У.Хүрэлсүх: "Хүнсний хувьсгал"-д 1.7 их наядын хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн

Aдмин / Улстөр

Төрийн ордонд өнөөдөр /03.03/ Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр "Цар тахал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, томоохон сорилт, бэрхшээл учраад байна. Цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг. Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.

Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Энэ хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.Төрийн тэргүүн ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, малын өвчингүй эрүүл бүс бий болгоход шаардлагатай бодлого, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох, үр дүн гаргах чиглэлээр мал аж ахуйн үйлдвэр, малчид, баялаг бүтээгчидтэйгээ уулзана.

Ялангуяа, нүүдлийн мал аж ахуйн салбарыг эрчимжсэн мал аж ахуйн салбартай зохистой хослуулан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх, хөрсөө хамгаалах, цаашлаад монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой чухал юм.Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.72.253] 2023-03-04 19:13:03

нэг тэрбум мод тариад дуусцан кофи анантай уулзсан одоо шинэ ажил эхэлж байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.