Б.Нетаньяху эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулснаа мэдэгджээ
ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын Ерөнхий сайдаар томилогдсон Биньямин Нетаньяху эвслийн шинэ засгийн газрыг эмхлэн байгуулсан талаараа лхагва гаргийн орой мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрыг эмхлэн байгуулах хугацаагаа дуусахаас хэдхэн минутын өмнө “Twitter” хуудсаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийжээ.
Израилын Ерөнхийлөгч Исаак Херцогт шинэ засгийн газрыг амжилттай эмхлэн байгуулсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн талаар Б.Нетаньяхугийн барууны үзэлт “Ликуд” нам тусдаа мэдэгдэл гаргасан байна.
“Ликуд” нам одоогоор хэт баруун үзэлт гурван нам тэргүүтэй таван түншийнхээ дөрөвтэй нь эвслийн хэлэлцээрт хараахан гарын үсэг зураагүй байгаа ажээ. Израилын хууль тогтоомжийн дагуу шинэ засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 2-нд тангараг өргөх ёстой.
Б.Нетаньяху эвслийн түншүүдийнхээ дэмжлэгийн хариуд тавьсан шаардлагыг нь биелүүлэхээр сүүлийн хэдэн долоо хоногт ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Израилын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан тэрбээр ердөө нэг жил хагасын өмнө албан тушаалаасаа огцроод байсан юм.
Израилд 11 дүгээр сарын 1-ний өдөр парламентын сонгууль явагдсан бөгөөд сүүлийн дөрөв хүрэхгүй жилийн хугацаанд явагдсан тав дахь удаагийн сонгуулиар Б.Нетаньяхугийн “Ликуд” нам болон түүний холбоотнууд парламентын 120 суудлын 64-ийг авсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл