Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд
УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан. Мөн чуулганы эхэнд гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч ярих бололтой. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс санал асуулгын дүнг нэгтгэж, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн. Түүнийг мөн хаврын чуулганаар хэлэлцэх учиртай. Ийнхүү удахгүй нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан хуулийн төслүүдийг онцлон хүргэж байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САН БАЙГУУЛНА
Аялал жуулчлалын тухай хуулийг парламент 20 жилийн дараа шинэчлэн найруулах гэж байна. Шинэчилсэн найруулгад тусгасан гол заалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах юм. Сангийн төсвийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацын үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлнэ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, тус холбоо нь аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаа удирдана. Тухайн санд төвлөрсөн мөнгөнөөс нүхэн жорлон, дэд бүтэц, цахилгааны шугамтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хөгжил рүү чиглэсэн тодорхой хэмжээний төсвийг гаргахаар хуулийн төсөлд тусгаад байна.
КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэлнэ. Казино байгуулах тухай асуудлыг манай улс олон жил ярьж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм. Харин энэ удаад Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөшигийн хөндийд казино байгуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн хуулийн төсөл болон дагалдан орж ирсэн Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд парламентад танилцуулж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм. Тэгвэл хаврын чуулганы бас нэг онцлог хуулийн төсөл нь Казиногийн хууль байх нь ээ.
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО
2020 оноос гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуультай болохыг иргэд дэмжиж гарын үсэг цуглуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ингээд 2021 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан гэрийн тэжээвэр амьтнаас шалтгаалан нийгэмд, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон асуудал үүсдэг болохыг харгалзан үзэж хуулийн төслийн санаачлагчаар ажиллахыг хүссэн байна. Энэ нь хуулийн төслийг анх удаа иргэдийн төлөөллийг оролцуулан УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдол болсон. Энэхүү хуулийн төсөл нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулах зорилготой байна. Энэхүү анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ.
ТЭТГЭВРИЙГ ЖИЛ БҮР ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН НЭМЭГДҮҮЛНЭ
Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Мөн тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг таван жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл