Л.ЦЭРЭНДОЛГОР: ИХЭНХ ХҮМҮҮСТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕИЙН НОЙРНЫ ЭМГЭГ ТОХИОЛДОЖ БАЙНА
СЭМҮТ-ийн эмч Л.Цэрэндолгортой нойргүйдлийн шалтгааны талаар ярилцлаа.
-Нойроо бүрэн авах нь хүний биед ямар хэрэгтэй вэ?
-Нойрны тусламжтайгаар бид алдагдсан эрч хүчээ нөхөж авах, маргааш өдрийг үр бүтээлтэй мажилттай давах, бие сэтгэцийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн энергийн эх үүсвэр болдог. Гэтэл сүүлийн үед техник технологийн хурдтай хөгжил, дэлгэцийн хамаарал, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нойргүйдэл их болсон. Олон улсын судалгаагаар жилд 64 сая хүн нойрны асуудлаас болж шаналж байдаг. Мөн хангалттай сайн унтаж амарсан хүний хажууд унтаж амарч чадаагүй хүний ажиллах хурд 14 хувиар буурч, алдаа гаргах нь 20 хувиар нэмэгддэг гэсэн тоо баримт бий. Ер нь л гурван хүн тутмын нэг нь ямарваа нэгэн байдлаар нойрны асуудалтай байна гэж үзэж болно.
Хүн хангалттай сайн унтаж амрах нь тархины үйл ажиллагаа, зүрх судасны систем, дархлаа болон дааврын зохицуулалт, хоолны дуршил зохицуулах системүүд хэвийн ажиллах нөхцөл нь бүрддэг.
-Хүн хангалттай сайн унтаж амраагүйгээс болж ямар эрсдэл үүсэх вэ?
-Ойрын болон урт хугацаандаа олон сөрөг нөлөөтэй. Тухайлбал, тархины үйл ажиллагаа хямарснаас ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт алдагдах, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар буурснаас стрессийг даван туулах чадвар нь буурах, амархан уурлаж бухимдах, цочимтгой болох шинжүүд илэрдэг. Яваандаа сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд хүргэдэг. Цаашлаад зүрх судасны үйл ажиллагаа алдагдсанаас артерын даралт ихсэх өвчинтэй болох, халдварт өвчинд нэрвэгдэх нэг үндэс нь болдог. Нойргүй удаан явснаар хавдар тусах эрсдэл ч нэмэгдэж байдаг.
-Хүн өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ?
-Наснаас хамаараад нойрны өөрчлөлт янз бүр. Нярай хүүхэд өдөрт 20 цаг хүртэл унтана. Нас дээшлэх тусам хүүхдийн хувьд 14-12 цаг гэж буурч явсаар нас биед хүрсэн хүний өдөрт унтах дундаж хугацаа 6-8 цаг байвал хэвийн нойр гэж үзнэ. Өдөрт дөрвөөс бага цаг унтана гэдэг нь өөрөө асуудал. Нас ахих тусам нойрны хэмнэл багассаар 4-6 цаг болдог. Энэ бол жам ёсны үзэгдэл. Өдөрт 15-30 минут хөнгөн нойр авах нь хөдөлмөрийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.
-Ковидын дараахь нойргүйдэл ихэссэн гэсэн. Хэдэн хувь нэмэгдсэн бэ?
-Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг их тохиолдож байна. Иймээс коронасомни гэдэг нэр томьёо хүртэл гарсан. Жишээлбэл, Итали улсад нойргүйдлийн түвшинг их сургуулийн оюутнуудын дунд судлахад коронавирусийн халдвар гарахаас өмнө 18 хувь байсан бол халдварын дараа 40 хувь хүртэл болж өссөн байна. Энэ нь тус халдварын үед нойрны эмгэг хамгийн их илэрч байгааг харуулж байна. Мөн БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн хийсэн судалгаагаар “Ковид-19” туссан хүний нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна. Энэ судалгааг “Ковид-19”-ийн PCR шинжилгээ өгсөн 300.000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ. Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна. Манайд ч энэ төрлийн шалтгаанаар үзүүлэх үйлчлүүлэгчид 30-40 хувиар нэмэгдсэн.
-Нойргүйдлийн үед ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ. Зарим хүмүүс эм уусаар байгаад эмгүй бол унтаж чадахгүй болчихлоо гэдэг?
-Коронавирусийн халдварын дараахь хам шинж 1-6 сар хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Коронавирусийн дараах хам шинж нь заавал хэвтэн эмчлүүлэх, эсвэл эмийн эмчилгээ хийлгээд байх шаардлагагүй юм. Ялангуяа нойргүйдлийн үед. Үүнд эмийн эмчилгээнээс илүү эмийн бус арга хэмжээг нэн түрүүнд хэрэглэдэг. Тухайлбал,
Нэгдүгээрт, нойрны эрүүл ахуйг хэвшүүлэх буюу өөрийн унтах орчныг бүрдүүлэх. Унтлагын өрөө сэрүүн, харанхуй байх хэрэгтэй. Өрөөнд янз бүрийн зурагт компьютер зэрэг зүйлс байх ёсгүй. Унтлагын өрөөнд зөвхөн унтах процесс л явагдах ёстой.
Хоёрдугаарт, унтахаасаа өмнө агаар салхинд алхах, хөнгөхөн дасгал хийх зэргээр аль болох эмгүй байдлаар нойргүйдлийг эмчлэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, та өөрийн ямар ч эмгэг өвчнийг бусдын үгээр, бусдын амаар бүү онош тавьж, өөртөө дур мэдэн эмчилгээ битгий хийж байгаарай. Таны бие энэ ертөнцөд цор ганц шүү дээ. Хүн хүний бие махбод, физиологи өөр тул та бусдын туршилт болох ёсгүй. Иймд мэргэжлийн хүний үгийг анхаарч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай гэж зөвлөе.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл