Халуухан өрнөх хаврын чуулган айсуй...

Aдмин / Улстөр

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ чуулганаар олны анхаарлыг татсан нэлээд асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүдийн ойрын хамаарал бүхий хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд томилох хийгээд эдгээр албан тушаалтнуудын эзэмшдэг компанийг төрийн тендерт оролцохыг хориглох хууль ээлжээ хүлээж буй. Уг хуулийг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх байсан ч үлдээсэн байдаг.

Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Энэ хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны аравдугаар сард өргөн барьсан. УИХ өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас "5 Ш" ажиллагааг зарласан. Эхнийх нь "Шүгэл" ажиллагаа. Тэр утгаараа уг хуулийн хэрэгцээ бий болчихоод байгаа гэсэн үг.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль байна. Төслийг санаачлагчид хийгээд эрх баригчид Норвеги, Сингапур зэрэг 100 гаруй улс орны баялгийн сангийн туршлагыг "монголчлох" байдлаар уг хуульд оруулахаар болсон. Монгол Улс баялгийн сангаа хэрхэн бүрдүүлж, зарцуулахаас эдийн засаг, гол нь хүний хөгжлийн асуудал шууд хамаарна. Дээрээс нь өнгөрсөн 2022 онд эрчимтэй өрнөсөн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийн дүнд оны сүүлч гэхэд эдийн засагт эерэг үр авчирсан. Энэ нь Баялгийн сангийн хүлээлтийг зүй ёсоор бий болгоод байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яригдах нь бараг тодорхой боллоо. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоо руу явах талаар эрчимтэй ярьж байна. Үүн дээр улс төрийн намуудын байр суурь нэгдэж буй бололтой. УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлж байгаа эрх баригч намын удирдлагууд ч "...Тоглоомын дүрмээ та бүхэн зохио. Алийг нь ч дэмжинэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Энэ мэтийн цаг нь тулсан, хэрэгцээ нь нэгэнт бий болсон хуулийн төслүүд хүлээгдэж байна. Гэхдээ ямар хуулийг хэзээ хэлэлцэх вэ гэдэг эрэмбэ дарааг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэж баталдаг номтой.

Хаврын чуулганыг улам халуун болгох олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй нэг асуудал бий. Тэр нь чуулганы эхэнд зайлшгүй яригдана. Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын хоёр гишүүн чуулган завсарлах үеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. "...Тэдний хүсэлтийг чуулганы эхэнд хэлэлцэнэ" хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн. Ер нь бол нүүрсний хулгайн эргэн тойрон дахь асуудал хаврын чуулганы ч, хаврын улс төрийн ч гол сэдэв нь байх бололтой. Ийн УИХ-аар гишүүдийн бүрэн эрхийг авч хэлэлцэх бол "...Ийм хүсэлт өгөөгүй гишүүд нүүрсний хулгайг босгож ирж, зуурчихаад байгаа Засгийн газартай тооцоо бодохоор зэхэж байна" гэсэн яриа тарж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр жагсаал зохион байгуулсан гэх асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ уяач улстөрчид, шүүгч нартай сэм уулзах болсон гэж улс төр, хууль хяналтынхны дунд яригдаж байна.

Бас цагаан сарын үеэр нүүрсний хулгайд холбогдсон хүмүүс золголт нэрээр зогсоо зайгүй "чухал" уулзалтуудыг хийжээ. Ийм үйл ажиллагааг нэгэн банкны эзэн голлож зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Гэхдээ олон нийтийн зүгээс нүүрсний хулгайд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн энэ хэрэгт шүүгч нар, прокуроруудын хэрхэн хандаж буй дээр ихээхэн анхаарал тавьж байгаа юм. Тэр утгаараа, энэ хаврын улс төр Төрийн ордны дотор ч, гадна ч нүүрсний хулгайтай холбоотой өрнөх бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Иргэн [192.82.86.175] 2023-03-08 00:14:57

УИХ-н гишүүдийн халуухан нууц амрагуудын тухай бичээч ээ!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.