бол Л.Гансүхийг ингэнэ гэдэг чинь зөвхөн намайг биш “...Ерөнхий сайд чинь ахлах зөвлөхөө хамгаалж чадахгүй байхад та нар яаж ч чадахгүй шүү” гэж бүгдэд нь сануулга өгсөн, үзүүлэн болгосон хэрэг. Яг ингэж орчуулж уншиж болно. Тэгээд бүгд нам болсон.

-Гэхдээ АН өнөөдөр болохгүй л болчихоод байгаа юм даа?

-АН болохгүй болчихоод байгаа юм шиг байдал хэзээнээс эхэлснийг хэлж өгөх үү. Энэ бол 2020 оны арванхоёрдугаар сар байдаг. Би их тодорхой юм хэлж байна шүү. Хувь заяаны егөөдөл гэдэг юм уу даа, 2000 оны арванхоёрдугаар сард бид нэгдсэн. 20 жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард АН-ыг хоёр тамгатай болгосон.

-Хэн?

-Би бол эрх баригч хүчин гэж хэлдэг. Хэн нэгнийг хардаж байгаа юм биш. Яагаад гэвэл АН-ыг хоёр тамгатай болгосон Улсын бүртгэлийн байгууллага гэдэг чинь төр барьж байгаа хүмүүсийн л гараар хөдөлнө. Төрсөөд байх юм байхгүй Хууль зүйн сайдын харьяаны газар. Үгүй байсан бол “...Чи яагаад тэр том намын тамгыг хоёр болгоод байдаг юм бэ. Наад намынхаа асуудал руу битгий ор” гэж хэлдэг юм байгаа биз дээ. Ингээд АН болохоо байсан юм шиг зүйлийг хийж байна гэдэг чинь “...Хийж өг” гэж хэлсэн л гэсэн үг. Түүнээс хойш хоёр жил өнгөрч байна. Өмнө нь бас зүгээр байгаагүй л дээ. Гэхдээ ингэж хоёр тамгатай болгож байгаагүй. Харин одоо ингэж АН-ын легитим шинжийг алдагдуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль ёсны байх нөхцлийг алдагдуулах зорилготой үйлдэл л дээ.

Өмнө нь бид нар дотроо хэрэлдэнэ, муудалцана. Санал хураахад нэг нь олонх, нөгөө нь цөөнх болно. Энэ байх л үзэгдэл. Ийм түүхүүд ч бий. Харин хэзээ ч ингэж хоёр тамга зэрэгцэж, хоёр тамга ч биш юм аа, нэг тамгыг хажууд нь зориуд хийж өгч байна шүү дээ.

-Хэнд нь байгаа тамга хууль ёсных гэсэн үг вэ?

-Би танд маш тодорхой он, сар, өдөр хэлж өгч байна. 2020 оны арванхоёрдугаар сард Бүртгэлийн байгууллага С.Эрдэнэ гэдэг хүнд тамга хийж өгснөөс л ийм асуудал үүссэн.

-Та түүнээс өмнө намаасаа гарсан уу, нэг хэсэг намаасаа холдсон доо?

-Хөөе, би намаасаа гараагүй, гарахгүй. АН-аас гарах хүн ч биш. Ялангуяа орхиж гарахгүй. Яагаад гэвэл маш олон ялалт, ялагдлыг үүрч, үүрэлцэж явсан. Харин нэр бүхий хүмүүс зориудаар “...Н.Алтанхуяг АН-аас гарсан” гэсэн PR-ыг хийгээд байдаг юм.

-Та 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн шүү дээ?

-2020 оны сонгуульд гаргахгүй гэж ийм зүйл хийсэн АН-аас нэр дэвшвэл УИХ-ын гишүүн болчихно гэж айсан хүмүүсийн хийсэн ажил шүү. Ер нь бол С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулийн өмнө маш олон хүнийг, тэр дотроо Н.Алтанхуягийг “...АН-аас хаслаа” гэж зарласан.

АН-аа байгуулалцаж байсан хүн өөр намаас нэр дэвшилтэй нь биш. Тэгэхээр бие дааж нэр дэвшихээс өөр гарцгүй болсон. Шулуухан хэлэхэд, намайг УИХ-ын гишүүн болгохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн бодлого С.Эрдэнээр дамжиж хэрэгжсэн юм. Гэхдээ дараа нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аасаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн шүү дээ.

Ер нь би боддог юм, АН-ыг ингэж хоёр тамгатай болгосон асуудал явсаар байгаад зөв тал руугаа эргэх байх аа. Манай намын маш олон гишүүнийг болоод намайг намаас хасч хаясан асуудал цагаатгагдах байх гэж бид боддог юм.

С.Эрдэнийн тамга хууль ёсны бус. Яагаад гэхээр би бол энэ намын даргыг зургаан жил хийсэн. Өдөр болгон тамгаа бариад суухгүй ч 2000 онд АН байгуулагдаж, З.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад хийлгэсэн тамга одоо 22 жил болж байгаа. Харин нөгөөх нь хоёр жилийн өмнө хийж өгсөн тамга.

-Та Х.Баттулгад байгаа тамгыг хууль ёсных гээд байна. Тийм үү?

-Хэнд байгаа нь чухал биш, 22 жил болж байгаа тэр тамга АН-ын жинхэнэ тамга. Нөгөө талд нь хууль бус тамга хийгээд өгчихсөн юм.

-Хэрэв С.Эрдэнийн тамга хүчингүй гэвэл тэр тамгаар явсан зарим сонгууль дагаад хүчингүй болох уу гэдэг асуудал бас яригдаад байдаг?

-Би бол тэгж бодохгүй байна. С.Эрдэнийн тэр тамга дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн. Тэр асуудал дээр УИХ-аас ажлын хэсэг гарч шалгана гэсэн. Шалгаагүй л байна. Тэгсгээд хаясан. Тэгэхээр Монголын улс төрийн хоёр багана нэг нь нөгөөгөө тайрч тоглож болохгүй л дээ. Энэ их хохиролтой. АН хохирч байгаа юм биш. Монгол Улсын хөгжилд, ардчилсан Монгол Улсад асар их хохиролтой. Тэгэхээр үүнийг засах л ёстой.

Ер нь би хоёр тоо л хэлье. 2020 оны арванхоёрдугаар сараас хойш АН-ыг бужигнаад байгаа юм шиг болгосон. 2013 оноос хойш бие биеийнхээ хашаа руу өнгөлзөж, зарим хэсгийг нь хашаа руугаа хөөгөөд оруулдаг болчихсон. Тэр нь манай намаас гарсан Ерөнхийлөгч нөгөө намын даргатай нэг баг болсон гэсэн үг.

-Таныхаар АН бужигнаагүй, байдгаараа л байна уу. Эрх баригчид л зохиомол хэрүүл бий болгоод байна гэж үү. Тэгж л хэлэх гээд байх шиг?

-Өнөөдөр ингээд АН-ыг хоёр тамгатай болгоод, тоглоом наадам хийгээд л байна. Зохиомол хэрүүл шүү. Ер нь эрх баригчид бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна. Харин манай намын суурь, манай намын 99 хувь нь яг л байдаг газраа байгаа.

-Байдаг газраа гэдэг нь?

-Яг л ардчиллынхаа төлөө, юуны төлөө зорьж гарч ирсэн билээ. Тэр зарчим байр сууриндаа байгаа. Би орон нутгийн гишүүдээ хэлж байна л даа. Монгол Улсын өнцөг булан бүрт дүүрэг, хороо, аймаг, суманд байгаа гишүүдээ хэлж байгаа юм.

Манай намын тамганы асуудал эрт орой нэг, хэзээ нэгэн цагт шударгаар шийдэгдэх байх аа. Эрх баригчдаас нэг хоншоортой аавын хүү тэр хуурамч тамгыг хүчингүй болгоход л болчихно. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд өгсөн тамга нь хүчингүй гээд зарлаад л дуусна шүү дээ. Тэр тамга үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэчихсэн. Бүх юмыг хийчихсэн. Хангалттай. Тэгэхээр Монголын улс төрийн энэ том ноён нуруу, баганатай ингэж тоглох бол буруу л гэж би хэлээд байгаа юм.

Бас энэ арванхоёрдугаар сарын 6-нд эрх баригчид хурлаа хийдэг болсон. Манайхыг бүдэгрүүлээд л байна. Энэ нь бодлоготой л үйл ажиллагаа байх. Би бол тэгж харж байна. Түүнээс биш, өдөр мундсан биш. АН-ын нэрийг баастаад, тамгыг хоёр болгоод байна. Арайхийж ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдрийг булааж авч саармагжуулж байна. Хэний, ямар бодлого вэ гэдгийг би мэдэхгүй юм.

-Та намаа хэвээрээ байгаа гэх юм. Тэгсэн мөртлөө зарим хүнийг шууд нэр цохоод ярьж байна. Зөрчилдөөд байх шиг?

-Би нэг юм хэлчих үү. Надад АН-д эвдрэлцээд, муудалцаад, нэг нэгийгээ үзэж чадахаа больсон хүн нэг ширхэг ч байхгүй. Харин Монголд нэг хүн байдаг. Тэр бол Монголын хувь заяа, Монгол Улсын хөгжлийг балласан этгээд байдаг юм. Бас Монголын ардчиллыг самарсан. Ийм нэг л хүн бий. Би тэр хүнийг нэг нам гэж хардаг ч үгүй. Тэр хүн ганцаараа юу ч хийж чадахгүй байсан. Түүнийг хамжин дэмжсэн МАНАН бүлэглэл, хууль хяналтын хонгилынхоо тусламжтайгаар энэ бүгдийгээ хийсэн.

-Та намаасаа нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажилласан эрхмийг хэлээд байна уу. Саяхан, хоёр сарын өмнө тантай уулзсан байна шүү дээ. Эвлэрээгүй юу. Бас АН-ын талаар ярьсан уу?

-Надтай ирж уулзсан. Сар гаруйн өмнөөс надтай ойр зарим хүнээр үг дайгаад л “...Уулзмаар байна” гээд л байсан. Сүүлдээ өөрөө над руу юм бичсэн. Тэгээд байсан. Тэгэхээр нь би бодсон, “...Бид хоёр уулзаад юугаа ч ярих билээ дээ, ер нь тэгээд бид хоёроос болоод АН хагараад гэмтээд байсан зүйл байхгүй, харин мань эрээс болоод Монгол Улс, Монголын ардчилал маш хүндэрчихээд байгаа” гэж. Тэгээд би “...За тэгээд уулзах үнэхээр чухал шаардлага байгаа бол хүрээд ир” гэсэн. Удахгүй давхиад хүрээд ирсэн. Бид хоёроос болж АН хагараагүй гэж хэлсэн дээ. Тэгэхээр тэр талаар бид хоёр юугаа ярих вэ дээ. Харин бодсон чинь долоон жилийн дараа уулзаж байгаа юм билээ. Тэрийг нь хэлсэн. Л.Гансүхийн шүүх хурал болсон 2015 оноос эхлээд л холбоо барихаа больсон. Утсаа авахаа ч больсон. Уулзахаа ч больсон. Ер нь тэгээд Монгол Улсаа ч их самарлаа даа. Өөрөө уг нь ардчилсан хувьсгалын манлайлагч атлаа АН-аа ч нэлээн самарлаа. Хууль хүчний байгууллагыг тоглоомын байгууллага болгосон” гээд би ийм л хэдэн үг хэлсэн. Ер нь бол би яг яах гэж ирснийг нь сайн ойлгоогүй. Дараа нь тэр зургийг нь хараад “...Зураг авахуулах гэж иржээ” гэж ойлгосон.

-Тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнтэй бас уулзсан гэсэн мэдээлэл бий. Танай намынхан энд тэнд уулзалтуудыг их хийж байна. Гол нь таны уулзалтуудаар АН-тай холбоотой зүйл яригдсан эсэхийг олон нийт, ялангуяа танай намынхан сонирхоод байх шиг байна билээ?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга бид хоёр уулзсан. Ер нь уулздаг л даа. Бидний тухайд муудалцаж байсан үе бий. Бас ойлголцоод хамтраад ажиллаж ч байсан. Бид хоёр хэрэлдээд хоёр тийшээ болчихсон зүйл огт байхгүй. Утас шөрмөсөөр ярьчихна. Уулзъя гэвэл уулзчихна. Асуугаад байгаа уулзалтаар чинь хүмүүст сонирхуулчихаар нарийн ширийн зүйл яриагүй дээ.

-Бас нэг сонирхолтой хүнтэй уулзсан байсан. Сангийн сайд асан С.Баярцогттой хэдхэн хоногийн өмнө уулзжээ. Та хоёрын тухайд МСДН-ынх, хамт засагт ажиллаж явсан. С.Баярцогт одоо АН-ын дарга болно гэээд идэвхтэй ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Зүтгүүлээд, дэмжээд байгаа хүмүүс нь ч ил болж байх шиг. Мэдээж, тэр талаар ярьсан байж таарна даа?

-Би С.Баярцогтыг хэн зүтгүүлээд байгааг мэдэхгүй. Бид хоёр уулзсан биш тааралдсан. Товчхон санаа бодлоо солилцсон. Бас л тийм нарийн зүйл яриагүй. Бид хоёр чинь уулзаагүй удсан байна билээ. Элдвийн юм болоод 2016 оноос хойш уулзалдаагүй байсан.

Ер нь өөрийн чинь хэлээд байгаа уулзалтууд АН-ыг эвлэрүүлээд сүйд болох боломж хомс л доо. Учир нь биднээс болж АН хагарсан зүйл байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

БОЛД [109.252.54.30] 2022-12-06 15:59:54

ИРЭЭДУЙ ТУЛНУ ГЭЭД ЧИНИЙ ТА.ВЬСАН УРИЙГ НЭГИЙГ НЬ АРАЙ ГЭЖ ТУЛЖ ЭХЛЭХЭЭР НЭГ ИХ БААТАР БОЛСОН ЮМ ШИГ ХУЦАХАА БОЛ.ЬЖ ИЧИЖ АМЬДРААЧ

чимэд [124.158.65.233] 2022-12-06 12:23:04

Алтанхуяг минь чи согтуу байхдаа ярилцлага өгсөн юмуу Ярилцлагаа өөрөө уншаад үздээ.Ийм орон гаран үг ярьж суух хүн чи байгаагүй профессор багш хүн шүүдээ.Нэг мөн гээд 2 минутын дараа биш гээд бантан болсон яриа өгчээ.Та нар муудалцсанаа нуух ямар хэрэгтэй юмбэ Шоронд орох болчихоод байцаагдаж явахдаа хамгийн муу үгээ хэлж л явсан шдээ.Яаж муудалцаагүй байх вэдээ.Эрдэнэ чамайг намаасаа ҮБХ-оороо оруулаад хөөчихсөн одоо тогтоол нь байнашдээ чамайг буцаагаад авсан шийдвэр гараагүй. Чи тэгээд юун гишүүн байх вэдээ.Байшингаас түлхээд гаргачихсан.Чи ядаж байшингийнхаа сүүдэрт ч сууж чадахгүй байнаАрд түмэн Элбэгдоржид үнэн голоосоо дургүй болсон учраасчамайг УИХ-д оруулсан,Н.Энхбаяр яг мөн адил .Сонгуулийн хороо зөвшөөрсөн бол УИХ-д бас л шууд сонгогдох байсан.Харин одоо чи АН-тайгаа зууралдахаа боливол чамайг дахиад хэнч харж үзэхгүй.Эсвэл МАН-д элсвэл чи УИХ-д бас гарцаагүй сонгогдоносайн бодоорой Чи аль нэг намын эрх ашгийг хамгаалах биш УИХ-д орж иргэддээ дуу хоолой болох нь гол биздээ

irgen [66.181.176.27] 2022-12-06 11:39:35

neg l ih uhaantai tsarailsan bolovson luivarchih. Humuusiig teneg geed basamjilnaa bas.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.